2010年1月15日金曜日

Өөрийгөө бодох нь хүний төрөлх чанар
(“Нэг нь нийтийн төлөө”юу? “Нийт нь нэгийн төлөө” юу? аль эсвэл “Өөрөө өөрийнхөө төлөө” юу?)

Бидний өмнөх ширээн дээр буй хоол унд махны худалдаачин, шар айраг исгэгч, талхчдын сайхан сэтгэлийн биш харин тэдний хувиа хичээсэн үйлдлийн үр дүнд бий болдог.

Адам Смит

Коллективист хүн бусдаар амьдардаг бол индивидуалист хүн өөрөөрөө амьдардаг.

Айн Рэнд


Эгоизмийг хамгаалсан энэ өгүүллийг минь арчаа­гүй зан тө­лөвтэй олон хүн өөрсдийн өөдгүй үйлдлийг цагаатгах да­лим болгон ашиглаж таарах биз. Үнэн­дээ би энд Айн Рэндийн Эх сурвалж романд гардаг шиг хувь хүнийг дээдлэх утгаар эгоизмийг хам­гаалж буй болохоос тэдгээр өчүү­хэн амьтдад өгөөш өгөхийн тулд үүнийг бичиж буй хэрэг биш л дээ. Хүн бүрийн сэтгэх чадварт то­хируулан бичих чадвар алга, ун­шиж буй хүмүүс өөрт заяасан сав­ны хэмжээгээр утгацгаана биз.

Эх сурвалж романд ёс зүйн нормуудын тухай бид­ний ойл­гол­тыг өөрчлөх олон са­наа байдгийн нэг нь хувь хү­нийг дээдлэх хийгээд хамт олныг дагах, өөрийгөө бо­дох хийгээд өөрийгөө зо­лих үзлийн харь­цааны асуу­дал байлаа. Өөрий­гөө бодох буюу эгоизмийн тухай хам­гийн гүнзгий судалгаа­тай та­нин мэдэхүйн салбар бол мэ­дээж этик юм. Гэхдээ бид ёс зүйн ойлголт-ёс сур­та­хууны хүмүүжлээ заавал Арис­то­те­лийн Никомахын этик, Дун­дад зууны шашны мо­­ралистуудын сургаал, Кантын императив, Мурын Этикийн зарчмууд гээд фи­лософийн утга зохиол ун­шиж байж олж авдаггүй. Ёс сурта­хууны төлөвшилд гэр бүлийн орчин хамгийн их нөлөө үзүүл­дэг гэж бод­дог. Түүнээс гадна уран зо­хиол ч гэсэн бахархан дуу­риах, жигшин зайлсхийх зан тө­л­вийн талаархи бодол эргэ­­цүүллийг бидэнд өгдөг би­лээ.

Ан амьтны тухай үлгэр сон­­соод сууж буй хүүхэд бага наснаасаа юуг сайн, юуг муу хэмээдэг, ямар зүйлийг хийж болдог, ямрыг нь эс болдог талаар өөрийн төсөөлөлтэй болж эхэлнэ. Үлгэр домгоос авч эхэл­сэн ёс суртахууны хүмүүжлийн үр хөврөл Жюль Верн, Алек­сандр Дюма, Майн Рид, Ч.Лодой­дамбын зохио­луу­дад гардаг янз бүрийн дү­рүү­дээр улам гүнз­гийрдэг билээ. Гэтэл саявтар Айн Рэндийн Эх сурвалж рома­ныг унштал ёс суртахууны норм, хэм хэмжээг эрс өөр өнцгөөс харж хүний зан төлөв, үйлийг гаргасан байх аж. Энэ роман ёс сурта­хууны хэм хэмжээний ту­хай миний ойлголтыг улам гүнзгийрүүлж, их зүйл эргэ­цүүлэхэд хүргэлээ. Энэ номыг уншсанаараа дээрх сонгодгуу­дын бүтээлд сайн муугийн ту­хай ойлголт, болох болохгүйн импера­тив хэтэрхий хялбарч­лагдсан болохыг олж харав.


“Нэг нь нийтийн төлөө”-гийн тухайд

Өмнөх нийгмийн үед Горь­кийн Данко мэтийн хүмүүс бид­ний үлгэр дуу­риал болж байлаа. Зүрхээ суга татаж харанхуйг гэрэл­түүлэн бусад хүмүүст явах замыг зааж өгдөг нэгэн. Гэхдээ бид Данко яагаад хүмүүст таа­лагд­дагийг ну­хац­тай эргэцүүл­дэггүй байж. Үнэндээ Данко маань хүн бүрийн хувиа хичээх сэтгэлийг хангаж, өөрийгөө бодох бололцоог нь хэрэг­жүүлж өгсөнд хүмүүс талар­хаж байгаа юм. Бусад хүн­тэй адил өөрийгөө бодох эрхтэй нэгэн өөрийгөө зо­лио­солсонд алга ташиж, баяр хүргэдгээрээ альт­руизм харгис шинжтэй. Хувь хүнийг нийгмийн эрэг шураг, бусдын төлөө зо­лиос­логдох ёстой золиг-барам мэтээр үзнэ. Ийм харгис үзэл онолыг үндэс сууриа болгосон хоёр ний­гэм бол нэг нь ажилчин ангийг дээдэлдэг комму­нист, нөгөө нь ари үндэст­нийг дээдэл­дэг фашист нийгмүүд болно.

Өөрийгөө огоорохуй нь юу хийж байгаагаа ухам­сарла­даггүй, байгалиас өгөгд­сөн ко­донд захирагдаж байдаг амьтанд л их байдаг үзэгдэл. Харин хүнд өөрий­гөө бодож бай гэж оюун ухаан заяасан байдаг аж. Эх сурвалж романд гардаг нэ­гэн баатар өөрийгөө огоо­рогчийг хараад “хүний мөн ча­нарт харш л юм даа” хэ­мээн бодлогош­ронгуй хэл­дэг. Тэрхүү өөрийгөө огоо­рогч нь хувь хүний үүдэлтэй юм бүхнийг нухчин дарахын тулд хамт олонч үзлийг баримтална. Романд гарах энэ аймшигт дүр өөрийгөө хайрладаггүй хүн бусдыг хайрлана гэж огт бай­даг­гүйг яваандаа харуулдаг. Түүнийг харсан хэнд ч гэ­сэн “өөрийгөө хайрладаггүй энэ хүн намайг хайрлана гэж үү дээ” гэсэн эргэлзээ өөрийн эрхгүй төрмөөр. Түүхэнд их хядлага үйлдсэн аливаа хувьсгалчид иймэр­хүү фанатикууд байсан билээ. Түүхэй хэмээх тэр кол­лек­тивист хамт олны дунд оюун ухаан, авъяас чадвар, зан чана­раараа хэн нэг нь давамгайлж байдгийг анзаараагүй. Хамгийн кол­лек­тивист хүн болох өөрөө хүртэл коллективистуудын дунд хувь хүний шинжээрээ давам­гайлснаа мэддэггүй.

Хэр баргийн эрүүл ухаан­тай хүн өөрийгөө бо­лон гэр бүлээ хаячхаад нийтийн төлөө зүтгээд байх­гүй дээ. Тэр тусмаа өөрийнх нь амьдрал тийм бо­ломж­той биш байхад бус­дын төлөө гүйгээд байх шиг утгагүй, авцалдаагүй зүйл гэж хаа байх билээ. Бас­тиагийн хэлснээр “Нэг нь нийтийн төлөө” гэчхээд араас нь хурдхан шиг “Нийт нь нэгийн тө­лөө” гэхгүй бол хэн ч энэ уриа лоозунг сонсохыг хүсэхгүй биз. Ер нь боол хүн л бусдын төлөө явах сэтгэхүй, хувь тави­лантай төрсөн байдаг. Түүнд “Эго-Би”-гээ бодох эрх байхгүй. Эрх байсан ч түүнийхээ төлөө тэм­цэх санаа-сэдэл оюун ухаанаас нь арчигдсан байдаг. Ин­гээд тэрээр юуны түрүүнд оюун са­наа, ухамсраараа боол байдаг уч­раас “боол гэдгээ ухамсар­ла­сан боол хэдий­нээ боол биш бол­сон бай­даг” гэдэг нь үнэн юм шүү.

“Нэг нь нийтийн төлөө” гэдэг энэ зарчим тийм олиг­той утга агуулдаггүйг харуу­лахын тулд асуудлыг арай өөр талаас харж болно. Жишээ нь, би өөрөөсөө арай арчаа муутай хэдэн хүний төлөө нэлээд удаан хугацаанд зүтгэж гэж са­ная. Нэг л өдөр надад “би эднээс илүү юм байна, тийм учраас энэ хэд миний үгээр явах ёстой” гэсэн бодол төрж л таарна. Ингэж бодох эрхийг тэд өөрсдөө надад өгсөн юм чинь. Тэгээд нөгөөдүүлдээ зааж заа­варлан тушаал өгч эхэлнэ. Би ингэх эрхтэйгээ сайн мэднэ. Учир нь тэд надаар юмаа хийл­гэдэг. Яг ийм шалтгаанаар улс төр­чид дээрх лоозунд их дур­тай байдаг юм. Сонгогчид нь хувиа бодсондоо өөрийг нь зарах гээд байгааг мэдэж байгаа учраас улс төрчид “Би та нарын төлөө амь хайргүй зүтгэнэ”, “та нарын зовлон шаналлын төлөө би ша­тах­гүй юм бол өөр хэн шатах вэ” гэж сүржигнэнэ. Гэтэл ингэж ярьж буй хүний үзэл бодол, үг хэл, үйл хэрэг гурав нь хоо­рондоо зөр­чилдөж байд­гийг сонгог­чид анзаардаггүй. Тэр хү­ний үг хэл нь үзэл бодолтойгоо таарч байж ма­гад­гүй. Энэ бол бага хэрэг. Хамгийн гол нь үг хэл, үзэл бодол хоёр нь үйл хэрэг­тэйгээ таарах ёстой. Жи­нхэнэ шалгуур бол үйл хэрэг. Түүнээс биш сайхан юм ярьж, сайн зүй­лийн тухай бодож мөрөө­дөх шиг амар­хан юм хаана байх билээ.

Ярьж байсан зүйлдээ эргэн ороход, энэ бүхнээс гадна надад тэр арчаагүй нөхдийн төлөө гүйх нууц шалтгаан байсан юм. Үүний­­­гээ өөрөөсөө ч нууж бай­сан болохоор тэд мэдэх­гүй байх нь аргагүй л дээ. Тэр бол “Одоо би эдний төлөө явах юм бол хожим нь эд миний төлөө хо­шуурц­гаана” гэдгийг би мэдэж байсан билээ. Тэгэхээр энд бас л өөрийгөө бодох сэтгэл маань давамгайлсан хэрэг. Товчоор хэлбэл, би өөрий­гөө бодсондоо бусдыг бод­сон юм.


“Нийт нь нэгийн төлөө”-гийн тухайд

Энэ уриа яагаад хү­мүүст сайхан сонсогддог вэ гэвэл хүн бүр л тэр “нэг” гэдгийн дор өөрийгөө ойлго­дог. Нийт хүмүүс миний төлөө зүтгэх уриа-лоозун дэвшүүлж байна гэж бодо­ход сайхан байдаг. Бас л эгоизм. Ийм моралийг эсэр­гүүцэх юм бол сүүлд нь яах юм, хүнээс туслалцаа авч чадахаа болино шүү дээ. Хүн юм өгвөл аваад байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хүнээр юмаа хийлгэх, хүн монжих, хүний араар суудаг, бусдын нөөлгөн дор амьдрагсад энэ лоозунд их дуртай. Тэгэхээр энэ уриаг үгүйсгэх нь амьдрах аргыг нь устгана гэж байгаатай утга нэг сонсогддог тул харин ч нэг үхэн хатан үзэлцэхээс өөр арга байх­гүй.

Улс төрчид ч энэ лоо­зунг өөрсдөдөө унацтай ашиглахаа мөн л мэддэг. Тэд энэ лоозунг ашиглаж байгаад улсын сан хөм­рөгөөс буянтны дүр гарган өглөг тарааж эхэлдэг. Улс­төр­чид л “улсын мөнгө”, “төрийн мөнгө” гэсэн үг хэрэглээд байдаг боло­хоос уг нь тийм мөнгө гэж хаана байхав дээ. Жинхэнэ утгаа­раа мөнгө гэдэг бол улс төрийн биш эдийн засгийн ухагдахуун гэд­гийг мэддэг­гүй. “Үнэгүй хоол гэж бай­даг­гүй” гэдэг зарчим нь тэдний хувьд хамгийн аюул­тай утга илэрхийлдэг. Мөн­гө гэдэг хэн нэгний хүч хөдөлмөр, цаг хугацаа биш харин хаа нэг газар ургаж байдаг ургамал ногоо мэ­тээр төсөөлдөг хүмүүс. Тийм учраас ч их өгөөмөр дүр гарган иргэдийнхээ хармаанаас мөн­гийг түгээж эхэлдэг. Үрэн таран хийж буй энэ баялгийг өөрсдөө бүтээгээгүй болохоор ар­вилах, хэмнэх бодол тэдний хүйтэн цэвдэг сэтгэлд даан ч орж ирэх­гүй. Нэгнийх нь хармаанаас авч нөгөөд нь өгч байгаа зүйл үнэгүй зүйл гэж үү. Дахин хэлэхэд, “үнэ­гүй хоол гэж хаана ч байдаг­гүй.”

Улс төрчид “нийт нь нэгийн тө­лөө”-д дуртай бай­даг өөр нэг бодит шалтгаан бий. Магадгүй энэ нь хам­гийн гол шалтгаан байх. Тэд энэ урианы дор асар их хөрөнгө, мөнгийг хуваари­лан зарцуулахдаа өөрсдө­дөө маш их зүйл унагахаа мартахгүй. Үүнийг нь шүүмж­­лэх юм бол ур­даас “Би ч гэсэн энэ нийгмийн нэг гишүүн юм байгаа биз дээ. Бид ч бас хүн шүү” гэх маягийн юм ярина. Эрээгээ алдсан хү­мүүс шүү, наад улс төрчид чинь.


“Өөрөө өөрийнхөө төлөө”-гийн тухай

Бидний дунд тогтсон ойл­голт, зарчмын үүднээс энэн шиг зэвүүн, муухай сонсогддог уриа гэж байх болов уу? Хувиа хичээх үзэл! Бодож эргэцүүлэх ч шаард­лагагүй, муу муухай, өөдгүй гэдэг нь алган дээр байгаа юм шиг ил зарчим.

Гэтэл хүн угаасаа амиа боддог мөн чанартайг хүн тө­рөлх­тний туршлагаар хамгийн дэвшилтэт болох нь батлагдсан нийгэмд хү­лээн зөвшөөрдөг. Соёлжиж иргэншсэн нийгэмд хувь хүн болоод түүний өөрийн­хөө төлөө байдаг шинжийг хү­лээн зөвшөөрдөг билээ. Адам Смит аль хэдийнээ “Хүн өөрий­гөө л боддог” мөн чанартайг хэлсэн боловч хүмүүс үүнийг ёс зүйн үүд­нээс нэг их анзаараагүй явсаар ирсэн юм шиг са­нагд­даг (Лав л миний унш­сан зохио­луудад эдийн зас­гийн утгаар авч үзсэн бай­даг болохоос ёс зүйн ана­лиз хийсэн нь тааралдаа­гүй). Гэтэл амиа бодохуй нь капи­тализмын үндэс, өөрөөр хэлэх юм бол, өнөө­гийн дэлхийн хөг­жил, тэр­гүү­ний техник, техноло­гийн үндэс гэсэн үг.

“Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” гэсэн уриа нь хүмүүсийг өөртөө биш бусдад найддаг, тэгс­нээрээ амьдралдаа арчаа­гүй хүн болгож, улмаар улс-орныхоо хөгжилд муугаар нөлөөлдөг гэдгийг мэддэг болов уу! Хэрэв энэ хүмүүс үнэхээр улс-орон, ард түмнээ хөгжүү­лэхийг хү­сээд байгаа бол юуны тү­рүүнд өөрсдийгөө болгох хэрэг­тэй. Тэгж чадвал бус­­дад, эх орон-ард түмэндээ үнэхээр том тус болно.

Одоо амиа бодохуй хэ­мээх муухай үзэгдлийг Эх сурвалж романд гардаг ут­гаар авч үзье. Энэ романы гол баатар Роарк хэмээх нэгэн эрэлхэг эр өөрий­гөө “эгоист” гэдгийг илээр шууд зарлан тунхагладаг. Түү­нийхээр эгоист хүн амжилт бүтээлээ төдийгүй алдаа дутагдлынхаа хариуцлагыг өөрөө үүрдэг. Эрх чөлөөт нөхцөлд гаргасан шийд­вэрийнхээ үр дүнг өөрөө бүрэн хариуцдаг хүн бол эгоист. Тэ­рээр амьдралдаа гаргасан ам­жилт ч минийх, алдаа ч бас минийх хэ­мээнэ. Эгоист хүн “Өөрөө өөрийгөө даая, нэг нэгэн­дээ тээр болохоо больё” гэдэг. Тэд хэн нэг дарга, тэр тус­маа хамт олон минь ирээд намайг аварчих болов уу хэмээн харж суудаггүй. Өөрөө өөрийнхөө төлөө тэмцдэг.

Энэ бүхнээс харахад хүмүү­сийн нэгнийхээ тө­лөө хийж болох хамгийн сайн үйл бол бусдын хэрэгт оролцохгүй байх явдал юм. Хэн нэг нь миний төлөө хэчнээн сайн сайхан зүйл хийх байлаа ч гэсэн заавал миний зөвшөөрлийг авсан байх ёстой хэмээх либер­тари зарчим бол ёстой л хаширсан хүний үг. Бид түүхэнд байсан олон “сайн удирдагчдыг” харсан. Бүгд ми­ний сайн сайхны төлөө гэсэн лоозунтай гарч ирдэг. Тэр ч бүү хэл зарим нэг сайн сайхан зүйлийг хийж байсан. Гэхдээ л эцэстээ би түүний тусын ха­риуд эрх чөлөөгөө өгөх хэрэгтэй болдог. Ийм учраас либер­тари үзэлтнүүд хүний хэ­рэгт оролцох хийгээд өөрийнхөө хэрэгт бус­дыг оролцуулах дургүй байдаг юм. Харин улс төрчдийн хийдэг үндсэн ажил нь хүний хэрэгт орол­цох, удирдах, зааж заа­варлах явдал билээ: “Со­циалист улс төрчид боло­хоор ямар хув­цас өмсөх, биеэ яаж авч явахыг зааж таны ээж шиг аяглана. Кон­серватив улс төрч болохоор бүхнийг мэдэж, сургаал айлдан аав шиг чинь аашил­на. Ком­мунист улс төрч болохоор хэзээ ч алгадаад авч мэдэх хойд аав л гэсэн үг. Тэгвэл либертари үзэлт­­нүүд таныг гаргасан шийд­­вэрийнхээ хариуц­ла­гыг бүрэн хүлээж чадах нас биенд хүрсэн хүн хэмээн үзэж, таны хэрэгт үл орол­цоно.” Дашрамд хэлэхэд энэ сэдэвтэй холбоотой санаануудыг “Өөрийн­хөө­рөө амьдрах, бусдад тэгж амьдрах бололцоо өгөх” (Либерта­риа­низ­мын алтан дүрэм), “Либер­тари тунхаг” (Эрх чөлөөт хувь хүний амьдралын хэв маяг, зар­чим), “Ноорхой дээл шиг болсон ардчилал” (Ардчи­лал бол эрх чөлөөний дай­сан), “Хам­тач ёсны эсрэг боссон хувь хүн” болон хар тамхи, биеэ үнэлэх, сууд­лын даруулгаа бүслэх эсэх­тэй холбоотой бичсэн өгүүл­­­лүүд, Д.Боазын Либер­тариа­низм номонд орчуу­лаг­­чаас бич­сэн өмнөх үг зэрэгт бичсээр ирсэн би­лээ. Уншигч таны зав зай чинь хүрэлцэх бол “Ардын эрх”, “Өдрийн сонин”-уудад гар­сан эдгээр өгүүлэл болон “Цаг төр, хүмүүс” сэтгүүл, /www.news.mn/, /www.libertari.mn/ вэйбсай­туу­дад миний алдаг оног хөтөлж буй либертари булан-гуудаас харж болно.

Уламжлалт ойлголтоор эгоист хүн өөрийнхөө төлөө ямагт бусдыг зольж байдаг. Гэтэл жинхэнэ эгоист болох Роарк хэзээ ч бусдыг өөрийн өөдлөх замын шат гишгүүр болгож байгаагүй. Ийм өөдгүй зүйлийг “Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” хэмээн хаш­гирагсад л хийдэг. Роарк бусдын эрх ашгийг хөндөж, хүнд муу зүйл хий­хээс ямар ч то­хиол­долд зайлсхийнэ. Тэрээр бусад хүн ч гэсэн өөр шиг нь эрх ашигтай гэдгийг мэддэг би­лээ. Би өөрийгөө бодож байгаа юм чинь бусад хүнд ч гэсэн өөрийгөө бодох эрх бий. Би өөрийн эрх ашгийн хүрээ рүү хүнийг оруу­лах дургүй байдагчлан тэр хүн ч гэсэн өөрийн эрх ашгийн хүрээ рүү хүн оруулах дур­гүй л байж таараа. Энэ бүхэн эгоист Роар­кийн үнд­сэн зарчим. Тэгэхээр жин­хэнэ эгоист хүн бусад хүн ч эгоист шинжтэйг ойлгож хү­лээн зөвшөөрдөг.

Роарк нэгэн удаа өөдгүй зантай захиалагчаас болж өөрийн босгосон байшинд маш их хэмжээний зардал гаргаж өөрчлөлт хийх шаард­лага гар­даг. Захиа­лагч “Энэ өөрчлөлтөнд чинь би нэг ч цент гаргаж ча­дахгүй. Тэгж хүсээд байгаа юм бол чи өөрөө хий” хэ­мээнэ. Өөрт нь ямар ч ашиг байхгүй, зөвхөн өөдгүй зан чанартай нэгэн этгээ­дийн байшинг гармонитой (эв зохицолтой) харагдуулахын тулд тэр төлбөрийг гаргадаг. Яагаад ингэв? Эгоист уч­раас энэ үйлдлийг хийсэн хэрэг. Архитектурт үнэнч эгоист сэтгэл нь ийм үйл­дэл хийхэд хүргэдэг. Чу­хамхүү эгоист учраас тэ­рээр Маллори, Кийтинг, Уайнанд нарт асар их “тус” хү­р­гэсэн бөгөөд өөрийнх нь хайр сэтгэлийн ээд­рээт ха­рилцаа ч мөн л энэ утгаар тайл­барлагдана. Гэтэл ямагт олонхийг дагаж, тэ­дэнд таалаг­даж, нийгэмд нэр хүндтэй байх дуртай хүн болох Кийтинг эхлээд эх­нэрээ Уайнандад, дараа нь өөрийгөө Роаркт худал­дахад хүрдэг. Коллек­ти­вист-коммун­лаг психологи­той хүн ийм сул зан чанар­тай байдгийг романд үзүүл­жээ.

Роарк Кийтингт хэлэх­дээ “Өөрийнхөө хувь заяа­тай хол­боотой асуудлыг хэзээ ч хүнээр бүү ший­дүүлж бай!” гэнэ. Энэ бол хариуцлагаа бүрэн үүрч чаддаг хүний үг юм. Гэтэл зарим хүнд бүх юмаа бус­даар заалгаж, хүний эрх­шээлд байх нь амар байдаг. Тэр хүмүүс өөрийнхөө төлөө хүртэл хариуцлага үүр­дэггүй. Боол байх нь зарим талаар амар шүү дээ. Романд Роаркийн үзэл са­наа хамгийн товч бөгөөд тодорхой илэр­хийлэгдсэн хэсэг бол түүнийг хоёр дахь удаа шүүх хурлаар оруулах үед хэлсэн үг нь юм: “Бусад­тай санал нэг байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч хүн бусадтай санал нийлдэггүй. Урсгал дагаж сэлэхийг буянт үйл гэж зааж сургаж байна. Гэтэл бүтээгч хүн урсгал сөрж сэлдэг. Хамтдаа байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч хүн ганцаараа байдаг. ...Ний­тийн сайн сайхан, үндэстэн, анги, төр гэдэг бол хүн ар­дыг дарлаж байсан бүх хар­гислалыг зөвтгөсөн нэр томъёо. Түүхэнд тохиолд­сон хамгийн аймаар зүйл болгоныг нигүүл­сэнгүй буян гэдэг нэрийн дор хийж бай­сан. Өөрийгөө огоорон бус­дын төлөө гэдэг нэрийн дор хийж байгаа болохоор хэн ч тэднээс хүн алах эрхтэй эсэ­хийн тухай асуудаггүй байсан. ...Хүн бусдынхаа төлөө хийж чадах ганц сайн зүйл, зөв зохист харилцааг илэрхийлсэн илэр­хийлэл бол ‘Бусдын хэрэгт бүү оролц!’”

Тэгэхээр та Эх сурвалж романаас өөрийгөө огоо­рохуйн эсрэг өөрийгөө бодо­хуй, хамт олонч үзлийн эсрэг хувь хүнийг дээдлэх моралийг хараарай. Энэ үзэл санааг бүгд таалахгүй нь мэдээж. Хүн стэйтизм, со­циализм, коммунизм гээд ямар үзэл баримтлах нь тэр хүний эрх. Түүнийг нь хүл­цэн тэвчихүй бол либер­тари үзлийн нэг гол зар­чим. Бүгдийг нэг хэв загварт оруулах явдал бол тоталь үзэлт­нүүдийн (тотали­тариа­нис­туу­дын) үйл хэрэг. Бо­лом­жийн хэрээр үндэс­лэл­тэй яриад бай­хад эс ойлгох юм бол тэр хүнийг зөнд нь орхихоос өөр аргагүй. Ал­бадах явдал либертари үзэлт­­­ний хувьд хориотой, тэр ч бүү хэл, хүчирхийл­лийн зөөлөн хэлбэр болох ятгах явдлыг ч ашиглаж болохгүй. Тийм ч уч­раас либертари үзэлтэй хүн хэ­лэх­дээ, нэг өглөө босоход Монголын бүх иргэд либер­тари үзэлтэн болчихсон байвал энэ бол бидний зориод буй нийгэм биш байна гэж хэлэх болно. Харин либертари үзлийг хүн­дэтгэж, түүнийг жинхэнэ мөн чанараар нь хүмүүст ойлгуулах юмсан хэмээн хүсэж байгаа хүнд тэв­чи­хийн аргагүй нэг зүйл байх бөгөөд тэр нь либертари үг хэллэг ашиглан стэйтиз­мийг сурталчилж, либерта­риа­­низмыг дотроос нь гу­таа­­хыг тэвчихгүй. Аливаа зэрэмдэг суртахуун муухай байдаг бол либертари үзэл зэрэмдэг байх нь бүр ч муухай (Учир нь энэ үзэл юмыг оромдох, дүр үзүүлэх, хоёрын хооронд байх, бөө­рөнхийлөх, саарал сурта­хуун гаргахын эсрэг бай­даг.). Түүний оронд төр, хуулийн нэрээр эрх чөлөөг боомилогч хүн, хамт олонч үзэл зэргийг дээдэлдгээ нуулгүй, ил тод зарлад­гаараа коммунист, фашист үзэл нь хамаагүй хор бага­тай.

“ХОТОЧ НОХОЙ” ЮУ, АЛЬ ЭСВЭЛ “БУУНЫ НОХОЙ” ЮУ?!
(Чөлөөт нэртэй хараат хэвлэл мэдээллийн тухайд)

Сэтгүүлчдэд хандаж гашуун үг чулуудахаас өөр аргагүй нь

Сүүлийн хэдэн жил сэтгэл горойлгох болсон “Монголд чөлөөт хэвлэл-мэдээлэл байна уу!” гэсэн гутранги сэжиг, таамаг, эргэлзээ аль эсвэл асуулт ч гэмээр юмуу эргэцүүлэл өнөөдөр сонгуулийн хийрхэлд автсан телевиз, сонинуудыг харахаар улам бүр лавширч өөрийн эрхгүй үзэг барихад хүрлээ.

Би уг нь 1990-ээд оны ардчилсан үйл явцын хамгийн том ололтуудын нэг бол Орвэллийн “сэтгэхүйн цагдааг” устгаж, Главлитыг түүх болгосонд оршино гэж бодож байсан юм. Гэтэл “сэтгэхүйн цагдаа” ч амьд, главлит ч бодитой байгаа юм байна. Аль аль нь дүрээ хувиргажээ. Зүсээ хувиргасан “сэтгэхүйн цагдаа”-главлитчид хэн бэ гэвэл хэвлэл, мэдээллийн хэрэгслийг санхүүжүүлэгч эзэд, улс төрийн хүчнүүд, зарим тохиолдолд тухайн сонин, телевизийн эрхлэгч, эрхтэн дархтнууд болж байна.

2004 оны сонгуулиар шиг санагдана, нэгэн дуучныг хэвлэл мэдээллээр “тархигүй хоолой” хэмээн хочилж байсныг санаж байна. АН ба Ху Намын сурталчилгааны аль алинд явлаа гэж тэр. Тэгвэл энэ дуучнаас долоон дор өөрийн толгойгүй, хэн нэгний турхираасаар дуугарч байдаг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд даанч олширчээ. Тоог нь нарийн гаргаж мэдэхгүй юм, одоо Монголд багцаагаар өдөр тутмын 15 орчим сонин, мөн төдий тооны телевиз байдаг бололтой. Тэдгээрээс хараат бус сонин гэж алга, телевизүүдээс МН-25, Ийгл хоёр арай бие даасан, чөлөөт шинжтэй. Гэхдээ л харыг хар, цагааныг цагаан гээд хэлчихдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэхээр цөөн байна.

Нэг их муухай зусардсан, ямар ч увайгүйгээр хүн гүтгэсэн, онгирч сайрхсан, хүний мэдэхгүй дээр тулгуурлаж үндэслэсэн бичлэг-өгүүлэл байдаг шиг яг тийм өнгө төрхтэй сонин, телевизүүд байх юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хараад байхад яг л олон янзын ааш араншин, хүмүүжил, соёлтой хувь хүмүүс санаанд ордог. Зарим нь нэлээд ухаалаг, зоригтой, ёс суртахуунтай байхад заримынх нь өмнөөс санаа зовж, ичмээр. Долигонуур, зусарч, аймхай, дээрэлхүү, нэр төр, эд хөрөнгөний төлөө үхэн хатан хөөцөлддөг хүн шиг телевиз, сонин үнэхээр байх юм. Гэтэл зарим нь буурьтай хүн шиг царайлж ямар ч сонирхолгүй хуурай материал хэвлэж, сониныхоо ихэнх зай, эфирийн цагаа реклам сурталчилгаагаар дүүргэснээс уншигч, үзэгчдээ улам бүр алдсаар байна. Ядахад энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийнх нь царай... Хэвлэлийн бага хурлуудыг хараарай. Олигтой асуулт тавьж буй ганц сэтгүүлч байхгүй, даанч яав даа гэмээр.

Бид ер нь дэлхий нийтээс өөр соёл, ёс суртахуунтай хүмүүс. Сонин, телевизийг үүсгэн байгуулагч “шинэ монгол” маань дэлхийн бусад баячуудаас ялгаатай. Түүний хувьд ашиг гол зүйл биш. Зүгээр л өөрийн бодлыг тулгаж, өрсөлдөгчөө намнах хэрэгслийн хувьд сонин-телевизээ ашиглана. Хармаанд нь байгаа тэр сонин-телевиз бусдад дарамт үзүүлэх, хуурамч сурталчилгаа хийх, бор шувуу нисгэх, бохир улс төр, бизнесийг нь цайруулах хэрэгсэл болдог. Шахаасны ийм сонинууд элдэв байгууллагын шалаар нэг хөглөрч, жорлонгийн цаас болсноор тэр дугаарын хэрэглээ дуусна. Үнэн, бодитой гэсэн зарчмыг мартсан хэвлэл мэдээллээр улстөрчдийн болон нэр нөлөө бүхий хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг олон түмэнд барагтай л хүрдэггүй. Монголд бүх юм урвуу байдгийн үлгэрээр монгол сэтгүүлчид ч бас бусад орны сэтгүүлчдээс тэс өөр.

Бичсэн өгүүлэл, хийж буй нэвтрүүлгүүдийг нь хараад байхад мөн ч ядруухан боловсрол, сэтгэлгээтэй сэтгүүлчид Монголоор дүүрчээ. Ямар харанхуй хүмүүс энэ ажлыг хийдэг болоо вэ? Ядахад зөв бичгийн дүрмээ мэдэхгүй, эх хэлээрээ зөв ярьчихаж чадахгүй хүмүүс байх юм даа. Нэгэн найзын маань хэлснээр, 10 жилд байхдаа сэтгэлгээ шаарддаг хичээлүүдэд тааруу, голдуу хайрын тухай шүлэг, захиа бичиж байсан хүүхдүүд сэтгүүлчийн ангид ордог болсон юм биш байгаа даа.







Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол сэтгэх эрх чөлөө

Би хэвлэл, мэдээллийн салбарт ажилладаг хүн биш. Гэхдээ энэ салбар миний хувьд амин чухал ач холбогдолтой. Тиймээс “илүү дуугарч билүү долоож” байгаа юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн талаар философи, социологи, психологи, улс төр судлал, мэдээжээр дээр нь сэтгүүл зүйн ухаанууд өөр өөрийн гэсэн тайлбартай байж таарна. Гэхдээ нэг их номчирхолгүй, өөрт төрсөн сэтгэгдлийг жирийн иргэний байр сууринаас илэрхийлбэл олон түмэнд илүү хүрэх болов уу.

Ярьж буй сэдэв маань оюун санааны эрх чөлөө гэсэн ойлголттой шууд холбогддог. Гэхдээ тархин доторхи оюун санаа гадагшаа материаллаг зүйлээр илэрч байж л оршихуй нь батлагддаг. Энэ бол үг хэлэх, санаа бодлоо илэрхийлэх эрх чөлөө, өөрөөр хэлбэл, хэвлэл-мэдээллийн эрх чөлөө гэсэн үг. Ингэхээр хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь хүний имманент шинж болсон сэтгэлгээний эрх чөлөөтэй салшгүй холбоотой аж.

Сонинд ажилладаг сэтгүүлчдийн хачирхалтай авир. Чадал чансаа нь хүрэх юм бол бүхнийг дарамталж байх санаатай хэвлэлүүд байдаг бололтой. Зарим сэтгүүлч “зохиогоод аль эсвэл гүтгээд л биччих хэрэгтэй, олон түмэн тийм юманд дуртай байдаг” гэсэн нээлт хийжээ. Нэгэнт биччихсэн болохоор “муу юм модон улаатайн” үлгэрээр асар түргэн тардаг бөгөөд харин тухайн нийтлэлийн няцаалт, залруулга төдий л сонирхолтой биш. Тэд ийм увайгүй үйлдлээрээ хүнийг барьцаалах гэж оролддог. Бүр зарим нь сэтгүүл зүйн ийм төрлөөр гаршаад түрийвчээ ихээхэн зузаалсан сурагтай. “Шар хэвлэл” гээд нэг заваан сонинууд байна. Сүнс, буг чөтгөр, шоронгийн амьдрал, аллага таллага, хүчин, завхай зайдан явдлаас өөр юм бичдэггүй. Гэхдээ уншигчтай учраас оршин тогтнодог байх л даа. Тэгэхээр тухайн сониноос хэрэглэгч бид өөрсдийн хүсэл эрмэлзэл, сонирхол, мэдлэгийн түвшинг олж харах хэрэгтэй болж байна.

Телевизийн тухайд. Нэг хэсэг Үндэсний телевизийг үзэхээс дургүй хүрдэг байлаа. Улс төрийн өнгө аястай нэвтрүүлэг гарах л юм бол хэлэх үгийг нь урьдаас мэдэж болдог байв. Энэ телевиз зүгээр л Ху Намыг магтан дуулагч байлаа шүү дээ. Энэ нь тэнд ажиллаж байсан сэтгүүлчдийн нийгэм-улс төрийн боловсрол, иргэний эр зоригтой зохих хэмжээгээр холбоотой байсан байх л даа.

Гэтэл телевизүүд өнөөдөр ч гэсэн хүсэн хүлээсэн хэмжээнд хүртэл ажиллахгүй байна. Шалтгаан нь тодорхой, тэд бүгдээрээ цаанаа эзэнтэй бөгөөд тэднийхээ ая занд тохируулах гэдгээс болж жирийн иргэдийн сэтгэл санаанд хүрсэн нэвтрүүлэг хийж чаддаггүй. Түүнээс гадна өөр нэг хүчин зүйл байгаа бөгөөд тэр нь телевизүүдэд ажиллаж буй сурвалжлагч, сэтгүүлчдийн ур чадвар, боловсрол, иргэний ухамсар дорой байгаа явдал юм.

Философичдын дунд “Асуулт тавих нь хариулахаасаа хэцүү” гэсэн нэг хэллэг байдаг. Энд яригдаж буй утга телевизийн сэтгүүлчдэд шууд хамаарна. Асуулт тавихын тулд ярилцаж буй тухайн сэдвээр мэдлэгтэй, хүний ярьж буй зүйлийг ойлгож зөв бурууг нь ялган салгах чадвартай байх ёстой. Мөн “Ухаалаг асуулт өөртөө хариултынхаа 50 хувийг агуулж байдаг” гэсэн үг ч бий. Гэтэл энэ хэдэн телевизийн сэтгүүлчидтэй ярилцлага хийх тун хэцүү. Хэл нэвтрэлцэхгүй хүмүүсийн хооронд болсон ярилцлага, нэвтрүүлэг ямар олигтой юм болохов дээ. Сэтгүүлчид маань шинжлэх ухаан, танин мэдэхүй, ялангуяа байгаль шинжлэлийн холбогдолтой юман дээр ёстой паг. “Дэлхий хавтгай”, “Сар хиртэнэ гэдэг бол Раах залгиж байгаа хэрэг” гээд аятайхан тайлбарлавал үнэмших сэтгүүлч үнэхээр олон байх шүү. Тэдний хувьд хамгийн гүнзгий философитой ном нь “Монголын нууц товчоо”, хамгийн яруу бичлэгтэй ном бол хайрын тухай шүлгийн түүврүүд.

Улстөрчидтэй хийж буй ярилцлагыг харахад даанч ядруу. Ийм асуулт тавиасай, нөгөө фактынх нь тухай яагаад асуухгүй байгаа юм бол, ингэж хариулж байгаа бол тийм асуулт заавал гарах ёстой шүү дээ гэж гайхаж, тээнэгэлзмээр үе их байдаг. Хулгаж хулгаж нэг асуулт тавьсан болдог. Нөгөөдөх нь ямар логикгүй хариулт өгчихдөг, тэгээд л боллоо! Ийм байхад яаж “hard talk” үүсэх юм бэ? Зусардаж, тал зассан ярилцлагуудыг нь уншиж сонсохоос ч залхмаар. Би энд бүдүүлэг зан гарга гэж байгаа юм биш шүү дээ. Мэдээжээр нэвтрүүлгээр орж, сонинд ярилцлага өгч байгаа хүмүүсээ дайрч довтлоод, даапаалж дарамтлаад байх нь муухай. Гэхдээ зүгээр л асуух ёстой зүйлийг ил шулуун асуучихдаг, хариултынх нь логик үр дагавар болсон агуулгыг барьж авч чаддаг, улмаар ярилцлагатай холбоотой сэдвээрээ яриа өрнүүлдэг байхад боллоо шүү дээ!

Мэдээ сонсож байхад ихээхэн өрөвдөлтэй хэллэг байнга сонсогдоно: Англи, Исланд, Шри-Ланк гэх мэт газар зүйн ижил нөхцөлд байгаа орнуудын хувьд хэрэглэдэггүй мөртлөө Японы тухай ярих болгондоо “Арлын Япон” гэсэн хачин тодотголтойгоор ярьж бичнэ. Арай нөгөө 39 оны дайны үед гарсан “Арлын бяцхан чөтгөр, Азийн эзэн болох гээд...” гэсэн шүлгээс гаралтай хэллэг биш байгаа гэж бодмоор. “Эрх чөлөөний арлын оронд” гэж ирээд тайлбараа уншина. Кубыг хэлж байгаа нь тэр юм байх. Гэтэл тэр нь дэлхий дээрх хамгийн эрх чөлөөгүй орны нэг гэдгийг ер нь боддог болов уу! Улсын нийслэлийг хольж хутгах, дэлхийн сонгодог зохиолч, уран бүтээлчид болон тэдний алдарт бүтээлийг мэдэхгүй байх гээд хөгийн юм олонтаа гардаг.

Мөн телевизүүд мөнгөнөөс нь болдог юмуу илт худал зүйлийг хоосон магтсан нэвтрүүлэг их хийдэг. Гэтэл нэвтрүүлгийн гол баатар болоод байгаа тэр хүн, тухайн байгууллагын жинхэнэ нүүр царайг хүмүүс хэдийнээ мэдчихээд инээгээд сууж байдаг. Сонгууль болохоор “мөнгө цагаан, нүд улаан” зарчимд хөтлөгдсөн ийм сонин, телевизүүдийн нар нь ёстой нэг гардаг юм шиг байгаа юм. Цаг цагт нэг цадаж, цагаан сараар нэг цадах гэж байгаа хэрэг.

Иймэрхүү телевиз, сонин, сэтгүүлчидтэй байхад хамгийн сонин бодгалиуд хэвлэл мэдээллийн баатраар тодордог юм билээ. Элдэв мэргэч төлөгч, далдыг харагч, түүх, ёс заншлаар дагнан мэргэшсэн гүн ухаантан (эдгээр нь жирийн логик шаардаж, жаахан сэтгэн бодох асуудал тулгарсан үед хамгийн гүехэн ухаантан болох нь харагдана), Монголыг байтугай дэлхийг аврах төлөвлөгөө боловсруулагч, элдэв доктор, профессор, академич, улстөрч, яруу найрагч, 15-20 хэл мэддэг суутан, Чингисийн хамаатан садан, дэлхийд хосгүй нээлт хийгчид гээд. Эд бол яах аргагүй манай сэтгүүлчдийн уран бүтээл мөн.







Төгсгөлийн оронд

Уг нь “хоточ нохой” гэсэн нэр томъёо хэвлэл мэдээллийнхний өөрсдөдөө өгсөн нэр. Үнэхээр эрх чөлөө гэдэг хамгаас үнэтэй юмыг маань манадаг хоточ нохойтой бол сайн байлгүй яахав. Иргэний эрх чөлөөг хамгаалсан утгаараа гоё ч үг. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй хэн нэгэнд үйлчлээд эхлэхээр юуны хоточ нохой байхав, бууны нохой болоод явчихаж байгаа юм. Тэгээд эзнийхээ турхираасаар хэн нэгэн рүү ноцсоноороо бууны нохой болсноо бүр нотолдог.

Хүний эрхэнд байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл өрөвдөлтэй бөгөөд жигшүүртэй. Эзнийхээ санааг тааварлах, түүнд таалагдах гэж үйлээ үзнэ (энэ утгаараа өрөвдмөөр), хэн нэгэн рүү туу гээд тавихад очоод ноцож байдаг (энэ утгаараа жигшмээр). Энэ бүхнийг хараад заримдаа хэвлэл мэдээллийн салбарт ажилладаггүй, сэтгүүлч болоогүйдээ баярлахаар.

Нам дагаж намирсан хүн хийгээд хэвлэл мэдээллийнхнээс хэзээ ч үнэн үг гарахгүй гэдгийг одоо олон түмэн мэдэж эхэллээ, хэвлэл мэдээллийнхэн ч өөрсдөө үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэхдээ эзнийхээ амаар дуугарахаас өөр аргагүй. Боол хүн хувь заяагаа эсэргүүцвэл өөртөө гай тарихаас өөр ашиг гарахгүй.

Сэтгүүлчдийн дунд “хаяагаа хадрахгүй” гэсэн бичигдээгүй хууль байдаг юм гэсэн. Тиймээс ч нэгнийхээ ийм дорой байдлыг шүүмжилж чаддаггүй байх (Харин бусдыг болохоор амьдралыг нь там болтол худлаа бичиж, нэвтрүүлж болно). Одоо та нарын “хаяагаа хадрах” цаг нэгэнт болжээ. Алийн бүр ёс суртахуунгүй хүний ёс суртахуунгүй үйлдлийг хамгаалагч болж явах юм бэ? Насаараа худал хуурмаг, хоёр нүүр гаргагчдын хэв шинжит дүр төрх болж амьдрах гэж үү!

Шалтаг тоочих юм бол чөлөөт хэвлэл мэдээлэлтэй болоход саад болдог олон хүчин зүйл байгаа байх л даа. Гэхдээ хамгийн гол шалтгаан бол эр зориг, иргэнлэг сэтгэл, хэвийн ёс суртахуунтай хүн болж хүмүүжээгүй хэрэг шүү дээ: нэг хүн, нам хүчинд хэт долигоноод байхгүй, мөнгөний төлөө улайран гүйхгүй, хэн нэг хүнийг хоосон үзэн ядахгүй байх зэрэг нь тийм хэцүү биш баймаар.

Энд бичигдсэн шүүмжлэл одоо ажиллаж байгаа сэтгүүлчдийн 50 хувьд нь лав хамаарна. Энэ тоо 50 биш 30 хувь байсан ч хэвлэл мэдээллийн тухай сөрөг сэтгэгдэл төрөхөд хангалттай. Мэдээжээр ухаалаг, боловсролтой, хувь хүний байр сууринаас асуудалд ханддаг, зоригтой сэтгүүлчид байдаг л даа. Тэдний шударга, иргэнлэг байр суурь үнэхээр сэтгэлд дулаан санагддаг. Эцэст нь хэлэхэд, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр ойртож буй энэ өдрүүдэд амь амьдрал, нэр төрөө золиослон байж төрийн хүнд суртал, улс төрчдийн заваан явдал, шүүх цагдаагийн харгислалтай үзгээрээ тэмцэж ирсэн сэтгүүлчдэд мэхийн ёсолъё! Та бүхнийг өөрсдийгөө гутааж байгаа 50 хувиа үгүй хийж чадна гэдэгт итгэж байна.

Хувь хүний эрх чөлөөг анимэйшнээр харуулсан нь

Дутуу дулим, гүйцэд боловсроогүй зүйл гаргах эвгүй л дээ. Миний хувьд үнэхээр дургүй юмны нэг. Гэсэн атлаа ийм байдлаар гаргаж байгаадаа хүлцэл өчье, тэвчээр хүрсэнгүй. Энэ “киног” үзэж, уншаад ойлгосон хүмүүс хичнээн урам зориг орж, либертари үзлийг сонирхох бол хэмээн бодогдоод болдоггүй.
Уг нь энэ анимэйшний (Үүнийг хүүхэлдэйн кино гэж орчуулж болохгүй байна. Амилуулсан, хөдөлгөөнд оруулсан зураг гэвэл арай дөхөж магадгүй) текстийг хэдэн жилийн өмнө орчуулсан юм аа. Тэгээд орчуулсан текстээ уг анимэйшинд оруулах гэтэл программчлалтай холбоотой бэрхшээл гарч, түүнийг шийдэж чаддаг хүн миний таньдаг хүрээнд байхгүй хэдэн жил өнгөрсөн юм даг. Тэгж байтал уг зохиогчийн номыг монгол хэл дээр орчуулах бололцоо гарлаа, номны тайлалд яг нөгөө текст чинь тэр чигээрээ байж байна. Ингээд санаа амраад хэсэг хугацаанд орхинозчихоод байтал зохиогчоос дахин хүсэлт ирэв. Ингээд орчуулсан текстээ чадах ядахаараа тайлбарлаад явуултал бас л сайн болж өгсөнгүй. Гадаадын хүнд монгол өгүүлбэр гэдэг бол зүгээр л нэг тэмдэг юм чинь. Жишээ нь, ямар нэг хүүхэлдэйн киноны текстийг ханз юм уу араб үсгээр бичээд намайг байрлуулаадах гэвэл ямар бэрхшээл учрах бол. Түүн шиг бэрхшээл учирсан байх л даа. Монгол хэлний логик англи хэлний логиктой таарахгүй юм. Уг анимэйшнийг англи хэлний логик, дэс дараагаар зурагласан болохоор монгол өгүүлбэр таардаггүй ... Ер нь “Яриад байвал зовлон их байнаа” гэдэг шиг юм болсон хэрэг.

Хэрэв энэ анимэйшнийг үзэж байтал гарч буй дүрсийн дэс дараалалтай холбогдоод эхлээд “бол танд байгаа өмч” гэсэн текст гарсанаа дараа нь “Таны амьдрал, эрх чөлөөний үр дүн” гэж гарах юм бол энэ текстийг “Таны амьдрал, эрх чөлөөний үр дүн бол танд байгаа өмч” гэж уншаарай. Бараг ойлгогдох байх аа. Гэхдээ дахин хэлэхэд энэ “кинон” дээрх зурагны монгол текст-тайлбар ойлгогдохгүй байлаа гэхэд уг текстний жинхэнэ эх Кэн Скүландын “Жонатан Гулибэлийн аялал” номны “Тайлалд” яг тэр чигээрээ байгаа шүү. Түүнээс харж болно.


Текст уншаад сайн ойлгогдохгүй бол анимэйшнээ үзээрэй, анимэйшн сайн ойлгогддохгүй бол текстээ уншаарай. Эцэст нь хэлэхэд, сайтар бодож тунгааж, цаашид гарах ёстой мөрдөлгөөг дагаж уншаарай гэж хүсэх байна. Сайхан сонсогдох үг, ойлгомжтой мэт санагдах өгүүлбэрт хууртагдаж болохгүй. Тэгвэл та “сайхан үгнүүдийг” хэн нэгэнд хэдэн удаа давтаж хэлээд мартчих болно. Манайханд хурдан бөгөөд өнгөц ойлгодог дутагдал байдаг шүү. Энэ анимэйшн, түүний тайлбар үгнүүдийг сайтар тунгааж уншаад үнэхээр ойлгох аваас насан турш мартагдахааргүй амьдралын тань маш сайн зарчим болно. Ингээд “Нийтлэлчийн буланд” байгаа блог руу минь орж анимэйшнээ сонирхоно уу!

Та бүхэн доорх линк дээр дарж анимэйшнээ үзнэ үү.
http://esperanto.com/philosophy_of_liberty.swf?lang_selected=Mongolian

Либертари тунхаг
(Эрх чөлөөт хувь хүний амьдралын хэв маяг, зарчим)

Энэ бол улс төрийн нам, хүчний биш, харин Иргэний Тунхаг юм. Жинхэнэ утгаараа тунхаг ч биш, эрх чөлөөт хувь хүн бүрийн амьдралдаа баримталдаг зарчим, амьдралынх нь хэв маяг болох ёстой тэр зүйл мөн. Зарлан тунхаглаж буй хүсэл эрмэлзлийг маань аль нэг нам, улс төрийн хүчин өөрийн уриа, лоозун төдий зүйл бүү болгочихоосой хэмээн хүсэх байна.


Мэдээжээр, либертари үзэл гэдэг бол хэн нэг хүний хувийн өмч биш, хэн ч энэ үзлийг судалж, эзэмшиж болно. Харин эрх мэдэлд тэмүүлж, бусдад зааж зааварлан, захиран тушаах хүсэлтэй хүмүүс л эзэмших ёсгүй. Либертари үзэл нь уг чанараараа төртэй (эрх мэдэлтэй) харшилдаг юм. Тийм учраас жинхэнэ либертари үзэлтэй хүн улс төрч байж чаддаггүй, харин жинхэнэ улс төрч хүн либертари үзэлтэй байх боломж байдаггүй. Энэ бол дэлхийн либертари үзэлтнүүдээс олон зууны туршид олж тогтоосон үнэн болно.
Одоо төрөөс аль болох ангид оршиж, өөрийн хөдөлмөрлөж олсон хөлсөөр амьдардаг, эрх чөлөөг эрмэлзэгч, ухамсарт монгол иргэний хүсэл эрмэлзлийг чангаас чанга дуугаар зарлан тунхаглах цаг болжээ. Энэ бол либертари тунхаг юм. Либертари үзэл нь хувь хүний ухамсар, сайн дурын сонголтон дээр тулгуурлаж байдаг тул эс таалагдах аваас хэн ч гэсэн өөр зарчмыг амьдралдаа баримталж болно. Манай Тунхаг энэ л шинж чанараараа Коммунист тунхгаас ялгагддаг.


Либертари нийгэм
Бидний зорин эрмэлзэж буй нийгмийн байгууламж бол либертари нийгэм болно. Бид энэ нийгмийг хүн төрөлхтний эрэл хайгуул, зовлон шаналал, хөдөлмөр, тэмцлийн үр дүнд бий болж, түүхээр шалгагдсан нийгмийн байгууламж гэж үздэг. Ардчилсан нийгмийн байгууламжийн олон хэлбэр дотроос либертари нийгмийг онцлон зорьж байгаа нь хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зорилготой холбоотой.

Бид энэ нийгмийг улс төрчдийн явуулгаар бус иргэн бүрийн оюун санаанд аяндаа төлөвшсөн ухамсарт мэдлэг, эрх чөлөөт хувь хүний хөдөлмөрөөр бий болгох нь тодорхой. Эрх чөлөөт иргэд бид либертари нийгмийг байгуулах байгуулалтандаа олсон анхны ололт амжилтаа улам батжуулж, коммунлаг-тоталитари үзэгдлийн өчүүхэн ч илрэлийг нийгэмд хэвшүүлэхгүй байхын төлөө тууштай зогсох болно.

Хувь хүн ба эрх чөлөө
Нийгмийн бүх харилцаа, эрх зүйн үндэс-суурь нь хувь хүн. Хувь хүн төрөлхөөсөө эрх чөлөөтэй бөгөөд тэр эрх чөлөөг хэн ч, түүний дотор төр ч зөрчиж үл болно. Хувь хүн бусдад хор хөнөөл учруулаагүй л бол түүний эрх чөлөөг хязгаарлах өөр үндэслэл, шалтаг шалтгаан байх ёсгүй. Хувь хүний эрх чөлөөнд нэг л хязгаарлалт байх бөгөөд тэр нь бусад хүнд байгаа мөн тийм эрх чөлөө юм. Хувь хүн өөрийгөө болон өөртөө хамаарах зүйлийг (өөрийн бие махбодь, оюун санаа, өмч хөрөнгө гэх мэт) бүрэн мэдэж, захиран зарцуулахдаа бусдаас зөвшөөрөл авах ёсгүй гэж бид үзэж байна.


Хувь хүнийг нийгэм, төрийн зүгээс хянан цагдахгүй бөгөөд мөн түүнийг хамт олонч-коммунлаг үзлээр дарамтлах ёсгүй. Хүн ямар үзэл бодол баримталж, ямар шашин шүтэх нь хувийн хэрэг байх болно. Хүний тархи-толгой дотор байгаа оюун санаа шиг хувийн шинж чанартай зүйл гэж юу байх сан билээ. Ийм хувийн шинж чанартай зүйлд төр оролцох ёсгүй. Оюун санааны эрх чөлөө бол эрх чөлөөний хамгийн тод илрэл мөн. Ер нь хүн угаасаа бусдыг хянах юм уу, бусдаар өөрийгөө хянуулж байхыг хүсдэггүй. Тэгэхээр хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэнд халдаж болохгүй. Энэ талаар хянаж, цагдах аливаа оролдлоготой бүх иргэд тууштай тэмцэх ёстой.


Хувь хүний хариуцлага бол хамгийн гол зүйл. Хувь хүн бол төрийн ивээлээр оршин тогтож байдаг юм биш. Өөртөө хамааралтай зүйл дээр хувь хүн өөрөө л шийдвэр гаргах эрхтэй. Хувь хүн өөрийн алдаа, амжилт хоёрын эзэн мөн. Тухайн хүн сайн дураараа зөвшөөрөөгүй нөхцөлд хэн ч түүний амжилтаас хуваалцах ёсгүй. Мөн хувь хүн эрх чөлөөт нөхцөл байдалд гаргасан алдаагаа бусадтай хуваалцах юм уу, бусдад үүрүүлэх ёсгүй. Хариуцлагаа ухамсарласан ийм хувь хүмүүс манай нийгмийн хөгжил, цэцэглэлтийн бат суурь мөн.


Хувь хүний эрх
Хүний амьдарч байх хугацаандаа эдлэх ёстой бүх эрхийг тоочин бичих аргагүй. Хүний эрх нь нөхцөл байдлаас хамааран янз бүрээр илэрч болдог. Хүнд тоочин бичиж болохуйц цөөн тооны хэдхэн эрх байдаг юм биш (Монгол улсын Үндсэн хууль Монголын иргэдийн эдлэх бүх эрхийг тоочин бичих гэж оролдсоноороо дутагдалтай). Хүний эрхийг хязгаарлахыг оролдогчид л түүнийг тоочин бичиж, тэр хүрээнд хүний эрхийг хүлж баглахыг оролддог. Хүнд амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх гэсэн үндсэн эрхүүд байдаг бөгөөд эдгээр эрхийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бусад эрх тоо томшгүй олон байж болно.

Төр болон түүний хүчний байгууллагууд хүний үндсэн эрхийг ямар ч тохиолдолд зөрчиж болохгүй. Дайн, нийт улс үндэстнийг дайрсан гай гамшиг гэх мэт онцгой нөхцөл байдалд хувь хүний зарим эрхийг хязгаарлаж, түүний өмчийг ашиглах зайлшгүй шаардлага гарах аваас заавал нөхөн төлбөр хийдэг байх ёстой


Бид хувь хүний эрхийн дотроос өөрөө өөрийгөө мэдэх эрхийг хамгийн гол эрхийн тоонд оруулдаг. Их удирдагч, хаан, дарангуйлагч, эзэн, асар ухаантай хүн, маш сайхан сэтгэлтэн гээд хэн ч байсан хувь хүний амьдралыг мэдэх эрх байхгүй. Тухайн хувь хүн ч бусдыгаа мэдэх эрх байхгүй. Бүгд бие биенийхээ амьдралыг дээд зэргээр хүндэтгэж, халдашгүй дархан зүйл гэж үзнэ. Бидэнд ямар эрх байхгүй вэ гэвэл өөр шигээ эрхтэй хүмүүсийн эрхийг зөрчих эрх байхгүй. Энэ бол эрхээ эдлэхдээ бидний баримтлах ёстой үндсэн зарчим мөн.


Бид хувь хүнд Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан үндсэн эрхийг эдлүүлэхээс гадна Үндсэн хуулинд заагдаагүй хүний үндсэн эрхийг эдлүүлэх тал дээр анхаарч ажиллах болно. Юуны түрүүнд албадлагаар цэргийн алба хаалгах явдлыг зогсоох, цаазаар авах ялыг хүчингүй болгох, эрүүгийн болон бусад хууль тогтоомжинд байгаа хүмүүнлэг бус заалтыг цуцлах тал дээр анхаарч ажиллана.


Иргэддээ үйлчилдэг төр
Либертари нийгэмд төр нь хувь хүнд үйлчилж байх зориулалттай бий болсон нийгмийн институци байдаг. Иймд төрөөс хувь хүнтэй харьцахдаа минимум хэмжээг барих ёстой. Төр хувь хүний амьдралд хөндлөнгөөс оролцдоггүй, хүмүүсийг хөрөнгөө юунд, хэрхэн зарахыг зааж зааварладаггүй байх нь зүйтэй. Төрөөс гаргадаг элдэв төрлийн журамлалтыг хамгийн бага хэмжээнд байлгана. Иргэд өөрсдийн хийж чадах зүйлийг төрд даатгахаас аль болох зайлсхийх нь түүнийг “данхайхаас” сэргийлэх гол арга зам гэж үзэн, энэ тал дээр үргэлж сонор сэрэмжтэй байх шаардлагатай.


Бид хувь хүнд өөрт нь хариуцлага ноогдуулсан төртэй байхыг хүсэж байна. “Буянлаг төр” (эсвэл “халамжийн төр” ч гэдэг юм уу) гэх мэт нэг хэсгээс авч нөгөө хэсэгт өгдөг төрийн үйл ажиллагааг бололцооны хэмжээнд бага байлгахыг зорино. “Үнэгүй хоол гэж байдаггүй”. Төрөөс танд өгсөн ямар нэг зүйлийн төлбөрийг өөр хүн хийсэн байдаг гэдгийг бүх хүн ухамсарласан цагт бусдыгаа мөлжихөөс татгалзах болно. Хүн бүр өөрийгөө хариуцдаг байх нь төрийг минимум хэмжээнд байлгах нэг үндэс мөн.


Нийгмийн аль нэг хэсэг, тусгай хүмүүст (танил талдаа) төрөөс протекционизм үзүүлж, “ивээн тэтгэх бодлого” явуулах нь нийгэмд байгаа бусад хүмүүсийг боолчилж байгаа хэрэг мөн. Нийгмийн аль ч салбарт монопольчлол байлгахыг төр хүлээн зөвшөөрөх ёсгүй бөгөөд өөрөө ч улс төрийн эрх мэдэл дээр тулгуурласан монополь тогтоож болохгүй.

Төр хувь хүний хүлээн зөвшөөрсөн тэр хэмжээнд оршино. Төрийн эцсийн бөгөөд дээд зорилго - хувь хүний эрх чөлөө. Хувь хүн бол хэрэгсэл биш зорилго. Төр хувь хүнийг элдэв төрлийн хүчирхийллээс хамгаалах төдийгүй өөрөө түүнийг зөрчих ямар нэг илрэл гаргаж болохгүй. Төрөөс хувь хүний эрхийг хязгаарлаж, үл хүндэтгэсэн өчүүхэн төдий элемент агуулсан хууль тогтоомж батлах ёсгүй. Энэ утгаар нь хязгаарлагдмал эрхтэй төрийн тухай ярих болно. Иргэд өөрсдийгөө хамгаалах, өөртөө үйлчлүүлэх зорилгоор төрийг бий болгодог. Харин төрийн үйл ажиллагаа амжилтгүй болдог шалтгаан бол тэр нь өөрийгөө бүтээгчийн хүсэл зоригийг харгалзахгүй, албадлага дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулдгаас болдог.

Хувь хүн, нийгмийн бүлгүүд бие биенээ хүлцэн тэвчиж байх ёстой. Өөрөөс нь өөр санаа бодол, хүсэл эрмэлзэлтэй байхыг хүлээн зөвшөөрөх нь иргэдийн үүрэг мөн. Энэ нь өөрийгөө бусдаас дээгүүр тавиагүйн илрэл болно. Хүн бүр өөрийн сонгосон амьдралаар амьдрах эрхтэй бөгөөд бусдынхаа тийм эрхийг зөрчих ёсгүй. Эндээс эс түрэмгийлэх аксиом гарч ирдэг. Төр ч хүлцэн тэвчихүйн зарчим дээр ажиллах ёстой. Гэхдээ хүний эрхийг зөрчигч үзэл санаа, үйл ажиллагааг (хулгай, дээрэм, залилан мэхлэлт гэх мэт эрүүгийн гэмт хэрэг) хүлээн зөвшөөрөх ёсгүй бөгөөд эдгээр сөрөг үзэгдэлтэй эрс тэмцэл явуулах хэрэгтэй. Учир нь эрүүгийн аливаа үйлдэл өөрөө хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа байдаг.


Төр, иргэний харилцаа
Хувь хүний эрх, эрх чөлөөг юуны түрүүнд төр, иргэний хооронд ямар харилцаа байна вэ гэдгээр нь авч үзнэ. Иргэн хүн төртэй эн чацуу эрх бүхий субъект мөн. Монгол улсын бүх хууль тогтоомжийг энэ чиглэлээр өөрчилнө. Иргэн төрөөс айж бэрвэсэн байдалд байх ёсгүй. Төр хувь хүмүүсээс авсан мөнгө, тэдний олгосон эрх дээр оршиж байдаг тул хувь хүнээс дээр байх хуулийн хийгээд ёс суртахууны үндэслэл байхгүй. Төрийн албанд очсон хүмүүс жирийн иргэдээс илүү эрхтэй болоогүй гэдгээ байнга санаж байх ёстой. Тэд иргэдээсээ илүү ч үгүй, дутуу ч үгүй, яг адил эрхтэй байдаг. Сум, хорооны засаг даргаас аваад УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч хүртэлх төрийн бүх албан тушаалтнууд иргэдээсээ гуйж байгаад 4 жилийн хугацаатай “ажилд орсон” хүмүүс гэдгээ ухамсарлавал зохино


Ж.Дантоны хэлсэн “Улс төрч байснаас жирийн загасчин байсан нь дээр” (Учир нь улс төрчид хүний мөнгөөр амьдардаг бол загасчин өөрийн мөнгөөр амьдардаг) гэсэн энэ үг бидний зүгээс улс төрчдөд хардангуй хандах хандлагыг зөвтгөх үндэслэл болдог. Улс төрчид хувь хүний амьдралд байнга оролцож, хувь хүн төдийгүй бүхэл бүтэн ард түмнийг хэрхэн амьдрахыг заан зааварлаж байдаг нь түүхээр болон өнөөгийн бодит байдлаар батлагдсан үнэн билээ. Төрийн оролцоо гэдэг бол өөрсдийгөө иргэдээс дээгүүрт тавьсан эрхтэн дархтны оролцоо гэсэн ү


Ер нь хувь хүний эрх гэдэг бол нийгэмд эрхэлж буй албан тушаал, эд хөрөнгө, яс үндэс, хүйс, боловсрол, гарал угсаанаас үл хамаарах констант (тогтвортой, үл өөрчлөгдөх) зүйл мөн. Баян хийгээд ядуу, албан тушаалтай хийгээд тушаалгүйгээс үл хамааран бүх хүн адилхан “хүний эрхтэй” байдаг гэдгийг яс мах, цус хөлсөндөө шингэтэл ойлгосон байх учиртай. Хүний эрхийн тухай ярьж байх үед илүү эрх, дутуу эрх гэсэн ойлголт байх ёсгүй. Монгол хүн амьд байгаа цагт түүнд хүний эрх констант байх болно


Нийгэмд хувь хүмүүсийн амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байхад таатай нөлөө бүхий эмх журам байх ёстой бөгөөд тэр эмх журам нь төрийн албадлагын дор гэхээсээ илүүтэй аяндаа гарсан (тулган хүлээлгээгүй) эмх журмын хүрээнд байхыг зохистой гэж үзнэ. Тулган хүлээлгээгүй эмх журам (spontaneous order) нь хүмүүсийн өөрсдийнх нь хүсэл зориг дээр тулгуурлаж, нийгмийн амьдралаар шалгагдсан, иргэдийн эрх ашигт нийцсэн, бат тогтвортой зүйл байдаг

Хувийн өмч
Хувийн өмч гэдэг бол зөвхөн нийгмийн чинээлэг хэсгийн хөрөнгө-мөнгөний тухай ойлголт биш. Бүх хүнд өмч буй. Хамгийн үгээгүй хүнд ч түүний бие махбодь, оюун санаа, авъяас, хөдөлмөрлөх чадвар зэрэг зүйлс байдаг. Үүнийг өөрийнхөө төлөө ашиглах бололцоо, эрх, хууль зүйн орчин байна уу, үгүй юү гэдгээр эрх чөлөө нь тодорхойлогддог. Түүнээс биш үг хэл-яриа, лоозун, хуулиар эрх чөлөөг зарлах нь бодит зүйл биш


Хатуу боловч гарцаагүй үнэн бол хүний хэрэгцээ хязгааргүй бөгөөд тэр бүхнийг хангах нөөц бололцоо хүн төрөлхтөнд ямагт дутагдсаар ирсэн явдал мөн. Дутагдахуй нь хувийн өмчтэй байх шалтгаан болно. Бүх юм бүгдэд хүрэлцээтэй байсан бол хувийн өмч байх шалтгаан байхгүй сэн.


Иймд хувийн өмчийг шударгаар олж авах нь хувь хүний төдийгүй нийгмийн зүй ёсны (justice) илрэл болдог. Хувь хүн урьд нь хэн ч эзэмшиж байгаагүй зүйлд “хөдөлмөрөө шингээснээр” түүнийг өмчлөх эрхтэй. Улсын буюу нийтийн өмч гэдэг бол нийгэм дэх баялгийн хамгийн үр ашиггүй хэлбэр бөгөөд үнэндээ тэр нь хэний ч өмч биш байдаг. Харин яван явсаар эрхтэн дархтнуудын өмч болдгийг бидний өнгөрсөн түүх харуулсан.


Ийм учраас өмчлөх эрхийг хүний гол эрх гэж үзнэ. Хувь хүн өмчөө хэрхэн захиран зарцуулахаа өөрөө мэддэг байх ёстой. Энд хөндлөнгийн ямар ч төлөвлөлт, журамлалт, зохицуулалт байх ёсгүй. Иргэдийн захирагдах ёстой нэгэн зүйл байх бөгөөд тэр нь тухайн талууд хоорондоо сайн дураараа хийсэн гэрээ хэлцэл юм. Сайн дураараа хийсэн гэрээгээ зөрчих нь хулгай, дээрэм хийхтэй адил зүйл


Хувь хүний зарцуулсан хөдөлмөр, цаг хугацаа, авъяас чадварын үр дүн болох өмчид хэн ч халдаж болохгүй. Энэ үзэл санааны үүднээс татварын асуудалд хандах болно. Өгч байгаа хүний хувьд хулгайд алдах, дээрэмдүүлэх, татварлуулахын аль нь ч адилхан өөрийн хөдөлмөрлөж байж олсон эд хөрөнгө, мөнгөнөөсөө алдаж байгаа хэрэг. Цагаан цамц, зангиатай хүн цагдаа дагуулж ирээд авч байна уу, аль эсвэл түүнээс арай муухай хувцастай хүн ганцаараа байна уу гэдэг нь түүний хувьд огт ялгаагүй. Аль нь ч байлаа гэсэн татвар төлөгч л хохирч байна. Тэгээд ч төр биднээс авсан мөнгөнөөсөө өөрийн тансаг хэрэгцээнд зориулж маш ихийг авч үлддэг. Иймээс зөөлөн хэлэх юм бол хулгай, хатуухан хэлэх юм бол мөнгөнөөс нь авахын тулд ажиллуулж байгаа утгаараа боолчлол мөн.


Энэ хулгай, дээрэм жирийн хулгай дээрмээс юугаараа ялгагддаг вэ гэвэл хуулийн нэрэн дор хийгддэгээрээ ялгаатай. Энэ утгаараа хууль бол хүн төрөлхтний хамгийн өөдгүй ололтуудын нэг мөн. Хууль бол төрийн багаж зэвсэг, түүний хүслийг гүйцэлдүүлэгч мөн.


Төр татвараар дамжуулан хувь хүний өмч, элдэв төрлийн хуулиар дамжуулан эрх чөлөө, амьдралд халдаж байна. Хувь хүн өмчөө алдвал урьд өмнө хийж бүтээсэн зүйлээ алдаж байгаа учраас өнгөрснөө, эрх чөлөөгөө алдвал өнөөгийн амьдрал нь утга учиргүй болж одоогоо, амьдралаа алдвал хойшдоо яаж амьдрахаа мэдэхээ больдог учраас ирээдүйгээ алдаж байгаа хэрэг. Иймд хүний оршихуйг цаг хугацааны гурван төлөвт утга учиртай байлгахын төлөө иргэн бүр тэмцэх ёстой.


Зах зээлийн журам буюу хөндлөнгөөс үл оролцох зарчмыг (laissez-faire) бид “нийгмийн хууль” гэж үзэж байна. Ер нь эдийн засагт төрийн оролцоо хамгийн бага байсан цагт бүтээлч байдал нь ихэсдэг. Төрийн оролцоо буруу болох нь хожим илэрдэг бөгөөд түүний уршигт үр дагаврыг ямагт жирийн иргэд үүрч байдаг. Төрийн оролцоог хамгийн минимум хэмжээнд байлгах бас нэг үндэслэл энэ болно.


Энд яригдсан зүйлийг хоосон онол, тунхаг, амьдралаас тасархай зүйл гэж үзэх юм бол бид бодит амьдралаа алдаж байгаа хэрэг. Ямар ч зүйл, түүний дотор нийгмийн юмс үзэгдэл “харагдаж байгаа” хийгээд “үл харагдах талтай” байх бөгөөд зарим хүн харагдаж буй зүйлийн хүрээнд дүгнэлт хийдгээрээ алддаг. Ийм хүн тоталитари нийгмийн биш юм гэхэд тоталитари сэтгэхүй, ёс заншил, уур амьсгал, яриа хөөрөө нийгэмд тархах үндэс суурь болж, бусдыгаа тийм байдалд дасан зохицоход хүргэнэ (ихэнх тохиолдолд өөрөө мэдэлгүйгээр ийм зүйлийг хийдэг). Иймд “үргэлжийн сонор сэрэмжтэй байх ёстой бөгөөд энэ нь бидний зүгээс эрх чөлөөтэй байсныхаа төлбөрийг хийж байгаа хэрэг” мөн. Төлбөрөө хийхгүй бол эрх чөлөө гэдэг үнэт “бараа-таваар” маань бидэнд олдохоо болино. Монгол оронд маань Эрх чөлөө улс төрчдийн үг яриа, цаасан дээр буулгасан уриа лоозун, хууль төдийхнөөр дамжин орших биш амьдрал дээр жинхэнэ утгаараа хэрэгжих болтугай!


Монголын Либертари Сан


Түүхэн үйл явдлын 230 жилд


Эрх чөлөөт нийгэм үүссэн нь


Өнөөгөөс яг 230 жилийн өмнө буюу 1776 он либертари үзэлтнүүдийн хувьд чухамхүү од гийсэн жил байлаа. Энэ онд дэлхий ертөнцийн хойшдын хувь заяанд эргэлт хийсэн З гайхамшигт бүтээл гарсан юм. Глазгогийн Их сургуульд ёс зүйн хичээл заадаг профессор Адам Смит Үндэстний баялаг бүтээлээ хэвлүүлэв. Энэ бол хүмүүний амьдралын үндэс болсон эдийн засаг яг ямар байх ёстойг хүмүүст таниулсан “их хөлгөн судар” байлаа. Англиас Хойд Америкт очсон сэтгэгч Томас Пэйн Нийтлэг мэдрэмж хэмээх товхимлоо гаргав. Эрх чөлөөт улс-үндэстний шашдир болсон энэ бүтээлд “аяндаа гарсан эмх журмын” (төрийн оролцоогүй журам дэглэмийн) хүчтэй талыг хүмүүсийн урам зориг сэргэтэл өгүүлж чадсан байдаг. Мөн энэ онд эдүгээ “АНУ-ын эцэг” хэмээн нэрлэгдэх болсон Томас Жэффэрсон, Бэнжамин Франклин, Жон Адамс зэрэг хүмүүсийн оролцоотойгоор дэлхийн аугаа түүхэн үйл явдлын оршил болсон нэгэн баримт бичиг гарсан нь “Тусгаар Тогтнолын Тунхаг” байлаа.


1776 оны долдугаар сарын 4 буюу яг өнөөдөр “Тусгаар Тогтнолын Тунхаг”-ийг баталснаар дэлхий ертөнц дээр шинэ нийгэм, хүмүүсийн хамтын амьдралын хамгийн зохист хэлбэр бий болсон юм (Черчиллийн хэлснээр өнөөг хүртэл бидэнд тааралдсан хэлбэрүүдийн дотроос хамгийн зохист тэр хэлбэр.


Америкийн колониудыг эдийн засгийн боолчлол, эрхтэн ямбатны дарлал, дундад зууны оюун санааны хүлээснээс зугтаж очсон хүмүүс бий болгосон. Тэдгээр хүмүүс урьд нь хэний ч өмч биш, зөвхөн Бурхны мэдэлд байсан тэр газар, эд юмсад өөрийн хөдөлмөрийг “шингээсний” (Локкын хэлснээр) үндсэн дээр өмчлөх эрхийг олсон юм. Энэ нь тухайн зүйлийг эзэмших жинхэнэ эрх нь болж өгсөн юм. Тэдний яс махандаа хүртэл ухамсарласан нэг зүйл бол хүч хөдөлмөрөөрөө бүтээсэн зүйлийг нь хэн нэг хүн ирээд (мөн төр өөрийн цагдаа, түшмэлтэй ирээд) авчихаж болохгүйтэй адил мань хүн өөрөө ч бусдын хүч хөдөлмөр, цаг заваа заран байж бүтээсэн зүйлийг авч болохгүй гэсэн ойлголт байв. Шинээр бий болж байсан энэ нийгэмд хувь хүн юу сонирхох, ямар ном уншиж, ямар шашин шүтэх нь тэр хүний л хэрэг байсан бөгөөд гол нь бусдынхаа тийм эрхийг хөндөж болохгүй гэсэн хатуу итгэл үнэмшил дээр суурилжээ.


Тэд эдийн засгийн эрх чөлөөг олж, өөрсдийн бий болгосон өмчөө өөрийн гарт байгаа буугаар л хамгаалж байлаа. Төрөөс хамгаалалт, ивээл, тус эрэлхийлэхийг хүсээгүй. Европт байхад нь дарлаж байсан хаан, дарангуйлагч, язгууртнууд, тайж ноёдын засаглал, товчоор хэлэх юм бол төр нь эрх чөлөөний мэдрэмжтэй, хөдөлмөрч, тэмцэгч энэ хүмүүсийн ихэд болгоомжилж байсан зүйл болж байв. Иймээс тэд “хамгийн бага засагладаг төртэй, хамгийн их эрхтэй иргэд” оршдог нийгмийг бий болгожээ. Энэ төр ёстой л ард түмний “өөрсдийнхөө төлөө, өөрсдөө бий болгосон, өөрсдийнх нь засаг” байлаа. Төр өөрийгөө бүтээгчдэд жинхэнэ утгаар үйлчилж эхэлсэн юм. Тэгээд ч энэхүү либертари шинж нь Америкийг дэлхийн үлгэр дууриал болгов.

Эрх чөлөөг эрмэлзэгч ийм ард түмний улс-орон байснаараа Америк нь эрх чөлөөний эх орон гэж нэрлэгдэх болсон. Тэр үед Америкийн нийгмийн ирээдүйг Алэксис Токвилль зэрэг цөөн хүмүүс ойлгож байсан бол (Францын энэ сэтгэгч Америкт ирээд Америк дахь ардчилал зохиолоо бахдан бичсэн байдаг) өнөө дэлхий олон улс орон Америкийн замнаалаар явж байна. Тэгэхээр энэ бол зөвхөн АНУ үүссэний баяр биш дэлхий дээр ардчилсан нийгэм бий болсны баяр мөн.


www.libertari.mn

АН, Ху нам хоёр бол “один чёрт”
(Либертари зарчмын үүднээс АН-д хандахуй)

Дахин хэлэхэд, бүгд либертари үзлээс хулгайлж байна. АН-ынхан бүр ч их. Хэр их хулгай хийнэ, тэр хэрээр уг үзлийг зэрэмдэглэнэ. Хамгийн хорлонтой нь тэд либертари үзлийг ашиглан либертари үзлийг шүүмжлэх гэдэг. Маргалдаж, шүүмжлээд байгаа хүмүүс өмнөөс маань бидний үгийг хэлээд байхаар хэлэх үг олдохгүй, инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг хачин байдалд орох юм. Тэд ер нь юм бодож, эргэцүүлдэггүй. Яг өөрийг нь шүүмжилсэн үг хэлээд байхад нөгөө шүүмжлэлийг шүүрч аваад орилоод унадаг. Инээдтэй тал нь давамгайлсан хүмүүс дээ, энэ улс төрчид.

  “Хувь хүний эрх чөлөө”, “хамгийн бага засагладаг төр”, “татварын дарамт”, “хуулийн дарангуйлал”, “иргэддээ үйлчилдэг төр” гэх мэтээр либертари үзэл, АН-ын ярьж буй зүйл хоёрын хооронд ялгаа байна уу? Ялгаа огт алга, тэгэхээр АН, либертари үзэлтнүүд гэдэг чинь нэг зүйлийн төлөө тэмцэж байгаа юм уу? Огт тийм биш!!! Либертари үзлээс “хулгай” хийсэн улс төрчид АН-д харьцангуй их байдаг учраас уг үзлийг АН-ын үзэл суртал гэж ойлгох явдал их байна. Үнэн хэрэгтээ либертари үзэл нь хувь хүний ба эдийн засгийн амьдралд хөндлөнгөөс оролцож, бусдын мөнгөөр амьдардаг утгаар нь бүх улс төрч, түүний дотор АН-ын улс төрчдийн эсрэг чиглэсэн үзэл-онол шүү дээ.

  АН-ынхан хийгээд либертари үзэлтнүүдийн ялгаатай шинжийг олон түмэнд бүр ч тодорхой таниулах шаардлага одоо бүр хурцаар тавигдаж байна. Уг нь яг энэ сэдвээр хэрээрээ хэлж байсан юмсан, бас л дутуу хэлсэн бололтой. Урьд нь “Демо-кратууд бюро-крат болжээ” (“Ардын эрх”, 2005 оны гуравдугаар сарын 21), “‘Өөд болсон намын’ алтан хайрцгийг нээж үзэхүл” (“Ардын эрх” 2005 оны зургадугаар сарын 08), “Ноорхой дээл шиг болсон ардчилал” (“Ардын эрх”, 2007 оны нэгдүгээр сарын 08), “Монголчуудын либертари үзэл гэдэг софт-стэйтизм төдий зүйл юм гэж үү?!” (“Ардын эрх”, 2007 оны есдүгээр сарын 27), “Таны мөнгөөр танаас илүү амьдрах арга” (“Ардын эрх”, 2008 оны нэгдүгээр сарын 24) гэх мэт өгүүлэлдээ либертари үзэл нь жирийн иргэдийн хувьд АН-ын улс төрчдийн ярьж байгаагаас хамаагүй ээлтэй зүйл болохыг олон хэлсэн дээ.


Ардчиллыг шүүмжлэх эрх надад бий юү?

  Хүн төрөлхтөний асар их тэмцэл, хөдөлмөр, оюун ухаан, хүчин чармайлт, үүх түүхээр бий болсон ардчилал хэмээх институци, нийгмийн феномэнийг шүүмжлэх эрх надад бий бил үү? Ер нь Батчулуун чи яах гээд байгаа юм, социализм, коммунизм, тоталитарианизм, авторитар­ианизм руугаа эргэж орох гээд байгаа юм уу гэсэн асуултанд хариу өгөх явдал энэ өгүүллийн үндсэн санаа болно..

  Монгол дахь ардчилсан хөдөлгөөний түүх, намтрыг би мэдэхгүй. Гэхдээ мэдэхгүй хүнийг бодвол бас мэдэх юм байна аа. Мэднэ гэж ямар утгаар хэлж байна вэ гэвэл би 1988 оны IX сараас 1989 оны I сар хүртэл Москвагийн Их сургууль дээр мэргэжил дээшлүүлж бай­лаа. Манай философийн тэнхмийн хажуухан талд малыш-Энхтүв­шингийн ажиллаж байсан кримина­листикийн лабортори байдаг байв (1989 оны XII сар), мөн өдөр алгасахгүй манай тэнхмээр орж ирдэг хүн бол С.Зориг байлаа (1986-1990 он), бид зэргэлдээ өрөөнд байсан хуулийн тэнхмийн багш нар, түүний дотор Б.Дэлгэрмаа зэрэг хүмүүстэй нийгэм-улс төрийн асуудлаар үргэлж маргацгаана (1986-1990 он), С.Зориг анхны хэвлэлийн бага хурлаа хийх гээд байр олдохгүй байх үед бид философийн тэнхмийн харьяа арай өнгөтэй гэсэн нэг танхимаа гарган өгөх зэргээр дэмжиж байлаа (1989 оны XII сар, энэ хэвлэлийн бага хурал дээр Зоригийн дүү, одоо Иргэний зориг намын дарга, МР С.Оюун, мөн Дарь. Сүхбаатар нар үйлчлээд явж байсан санагдана), Их сургуулийн III байранд математикийн багш нар голдуу хэдэн хүн “дугуйланддаг” байлаа, Баабар МСДН-ын анхны Их хурал дээр илтгэл тавих гээд манай тэнхмийн багш нартай зөвлөх гээд орж ирж байв (1990 оны 3-4-р сарын үед шиг санагдаж байна). Шинэ тутам үүсэж байсан ардчилсан хүчнийг олон түмэнд “түүхий харагдуулахгүйн тулд” жирийн нэг багш би бээр оюун санаагаа бололцооны хэмжээнд ашиглаж байсан (“Үг” сониныг хамгийн олон уншигчтай байх үед тэргүүн бичлэгийн шагнал авсан юм даг).

  1994-1996 оны хооронд Ардчил­сан хүчний “дайчилгаагаар” бараг 18 аймгаар явсан санагддаг. Одоо эргээд бодоход энэ бүхэнд оролцож, сайн муу хэлүүлж явахдаа өөрийгөө ардчиллын төлөө явж байна гэж боддог байсан бол харин одоогийн “ардчилсан бюрокартууд” энэ нөхөр намайг дарга болгохын төлөө ингээд гүйгээд байна гэж боддог байсан бололтой. Хааяа санахаас ч ичих шиг болдог юм. Ач холбогдолгүй юм шиг санагдах энэ бүх зүйлийг яагаад нуршаад байгаа юм бэ гэвэл Монголд ардчиллыг хөгжүүлэхийн тулд би бас зүгээр суугаагүй юм шүү гэдгээ ойлгуулах гэсэн юм. Дээрх үйл явдлууд ардчилалтай шууд болон дам холбоотой байсан билээ. Энэ бүхнийг ардчилал анх үүсэж байх үеийн бүх үйл явцыг хуу мэддэг гэсэн утгаар ярьж байгаа юм биш. Би ардчиллын анхны үйл явцын талаар олон юм мэдэхгүй. Ардчилал анх үүсэж байхад маш том үүрэг гүйцэтгэсэн “Шинэ эрин” (Бат-Үүлийн удирдаж байсан) бүлгэм, Залуу уран бүтээлчдийн зөвлөлгөөн зэргийн талаар тодорхой мэдэхгүй. Үүнээс гадна ардчилсан хөдөлгөөний хөшигний наана цаана янз бүрийн юм болж байсан гэдэг, тэр бүхнийг мэдэхгүй.

  Одоо би Ху намын “шинэ монголчуудад” үргэлж даапаа­луулдаг юм. Чиний хүсэж тэмцээд, амиа тавих гээд байсан нийгэмд чинь би чамаас илүү амьдарч байна шүү дээ гэж. Тийм ээ, энэ нийгмийг би хүсэж байсан, чи хүсэж байгаагүй. Гэхдээ миний энэ амьдрал юугаараа муу байгаа юм, би хэн нэгэн хүнд эд материал, хөрөнгө мөнгө, оюун санаа, ёс суртахууны ямар ч өргүй (нэр төрөө бодсон ийм байдлыг минь хэн ч анзаардаггүй ч гэлээ энэ нь миний хувьд маш чухал зүйл), өөрийн бодож санасныг чөлөөтэй хэлж чадаж байна. Гэтэл чи албан тушаал, эд хөрөнгө, нэр төр, үүх түүх, одоогийнхоо амьдрал гээд бүх юмаараа бусдаас хараат, бусдад барьцаалагдсан, бүх юмнаас айж байдаг хүн шүү дээ. Харамсалтай нь, ийм “недостойный” хүмүүс Ху намд төдийгүй АН-аар дүүрчээ.


АН-д либертари зарчмын үүднээс хандах нь

 Либертари шалгуурын үүднээс авч үзэх юм бол АН нь түүхийн өвдөл цөвдөл болсон. Ингэж хэлж буй либертари үзэлтнүүд гэж хэн юм бэ? Ардчиллын хамгийн аймшигт дайсан-коммунистууд хүртэл бууж өгчихөөд байхад энэ хачин юмнууд чинь ардчиллыг шүүмжилж зүрхэлдэг байна шүү! Ямар гээч дайсан хаанаас гараад ирэв ээ!

  Хүмүүс ер нь мэддэг болов уу, ардчиллыг шүүмжилсэн либер­тари шүүмжлэл бол ардчи­лалд дайсагнагч үй түмэн олиггүй шүүмжлэлээс шал өөр шүүмжлэл юм. Энэ бол ардчиллаас цааш явж, ардчиллыг ардчиллынхнаас гүнзгий ойлгосон хүмүүсийн шүүмжлэл. Үүнийг коммунлаг үзэлтнүү­дэд бууж өгөөгүй индивидуалистуудын шүүмжлэл гэж ойлгох хэрэгтэй.

  Хэдийгээр ардчиллынхан либертари үзэлтнүүдийг үзэн ядаж байгаа боловч өөрсдийнх нь хүсээд байгаа нийгэм либертари үзэлтнүүдгүйгээр ямар ч суурьгүй болохыг ойлгохгүй байна. Ойлго­сон ч зориуд ийм байр суурь баримталж байж болно. Тийм бол тэр нь улс төрчдийн амьдралын нөгөө увайгүй шинж мөнөөсөө мөн.

  АН-ынхан бол үнэхээр хол хоцрогдсон. Гайгүй гэж байгаа нэг нь бусдын талхны үртсээр хооллогсод. Эд үнэнээсээ юм уншдаг хүмүүсийг гүйцэхгүйгээ мэдээд нөгөө Энхсайхан шиг Америкийг дуурайхгүй, Монголын хөрсөн дээр юм хийнэ, буддизм гэхээс өөр хэлэх юмгүй хүмүүс болно доо, хараад байгаарай. Энхсайханы энэ үг бол үнэндээ хоцрогдсон, олон юм ойлгохгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн хүний үг байсан юм шүү дээ. Тэгээд л улс төржсөн ядруухан үг хэлсэн нь тэр.

  Арай оюунлаг түвшинд бол “ардчилал гоё, түүнээс бусад нь муухай” гэх нь үнэхээр яршигтай, улиг болсон хэллэг юм. Хувь хүнийг олонхийн дарангуйллаар дарамталдаг хэрэгсэл болох ардчиллыг капитализм хамгийн өндөр хөгжсөн, хувь хүний эрхийг дээдэлдэг орнуудад хүчтэй шүүмжлэн гарч ирж буй либертари онолын үүднээс ардчилал нь “нуруугаа авахуулсан морь”, “хүн төрөлхтөний өчнөөн жил өмссөн ноорхой дээл” болжээ. Энэ лоозунгоор 20-иод жил гоёсон АН-д уг ойлголтыг өмнөхөөсөө илүү өндөр түвшинд гүнзгий утгаар хэрэглэх болсныг анзаарах сөгөөтэй хүн алга. Нөгөө л хуучин арга барилаараа хамгийн ухамсаргүй хүмүүсийг хуурдаг үг төдий болгожээ. Гэхдээ АН-ынхан бол ойртох, хэлэлцэхийн аргагүй, цус, зовлон шаналал үнэртүүлсэн, хавчлага мөрдлөгө тогтож, хүнийг хүмүүнийх нь хувьд устгахыг эрмэлзэж байсан Ху-намынхнаас хамаагүй дээр л дээ. Гэхдээ л бидний шаардлагыг хангахгүй хүмүүс.

  Ардчилал, эрх чөлөө гэж хоосон бахирагчид бидний нүдэнд инээдтэй харагддаг. Эд бол нэг муу карьерист, улс төрчид. Зүгээр л софт-стэйтистүүд. Тэд сайн төр, сайхан төрийг бид л байгуулж чадна гэж мөрөөдөгчид. Либертари үзэлтнүүд төрийг төрийнх нь хувьд шүүмжил­нэ, түүнээс биш энэ намын төрийг шүүмжилнэ, харин тэр намын төрийг шүүмжлэхгүй гэсэн юм байхгүй. Төр бол хэн ч очсон оюун санаа-ёс суртахууны хувьд эвдэж хаядаг аймшигт механизм. Түүнд очсон ямар ч хүн цусанд улам бүр амтших вампир лугаа бусдын хөлс хүчээр амьдрах таашаалдаа улам бүр автдаг.

  Товчоор хэлэхэд, АН-ынхан бол коммунизмын нөхцөлд либерал ардчилагчид, пост-коммунизын нөхцөлд ардчилагчид, харин ардчиллын нөхцөлд бол софт-стэйтистүүд. Эд Эйн Рандын Роарк шиг хүмүүсийг эхлээд гайхаж хүндэтгэдэг, улмаар айж сүрдэнэ, сүүлдээ түүнд өширхөж үзэн яддаг. Эргэн тойронд маань Роаркийг ойлгодог мөртлөө түүнийг өөрсөд шиг нь төрд очиж хулгай хийгээгүй, бусдыг зусардаагүй, өөрийнхөөрөө байсны төлөө үзэн ядаж, түүнийг унаа­сай, уруудаасай, шалдаа буугаасай гэсэн далд ухамсартаа хөтлөгдсөн Киатин, Тухэй шиг хүмүүс дүүрэн байна.


АН, Ху нам хоёр бол “один чёрт”

  Өнөөдөр АН бол хамгийн шударга нам гэж ярих нь бодит байдалд даанч нийцэхгүй. Олон жилийн өмнө энэ намд үнэхээр сэтгэл татам шинж чанар байсан. Одоо бол хэдэн луйварчин, эрх ямбаны төлөө улайрагсдын нам болсон. Бидний үед АН-ыг сонгоно гэдэг бол аргагүй дэвшилтэт үзэгдэл байв. Харин өнөөгийн нөхцөлд АН-ыг сонгоно гэдэг бол даанч хоцрогдсоны шинж. АН ямар нам болсныг одоо энэ намын лидерүүд, олигархжсан байдал, идээчин уугаачин, хахууль­чин, архичид, хүүхэмсэг эрчүүд харуулж байна.

  Та нар хараа биз дээ, Элбэгдорж МР (парламентийн гишүүн) болох ногоон гэрэлтэй суудлаа хэрхэн МАХН-д тавьж өглөө, АН-ын МР нар хэрхэн нүдний булай болж байж УИХ дахь МАХН-ын бүлэгт элсээд сүүлд нь тэр бүлгэмээс хөөгдлөө, Элбэгдоржтонгууд бол Ху намтай нийлж Монголын Ардчилсан хөгжлийн нам (МАХН) гэдгийг байгуулах гэж байсан хүмүүс шүү дээ (Би үүнийг хүнээс сонсоогүй, ийм нэртэй нам байгуулах тухай үзэгчийн асуулт гарахад Элбэгдорж маш сайхан санал байна хэмээн “Ийгл” ТВ-ээр ярьж байхыг нь өөрийн чихээр сонссон юм шүү). АНУ-аас ирээд АН-д ямар ч албан тушаалгүй байхдаа Ху намд хичнээн тал засдаг байлаа. Ард түмний мөнгийг шамшигдуулагч Хүрэлсүх, Занданшатар, Бадамжунай нарыг шалгах болоод ирэхээр Элбэг­доржийн аутентик дүр төрх хэрхэн илэрч байгааг харсан биз дээ.

  Фройдистууд болон экзистенциалистуудын хэлээд байдаг үнэн шүү дээ, хүний аутентик ахуй жирийн нөхцөлд харагддаггүй юмаа гэж. Яг өөртэй нь адил нэг идээчин уугаачныг мөрдөх шалгах болоод ирэхээр тэд нэгнийхээ зовлонг ойлгодог. Энд нөгөө нам-хүчин энэ тэр хамаагүй болдог, бидний зэргийн хүмүүст энэ зэргийн юм байдаг гэсэн бодол толгойд нь орж ирээд нэгийгээ хамгаалдаг. Хүрэлсүх, Занданшатар, Бадамжунайг хамгаа­­лах шалтгаан Элбэгдоржид байгаа хэрэг, учир нь өөрт нь ч тийм юм байгаа л байхгүй юү, “Мах комбинат” энэ тэр гээд. Хэзээ нэг цагт өөрөө ийм байдалд орно гэдгээ нэг муу зөн билгээрээ мэдэж байгаа хэрэг. Элбэгдоржийн “Ард түмнийг хошгоруулна” гэсэн нь үнэн л байхгүй юу! Түүнийгээ ч хүлээн зөвшөөрчих зүрх зориг байхгүй, “хашгируулна” гэсэн гээд байгаа юм даа. Хичнээн логикгүй, үгээ олж ярьдаггүй хүн ч (тэр тусмаа Элбэгдорж шиг шүлэгч хүн) “би ард түмнийг хашгируулна” гэж хэлэхгүй нь мэдээж. Энэ нөхөр УИХ-д дэвших эмэгтэйчүүдийн квотын асуудал дээр ч гэсэн хэлсэн үгээ мөн л буцсан. Ер нь найдваргүй этгээд дээ.

  МАХН-ын хувьд бол бид энэ улс төрийн хүч­нийг ямар жигшмээр нам байсныг сонссон төдий биш бие махбодиороо мэдэрч, түүнийг үзэн яддаг болсон хүмүүс. Одоогийн АН-д байгаа 30-40-өөд настнуудаас Ху намыг үзэн ядаж, жигшиж байгаа жигшилт бол бидний үзэн ядалт, жигшилтийн хажууд бол эхнэр нөхрийн өдөртөө цайрдаг үл ялих үгийн сөргөлдөөн. Энэ залуучууд коммунистуудын бузар булайг ном, сурах бичиг, хүмүүсийн амнаас л сонссон байх. Нэгэнт өөрсдөө үзээгүй учраас үзэн ядалт нь ч өнгөц.

  Одоо Ху нам АН хоёрт зарчим, үзэл суртал гэж байхгүй, тиймээс үзэл санааны хувьд хоорондоо айхавтар хүчтэй дайс­нууд ч биш, зөвхөн төрийн эрх булаацалддаг хэсэг хүмүүс. Эд одоо Монголын хэдэн том уул уурхайг яаж хувааж идэхээ бодож байгаа, “Таван толгой-Оюу толгой” мэтийг тойрсон хэдэн толгой л болсон. Өөр юм байхгүй. Ху нам, АН хоёр нь өмч хөрөнгө, эрх мэдлийн төлөө намаа байтугай төрүүлсэн эхээ худалдахад бэлэн болсон хүмүүсээр дүүрсэн. Энэ хоёр намын лидерүүдийг харахаар Монгол гэсэн нэг том олз унагачихаад тал талаас нь зулгааж байгаа хоёр том чонын сүрэг санаанд ордог юм.

  Ху-нам, АН хоёр хоорондоо үнэхээр ялгаагүй болсон, нам дамжсан аймгуудын бүлэглэл энэ хоёр намд ноёрхож байна. Энэ хоёр нам нь идсэн ууснаараа барьцаалагдсан хоёр том “чонын сүрэг”. Ийм сэжиг хүрэм байдлаас нь болж сэхээтнүүд энэ хоёр намд ойртохоос дургүйцэж байна. “Один чёрт” буюу англиар “same shit” гэсэн үгийг бид бүхэн мэднэ дээ. Нэгнээсээ дээр гарах гэсэн хоёр муу зүйлийг шоолсон “хоёулаа л адилхан муу ёрын амьтад” гэсэн утгатай үг. Одоо Ху нам, АН хоёр бол яг “один чёрт”-ууд.

  АН-д орж, шинэчилсэн болж харагдах гээд байгаа залуучууд бол улс төр гэдэг бол хамгийн бага хүч зардаг мөртлөө хамгийн тансаг амьдардаг байр гэдгийг мэдэрчихсэн хүүхдүүд. Шинэчлэл гэдэг бол насны асуудал биш. Насан залуу тэгсэн атлаа хамгийн сайн номоор хангаад байхад дандаа дутуу дулим ойлгож байгаа залуучууд хэчнээн олон байна даа, энэ нийгэмд. Ийм залуучууд л АН, Ху намын ирээдүй болж байна шүү дээ. Биологийн нас, нийгмийн нас гэдэг бол шал өөр зүйлс юм байна лээ. Биологийн хувьд насан залуу атал шал хөгшин сэтгэлгээтэй, арга ядахад сэтгэх, дүгнэлт хийх, логик гаргалгаа хийх чадвар нь сул хүмүүс хэт олширчээ. Тэд хүний хэлснийг давтаж, аль эсвэл санааг нь хулгайлж өөр үгээр бурахаас өөр юм хийж чаддаггүй. Үндэслэгээний хамгийн муу хэлбэр болох “элэг барьж, мэдэмхийрэн үндэслэх” (argumentum ad ignoratiam) юмуу “завшиж үндэслэх” (argumentum ad baculinum) арга дээр тулгуурладаг. Тэгсэн атлаа бас “хувьсах логик” гэсэн хаана ч байдаггүй юм яриад байгаа юм шүү. Элэг барьж үндэслэж байгаа нь тэр. “Хувьсах логик” шүү! Хаанаасаа юу олж сонссон шүү юм бол доо. Философи, логикийн мэдлэггүй хүн бол “хувьсах логик” гэдэг нэг цоо шинэ, мундаг логик гараад ирсэн юм байлгүй гэж бодох байх л даа.

  Одоо АН-ыг дэвшилтэт хэмээн сонгох гэж байгаа хүмүүс үнэхээр алдаж байна. Дэвшилтэт бай­сан үе нь түүх болжээ. 1990 он гэхэд дэвшилтэт байсан юм, үнэхээр сэтгэл татам үйл ажил­лагаа явуулж байсан. Гэхдээ тэр нь энэ намыг дэмжиж байсан жирийн олон хүний хөлс хүч, идэвх зүтгэлээр бүтдэг үйл ажиллагаа байсан юм шүү. Тэр үед энэ намыг дэмжиж байсан олон хүн ажил амьдралаараа хохироод харин хэдхэн тооны хүмүүс хожоод үлдсэн. Тэгэхээр та одоо прогрессив зүйлийг регрессив болчихсон хойно нь сонгох гэж байна. Тэр үед бид­ний сонгож байсан АН-д үнэхээр хүн хүч хэрэгтэй байсан, хамгийн гол нь тэр үед энэ нам идээчин-уугаачингууд, эрх мэдэлд улайрагс­дын нам биш байлаа. Залуус та нарын ном сурах бичиг, хүмүүсийн амнаас сонсож буй аймшигт зүйл болох коммунизм тэр үед бодит хүч байсан юм. Харин өнөөдөр АН өөрөө тийм байр суурин дээр оччихоод байна. Ийм үед АН-ыг сонгож байна. Ер нь энэ 18 жилийн хугацаанд ардчиллаас хэн хамгийн их хожсон, хэн нь дандаа хамгийн түрүүнд явсан мөртлөө дандаа хохирч үлдэж байсан тухай асуудал бол сонирхолтой атлаа “хамгийн эвгүй” сэдвүүдийн нэг мөн.

  Гэхдээ энэ нам дотор жирийн хүмүүсийн төлөө тууштай хэвээр үлдсэн хүмүүс өдрийн од шиг боловч бас байна. Ард түмнийхээ дунд шударга үнэний дуу хоолой-билэг тэмдэг болсон Бат-Үүл шиг хүмүүс дээр л энэ намын нэр хүнд тогтож байна. Зүй бус замаар олж авсан өмч хөрөнгө, албан тушаалгүй тэрээр 1990 онд ямар байсан яг тэр чигээрээ нам доторх бусармаг зүйлийн эсрэг тэмцсээр. Ийм хүмүүсийг ямар ч албан тушаал, эд хөрөнгө нугалахгүй. Нугардаг нь хүмүүс нугараад, халширдаг хүмүүс нь халшраад дуусч байх шиг байна. Хамгийн их итгэж байсан хүн маань хүртэл саявтар миний хувьд юу ч биш болохоо харууллаа. Ялгарах үйл явц дуусч байх шиг байна.

  Намайг сонгуульд оролцохгүй тухайгаа бичсэн чинь (2008 оны нэгдүгээр сарын 24-ны “Ардын эрх”-д гарсан Таны мөнгөөр танаас илүү амьдрах арга хэмээх өгүүлэл) АН-ынхан л хамгийн их хорсож, үзэн яддаг юм байна. Явж явж эд нар чинь хүлцэнгүй тэвчихүйгээ хамгийн их алдсан нөхөд байна шүү. “Бидэнтэй биш л бол бидний дайсан” гэх нь шив дээ. Муухай тулгалт хийж байгаа юм шүү. Тулгалт ч биш бүр хүчирхийлэл. Бие даасан, өөрийн бодолтой, улс төр-сонгууль зэргийг сонирхдоггүй хувь хүн байж болохгүй юу! Тэгвэл дахиад хэлье, би тэр сонгуульд чинь оролцохгүй. Та нарыг би өөрийнхөө мөнгөөр өөрөөсөө илүү тансаглуулахын тулд та нарын төлөө сонгуульд оролцох ёстой юм болж байна уу? Гэхдээ оролцох эрхтэй хүмүүст ч саад хийхгүй, хэрэв тэдэнд хандаж өөрийн бодлоо хэлэх бололцоо олдвол МАХН, АН хоёрт саналаа битгий өгөөрэй гэнэ. Тэгээд ч намайг өөрийн төлөө саналаа өгөхийг албадаагүй, өөрийн сонголттой байх эрхийг минь хүлээн зөвшөөрсөн (“free to choose”), хамгийн гол нь эвдэрч амжаагүй, жирийн хүмүүсийн төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэх-сэтгэл нь бадарч байгаа дээр нь хамгийн том Иргэний Эвсэлд саналаа өгмөөр санагдаад явчих­сан шүү.

  Либертари үзэлтэй хувь хүмүүс коммунизм өндөлзөөд ирсэн тохиолдолд АН-тай нийлнэ, түүнээс бусад тохиолдолд тэдний софт-стэйтист байр сууринд үргэлж шүүмжлэлтэй хандах болно. Гэхдээ коммунизм эргэлт буцалтгүй нурсан болохоор бидний зам бараг огтлолцохгүй биз ээ.

  АН түүхийн өвдөл цөвдөл болсон, харамсалтай нь чалхгүй нөхөд байсан учраас даанч цөөхөн жилийн дотор зэвэрчихэв ээ, хөөрхий! Төрд очсон бүгд ялзардаг л даа, гэхдээ эд даанч амархан ялзарлаа.

Таны мөнгөөр танаас илүү амьдрах арга

"Төр бол хүн бүр түүний нэрээр түрээ барьж, бусдын хүч хөдөлмөрөөр амиа зогоох гэсэн асар том зохиомол зүйл болой"

Фридрих Бастиа

Сонгууль бол төрийг босгох үйл ажиллагаа

Таны хувьд яадгийг мэдэхгүй юм, миний хувьд ойлгомжтой гэж үзсэн зүйл маань огтоос ойлгоогүй асуудал байх нь олонтаа. Тийм асуудлын нэг нь сонгууль болоод байна. Улстөрчид болохоор сонгууль гэдэг бол иргэн-та төрийн эрх барьж байгаагийн илрэл гэж ойлгуулахыг хичээгээд байдаг. Би тэрийг нь ойлгодоггүй. Бүх хүний ойлгож байгаа зүйлийг ойлгохгүй байгаадаа хүлцэл өчих ялдамд өөрийн скептик бодол санааг та бүхэнтэй хуваалцахаар шийдсэн нь энэ болно.

Ер нь сонгууль гэж юу юм бэ гэсэн “ойлгомжтой” асуудлыг дахин нухацтай бодоод үзвэл яасан юм! Миний либертари итгэл үнэмшил дараахь зүйлийг хэлж байна. Сонгууль бол төрийг босгох үйл ажиллагаа, өөрийнхөө төлөө саналаа өгөхийг танаас гуйж буй хүн бол сонгогчдоос ажил гуйж буй хүн. Та сонгуульд оролцож тэр хүнийг ажилд авсан бол цалинжуулах ёстой. Энд тэр хүний төлөө саналаа өгсөн үү, үгүй юү гэдэг огт хамаагүй. Нэгэнт сонгуульд оролцсон бол ялсан нэр дэвшигчид дуугүй зөвшөөрлөө (tacit consent-оо) өгчихжээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүн таны хүссэнээр гарсан ч, эс хүссэнээр гарсан ч түүнийг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн хэрэг. Одоо тэр хүнээ цалинжуулахаас өөр аргагүй.

Түүний цалин мөнгийг төдийгүй гэр бүлийнх нь эмчилгээний зардал, даатгал, байр орон сууц, харуул хамгаалалт, машин болон утасны тооцоо, гадаад томилолт нэртэй аялал-жуулчлал, элдэв төрлийн хүлээн авалт, найр наадмынх нь зардлыг бас даадаг. Гэхдээ та энэ мөнгийг шууд хармаанаасаа гаргадгүй учраас тэр хүнийг цалинжуулж байгаагаа мэдэхгүй. Та ашиг, нэмүү өртөг, орлого, үл хөдлөх хөрөнгө, машины гэх мэт татваруудыг төлснөөрөө төрд гаргасан хүнийхээ тансаг хэрэглээний зардлыг дааж эхэлдэг. Гэхдээ энэ олон татвар бол ил харагдаж буй зүйлс. Эдгээрээс гадна танаас мөнгө салгах өөр олон арга бий. Таны худалдан авч буй талх, мах, гуриланд чинь шингэсэн нуугдмал татвараас улстөрчид өөрсдийн мөнгийг гаргаж авна. Түүгээр үл барам элдэв төрлийн журамлалт, зөвшөөрлийг далимдуулж хээл хахууль нэхнэ.

Тэгэхээр шулуухан хэлэхэд, саналаа өгөхийг гуйж буй хүн бол "би таны мөнгөөр танаас илүү хангамжтай амьдралд очъё" гэж хэлж байгаа хүн байх нь. Сайн улстөрч гэдэг бол таны мөнгөөр танаас илүү амьдрахыгаа танаар зөвшөөрүүлж чаддаг хүн болж таарлаа. Бид сонгуульд саналаа өгснөөр өөрсдийнхөө мөнгийг үрэх хүнийг гаргаж ирж байгаа хэрэг болж байна.

Улстөрч гэдэг бол шууд утгаараа бусдын мөнгөөр амьдрагсад юм уу аль эсвэл бусдын мөнгөөр амьдрахыг хүсэгчид болохыг өнөөдрийн Монголын амьдрал маш тодорхой харуулдаг. “Төрийн хүмүүс" маань одоо өөрсдийн мэргэжлээрээ (хэрэв тэд улстөрч гэдэг хүний мөнгөөр амьдардаг мэргэжлээс гадна ажил хийж мөнгө олдог өөр ямар нэг мэргэжил хэзээ нэг цагт эзэмшсэн бол) хамгийн муу мэргэжилтнүүд болсон.

Нийгэм асар хурдацтайөөрчлөгдөж үнэхээр ажил хийж амьдардаг хүмүүс маш хурдан чадавхжиж байна. Иймд нөгөөдүүл маань мэргэжлээрээ аль хэдийнээ хоцорсон. Жинхэнэ зах зээлийн нийгэмд дарга гэсэн мэргэжил байдаггүй. Чалхгүй болсон эдгээр хүмүүс үүнээс хойш төрөө хөхөж амьдрахаас өөр аргагүй. Энд яригдаж буй зүйлс үнэн гэдгийг 10-20 жил албан тушаалын далбаан дор амьдрагсдын намтар түүх, удаа дараагийн сонгуулиар гэрийн тань үүдэн дээр уйлан дуулаад зогсож байдаг дүр төрх, аль нэг албан тушаалд очих гээд ичих нүүрээ алддаг байдал харуулдаг.
Төрд очихыг хүсэгчид таныг жинхнээсээ хэрхэн үнэлж байдгаа сонгуулийн үед өөрийн эрхгүй харуулдаг. Бүх хүнийг өөр шигээ боддог тэд ичих ч үгүй 5-10 мянган төгрөг, нусны алчуур, аяга, календарь энэ тэрийг тараана гээч. Биднийг доромжилж байгаа хэрэг биш гэж үү! Сонгогчдынхоо итгэл-үнэмшлийг хэр хэмжээнд үнэлж байгаа нь харагдаж байгаа юм. Герман, Англи, АНУ-д нэр дэвшигч ийм үйлдэл хийвэл ер нь яах бол доо.

Би сонгуульд оролцолгүй хохирмоор байна

Та сонгуульд оролцоогүйгээрээ эдлэх ёстой эрхээ эдэлж чадахгүй, эсрэг саналтай хүнд бололцоо олгож, өөрөө л хохирч байгаа юм гэсэн нэг их ухаантай ятгалгыг сонссон л байлгүй. Ийм үндэслэлээ бидэнд хэлж л битгий инээд хүргээрэй. Сонгуульд оролцох явдал бол аль ч утгаараа төрийг босгох үйл ажиллагаа гэдгийг бид мэдэхийн дээдээр мэднэ. Тэгэхээр энэ үгээ хэлдэг газраа хэлж, итгэдэг хүмүүстээ итгүүлэх хэрэгтэй.

Онол ярьж биднийг гэгээрүүлэх гэж байгаа бол либертари үзэлтнүүд бид ухаалаг сонголтын онолын талаар стэйтистүүдээс арай илүү мэдэх байлгүй. Сонгогч-бид хүлээж буй үр дүнгээ ихэсгэхийн тулд аль болох өндөр дунджийг эрэлхийлдэг максимизын (maximize) зарчмыг баримтлах аваас АН юм уу Ху намыг сонгохоос өөр аргагүй. Харин муу үр дүнгээс аль болох зайлсхийх зарчим болох максиминыг (maximin) баримтлах юм бол ИХ нам, Ногоон нам юмуу түүнтэй төстэй намуудыг сонгох болно. Хамгийн сайн үр дүн хүлээдэг максимаксын (maximax) зарчмыг баримталбал алийг ч сонгохгүй байх нь дээр болоод байгаа юм. Сонгуульд оролцохгүй байх шийдвэр бол өөрөө сонголт мөн.

Тоглоомын онолд байдаг “Хоригдлын дилемм” хэмээх парадокс ч сонголт хийх нь хэчнээн төвөгтэй зүйл болох, бололцоотой бол түүнд оролцохгүй байх нь зөв болохыг харуулдаг. Уншигч авгайг төвөгшөөхгүй бол энэ парадоксыг товчхон тайлбарлая. Гэмт хэрэгт холбогдсон хоёр хүн шоронд хоригджээ. Нэг дэх тохиолдолд, нэг нь хэргээ хүлээж, нөгөө нь эс хүлээх аваас эхний хүн тэр дороо суллагдаж, нөгөөдөх нь 20 жилийн ялтай. Хоёр дахь тохиолдолд хоёул хэргээ хүлээхгүй бол тэр хоёр хэдэн сар суугаад шоронгоос гарна. Гурав дахь тохиолдолд хоёул хэргээ хүлээх аваас 15 жилийн ял авна. Тэр хоёр хоорондоо харилцах ямар ч боломж байхгүй. Ийм тохиолдолд ямар сонголт хийх вэ, энд зөвхөн өөрийгөө бодож сонголт хийх юм бол өөртөө гай тарина. Мэдээж хүмүүс энэ бүх онолыг мэдэж байж сонгуульд оролцоно гэж байдаггүй, гэхдээ аливаа зүйлд ухамсартай хандаж, учир начрыг тунгаах гэдэг хүмүүст сонголтын энэ онолууд гүнзгий санаа өгдөг.

Миний ажигласнаар дэлхийн хөгжилтэй орнууд дахь сонгуульд оролцдоггүй 40-50 хувийнхан бол хамгийн бие даасан иргэд юм. Максимаксын зарчмыг баримтлагсад. Тэнд сонгууль гэдэг үзэгдлийн талаар тааруухан сэтгэгдэлтэй, сонгуулийг үр ашиггүй зүйл гэж үздэг хүнийг сонгуульд оролцохыг албадаж чаддаггүй. Энэ 40-50 хувьд хамаарагдаж буй иргэдийн хувьд залхуу, идэвхгүй гэсэн хялбарчилсан тайлбар даанч таарахгүй. Тэд зүгээр л төртэй ч, төргүй ч амьдарч чадна гэдгээ мэддэг хүмүүс. Тэдний хувьд төр бол хааяа ирж хуулиар далайлгаж байгаад олсон орлогоос нь дээрэм хийгчээс өөр зүйл биш.

Өөрийнх нь амьдрал төрөөс хамааралтай, төр сайхан бол бид сайхан амьдарна хэмээн боддог хүмүүс л сонгуулийн байр руу явахдаа сүм рүү очиж байгаа сүсэгтний психологитой байдаг. Сүмд очиж хувь заяагаа бурханд даатгачихаад хэсэг зуур сэтгэл тань сэргэдэг шиг тэр нэг хүний төлөө саналаа өгчихөөр амьдрал дээшилчих шиг юм бодно. Та ингэж өөрийгөө хуурахыг хүсэж байдаг. Сайхан зүүднээс тань сэрээж, урмыг тань хугалсан хүнтэй дайсагналцахад бэлэн байгааг ойлгож байна. Гэхдээ л хэлье. Байдал яг эсрэгээрээ байдаг юм шүү. Сайн-сайхан төрийн тухай мөрөөдөгчдөд хандаж Ф.Гельдерлиний хэлсэн үгийг сануулъя: “Хүн төрийг энэ дэлхий дээрх диваажин болгох гэж оролдсоноороо дэлхий дээрх там болгож орхидог.”

Жирийн иргэн намайг сонгуульд оролцохгүй гэхэд хэн дургүйцэх вэ? Мэдээж миний сонгуульд оролцох эрхийг үүрэг хэмээн ойлгуулахыг оролдож байдаг улс төрчид хамгийн ихээр дургүйцнэ. Энд Ху нам, АН, ИХ нам, Ногоон нам ялгаагүй бүх улстөрчид либертари үзэлтнийг хялайн хардаг. Гол шалтгаан нь өөрсдийнх нь төлөө саналаа өгсөнгүй, өөрсдийг нь дэмжсэнгүй гэж л тэр. Тэднийг сонгохын тулд бид хүн болж төрсөн юм байх. Бид өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил бүхий хувь хүн биш зөвхөн сонгогч. Гэтэл жирийн иргэдийн хувьд хэн сонгуульд оролцож, хэн оролцохгүй байгаа нь огт хамаагүй байдаг. Намайг сонгуульд оролцсонгүй гээд хажуу айлын Дорж хялайгаад байдаггүй. Жирийн иргэд энд нэг нэгийнхээ үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, жинхэнэ хүлцэн тэвчихү йг баримталж харьцдаг.

Хамгийн сайн сонголт бол сонгуульд оролцохгүй байх явдал гэдгийг энэ хэдэн жилийн хугацаанд ойлгож авсан. Ядаж л миний сонгосон тэр бодгаль төрд гараад идэж уугаад эхлэх үед би л лав энэ заваан нөхрийг гаргаж ирэх үйл ажиллагаанд оролцоогүй шүү дээ хэмээн өөрийгөө тайвшруулаад зогсож байдаг. Ер нь уншигч та өөрийг тань даапаалсан "ямар сонгогч байна тийм гишүүн байна” гэсэн үгийг сонссон уу? Энэ юу гэсэн үг вэ гэвэл хээл хахууль авдаг, хулгай хийдэг, улсын мөнгийг завшдаг, хүний мөнгөөр мөрийтэй тоглодог гишүүнийг гаргаж ирснээрээ таны хохь гэсэн үг шүүдээ.

Нэр дэвшигчдийн гэнэхэн хүсэл

Биднээр төрөө босгуулж аваад өөрсдөө дотор нь ороод суух гэсэн улстөрчдийн ойлгуулах гээд байдаг зүйлийг тайлбарлаж өгье. ХХААЯ гэж байхгүй бол малчид малаа маллаж, тариаланчид тариагаа ургуулж чадахгүй. ЭМЯ-гүй бол эмч өвчтөнөө эмчилж, БСШУЯ-гүй бол багш хичээлээ зааж чадахаа больчихно. Тэгэхээр эдгээр Яам байгуулагдаж, нөгөө улстөрч нь сайд, дор хаяхад яамны газрын дарга болсон үед малчин, эмч, багш нар сая нэг юм ажлаа хийж чаддаг байхгүй юу!

Би улстөрчид, бүр тодорхой хэлэх юм бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын гишүүд, бүх эрхтэн дархтан, эвэртэн туурайтнуудад хандаж дараахь үгийг хэлмээр санагддаг. “Та өөрийнхөө үг хэл, тэр ч бүү хэл бодол санаандаа бүү итгэ, ганцхан үйл хэрэгт итгэ” (Л.Толстой).

Улстөрчдийн дотоод сэтгэлд үнэхээр эх орноо мандуулъя, сэргээе, ард түмнээ жаргаая, энэ ажлыг тэр биш би л хийж чадна гэсэн бодол агуулагддаг байж болно. Тэр ч бүү хэл, ямар ч үед шулуун шударга байж, зөвхөн ард түмнийхээ төлөө ажиллана гэж боддог байх. Ингэж бодож байгаагаа хэлдэг, зарладаг, тунхагладаг. Бид ч зөндөө сонссон. Харамсалтай нь энэ бүхэн үйл хэрэг биш, улстөрчдийн бодол санаа эсвэл үг яриа төдий үлддэг. Улстөрч маань өөрийн эрхгүй “энхрий хайрт намаа”, насан турш нөхөрлөсөн найз нөхдөө, төрүүлж өсгөсөн аав ээжийгээ, эхнэрийнхээ ядарсан ах дүүгээ бодохоос өөр аргагүй байдалд ордог (таныг аль болох сайн сайхнаар төсөөлөх гэж оролдож байна шүү дээ). Ийм учраас нөгөө сайхан бодол санаа, үг хэл хэзээ ч үйл хэрэг болдоггүй. Яг ийм шалтгаанаар "ганцхан үйл хэрэгт итгэ” гээд байгаа юм.Тэгэхээр Толстойн дээрх үгийг сонссон уу, сонссон бол ойлгосон уу, ойлгосон бол үйл хэрэг болгосон уу хэмээн дахин асуумаар байна. “Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хүнийг хязгааргүй эвддэг” гэж Лорд Актон үнэн хэлжээ.

Сонгуулийн дараа

Сонгогч та мэднэ дээ, сонгуулийн үеэр өдөр шөнөгүй хаалга хонхдоод гуйлга гуйгаад зогсчихдог, санал гуйж байх үедээ таныг тэнгэрт тултал магтан ухаантайг чинь гайхаж, өгөөмөр сэтгэлийг чинь шагшаад байсан нөгөө хүн сонгууль өнгөрөнгүүт хачин ихэмсэг болчихно шүү дээ.

Аргагүй шүү дээ, та ингэ л гэж түүнийг гаргаж ирсэн юм чинь. Тэр этгээд нэгэнт уг байр сууринд очсон бол таны зөвшөөрөлгүй өөрийн цалинг нэмэх, гар хөл бологсдодоо орон тоо батлах эрхтэй. Хормой дор шургалагсад ч түүнийг ятгаж гарна: Танд өч төчнөөн хамгаалалт хэрэгтэй, гадаад орны парламентийн гишүүд ийм хангалттай байдаг, сайд хүн тийм машин унадаг, манай яам төчнөөн хэлтэс, тасаг, алба-газар, нарийн бичгийн даргатай байх ёстой гэх мэтчилэн. Энэ мэтээр төр данхайна, түүнийг дагаад зардал томорно, зардлыг дагаад татвар ихэснэ. Харин таны үүрэг бол тэр ихэссэн зардлын төлбөрийг хийх явдал. Энэ үед тэр хүний талаархи бодлоо хэчнээн өөрчлөөд нэмэргүй, ямар ч байсан дөрвөн жил хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ та хэзээ ч хаширдаггүй, дөрвөн жилийн дараа дахиад л нөгөө хүн аль эсвэл өөр хэн нэгэнд хууртагдана. Ингэж дөрөв дөрвөн жилээр хүний тоглоом болж хуурагдсаар насыг бардаг.

Сонгуулиар дандаа бэртэгчингүүд хождог гэдгийг та бүхэн 2004 оны сонгуулиар харсан. 2000 оны сонгуулиар АН навс ялагдчихаад байх үед ардчилалд дасан зохицож ядаж байсан жирийн иргэдийн зүрх сэтгэлд хамгийн их итгэл найдвар төрүүлж байсан хүмүүс бол Бат-Үүл, Баабар нар билээ. Энэ хоёр хүнийг байсан учраас Ху намын нөгөө муухай махны машин хувь хүний эрх чөлөөг нухчин дараад хаячихаж чадахгүй гэж найдаж байв. Эрх чөлөөг эрхэмлэгч хүмүүс дотоод сэтгэлдээ энэ хоёрыг л ханьсааж байлаа шүү дээ. Гэтэл 2004 онд АН овоо хэдэн суудал авмагц албан тушаалд хорхойсогчдын байгууллага болох “Алтан гадас"-ынхан, биеийн амрыг хараад гадаадад хэвтэж байсан юмнууд, пүүс-компанийн эзэд гэнэт гарч ирээд хамаг эрх мэдлийг авчихсан. Тэгээд дандаа өөрсөд шигээ юмнуудаар төрөө дүүргэж авсан гээч. Хайк ийм хүмүүсийг хараад “Яагаад хамгийн олиггүй нь засгийн эрхэнд ордог юм бэ?" хэмээн гайхаж эгдүүцсэн асуултаа тавьсан байх.

2008 оны сонгууль дөхөж байгаа энэ үед жирийн иргэн би бодол санаагаа Үндсэн хуулиар “төрийн эрх барьж буй” ард түмэнтэйгээ хуваалцахад ийм байна. Ирэх сонгуульд “Гулибэлийн аялал” номон дээр гардаг Саймон шиг сонгогч аль болох цөөн байх болтугай! Коммунизмын үеийн “дайчилгааны сонгуулийн психологиосоо" салцгаая! Бид чинь сонгууль гэсэн “гэрэл асахаар сонгуулийн байр руу гүйлдэн очиж байдаг” болзолт рефлексэндээ удирдуулсан Павловын ноход шиг амьтад биш биз дээ!

Эцэг ба эхийн гипнози

Ард тvмэн бvхнээс ухаантай, олон тvмэн бvхнийг шийднэ. Yvн шиг сонсоход сайхан боловч хоосон агуулгатай ишлэл ховор биз ээ. Тvvхэн дэх Геростратуудыг харж байхад ард тvмний нэрийг барьж байгаагvй хvн ховор байдаг. Гитлер, Сталин, Чойбалсан, Мао, Пол Пот гээд хэн ард тvмэндээ их гай тарьсан байна, тэд ард тvмний нэрийг хамгийн их барьдаг. Тэд ард тvмний нэрийн ємнєєс ард тvмнийг буудаж, яргалж, цєлж хэлмэгдvvлж байсан нь баримт.

Тэгэхлээр ард тvмэн, тэдний хvсэл зориг гэж юу юм бэ? Хэн нэгэн нь ямар нэгэн зорилгын vvднээс хvн амын доторхи юмны учир начрыг ойлгоогvй хэсгийг ойлгосон хэсэгт нь сєргvvлэн тавьж, єєрсдийн vйлдсэн харгислалаа нуун далдлахад хэрэг болдог заль мэх тєдий зvйл биш биз дээ. Яг ийм сэтгэгдлийг XX зууны социалист коммунист тvvх харуулж байна.

Одоогоор олон тvмний санаа бодлын талаар хамгийн дорвитой судалгаа хийсэн хvний тоонд бидний хувьд “нэг муу интэй хvн” гэгддэг, Барууныхны хувьд хvн тєрєлхтний соёл иргэншлийн тvvхийн гайхамшигт нэгэн од болсон З.Фрейд орно. Фрейд олон тvмнийг зохиомол (энэ нь сvм хийдийнхэн, цэргvvд, элдэв албан байгууллагынхан г.м нийгмийн юмс vзэгдлээр нєхцєлдсєн масс) ба тєрєлх (энэ нь хамаатан садангууд, ястан, vндэстэн, нэг угсаатан зэрэг байгалийн шинжтэй юмс vзэгдлээр нєхцєлдсєн масс) гэж хуваагаад энэ хоёрт шингэмэл байдаг психологийг авч vзжээ.

Энд юуны тvрvvнд нийгмийн психологи гэдгийг товч байдлаар илэрхийлчих нь зvйтэй болов уу. Нийгмийн психологи гэдэг бол миний бодсон Доржийн бодол санаатай таарахгvй. Доржийнх Шагдарынхтай таарахгvй гэх мэтээр яв явсаар эцэстээ хэнийх ч биш боловч олонхийн санаа бодолд тохирсон уур амьсгал нийгэмд тогтохыг хэлж байгаа юм. Нийгэм дэх оюун санааны энэхvv тогтоцод нарийн ээдрээтэй, тооцоонд ордоггvй зvйл их байдаг боловч хувь хvний психологитой харьцуулан авч vзэхэд зохих хэмжээгээр ойлгогддог зvйл болохыг Фрейд “Хувь хvний ухамсарт хийсэн анализ ба олон тvмний психологи” бvтээлдээ харуулжээ.

Олон тvмний психологийн бас нэгэн vндсэн шинж бол эргэлзэх, эргэцvvлэх сэтгэлгээ байдаггvй явдал мєн. Олонхийн санал сэтгэгдэл буруу ч, зєв ч аль нэг талд нь хэдийнээ зогссон байдаг. Энэ нь олон тvмэн хувь хvнийг бодох юм бол юманд илvv сураг ажигчаар явж, дам харьцдагтай холбоотой. Хувь хvн єєртєє хамаатай аливаа асуудлыг шийдэхэд оюун ухааныхаа vvднээс ихээхэн нухацтай ханддаг бол олон тvмэн асуудалд сэтгэл хєдлєлийн vvднээс сонссон, сурснаараа ханддаг.

Одоо манайд олон тvмний психологийн юманд шvvмжлэлгvй, эргэлзээгvй ханддаг энэхvv шинжийг улам бvр нарцист (єєрийгєє шохоорхох) шинж агуулгатай болгож байна. Фрейдо-марксист Э.Фроммын хэлсэн тэрхvv биологийн шинжтэй, єєрийн гэсэн болгоноо дєвийлгєсєн эгоист шинжтэй хайр нь бидний Монголчуудын дунд хамгийн ихээр тєлжиж байна.

Манай ард тvмэн бvхнээс илvv хийдэг байсан, манай ард тvмэн бvхнээс илvv мэддэг байсан, монголчууд хvн бvхнээс илvv авъяас чадвартай, хvн тєрєлхтєн бараг л биднээс vvссэн, харин бид болохоор чоно, буга хоёроос vvссэн мэтээр ярьж, нийгмийн маш их хvн цаг ба оюуны, материаллаг энергийг єнгєрсєн улирсан юманд ашигт vйлийн коэффицент багатай зарцуулахад чиглvvлж байгаа тэр хvмvvс бол одоогийн нєхцєлд улс, эх орон, ард тvмэндээ хамгийн уршиг тарьж байгааг бид ойлгох ёстой.

Yнэний єєдєєс дальдрахгvй шиг харж байгаад хvн тєрєлхтний соёл иргэншилд юу оруулснаа тооцоцгооё. Бий л дээ, бий. “Нууц товчоо”, “Ганжуур”, “Данжуур” (энэ хоёрыг бvтээсэн хvмvvс монголчууд байсан гэдэг нь эргэлзээтэй ч гэсэн), нvvдлийн євєрмєц аж тєрєх ёс, соёл гээд дуугvй байхгvйн тулд юм тоочоод байвал тоочоод л байх. Гэтэл оршин байх хугацаандаа энэ хэрийн юм бvтээгээгvй ард тvмэн гэж байна уу! Дээрх зvйлс Монголын хєгжилд хэр зэрэг хувь нэмэр оруулсан вэ! Хvн тєрєлхтєнєє байг гэхэд єєрийн Монгол vндэстнээ хєгжихєд ямар шvv хувь нэмэр оруулаа вэ гээд биднийгээ тvгдрvvлчихээр (лав л намайг тvгдрvvлдэг юм) асуулт их байна.

Одоо бидний єдий дайтай амьдарч, ажиллаж, сэтгэж байгаа хэнтэй, юутай холбоотой юм бэ! Хувь хvний хувьд ч тэр, улс vндэстний хувьд ч тэр одоогийн байгаа байдал нь тэдний тvvх, уламжлал, соёл, шинжлэх ухаан, хєдєлмєрлєх чадвар зэрэгтэй нь л холбоотой. Тvvхэнд маань байгаа сайн сайхан нь тєдийгvй муу муухай нь хvртэл бидний нэг хэсэг гэдгийг бид мартах учиргvй. Бид цємєєрєє Чингис, Чингvнжав, Сvхбаатар, Гэндэн нарын тєдийгvй Жамуух, Занабазар, Эрдэнэшанзав, Чойбалсан нарын vр сад мєн. Бид, бидний ємнєх vе маань ухаантай, чадалтай, сайн сайхан байсаар байтал байдал маань гэнэт ийм болчихсон мэтээр сэтгэж болохгvй.

Гамзатовын хэлснээр намайг єнгєрсєн vеэ гар буугаар буудаж байна гэж битгий бодоосой. Yгэнд минь єчvvхэн тєдий хар санаа байвал ирээдvй vе маань намайг их буугаар байтугай цємийн зэвсгээр ниргэсэн ч болно. Би vнэнийг гагцхvv ил тодоор хэлэхийг хvсч байна. Yндэсний єв уламжлал, тvvх, соёл гэсэн далбаан дор єєрсдийнхєє дутагдлыг нуун халхавчлах оролдлого байгааг мэдэрч тvvнийг vзэн ядаж байна. Дутагдлаа єєрєєсєє харахыг хvсч байна. Тэд яагаад биднийг эзэлчих вэ гэхээсээ ємнє бид яагаад эзлэгдчихвээ гэмээр байна. Ингэж хэлснээс болж буруушаагдвал буруушаагдахаас.

Би эх орон, ард тvмэндээ хайртай хvн. Магадгvй эх орны “тусгаар тогтнол” гэж хашгирагсдаас илvv ч хайртай байж магадгvй. Тэр тусмаа єєртєє шvvмжлэлтэй хандаж, vнэнийг хэлэх ёстой гэж бодоод єєртєє ноогдсон ажлаа дуугvйхэн хийгээд явах юм уу, хэдэн тєгрєг хєєж явахгvй ийм зvйл эрээчиж сууна.

Олон тvмэн минь! Биднийг бусад vндэстэн ястнаас огтхон ч дутахгvй харин ч дэлхийн хєгжлийн охь манлай байсан мэтээр ярьж байгаа цаад хvмvvс чинь vнэнээс дєлж, олон тvмэнд тал засаж байгаа хэрэг юм шvv.

Олон тvмний психологийн талаар Фрейдийн хийсэн бас нэг гашуувтар боловч vнэн дvгнэлт бол олон тvмэн тєрлєхєєсєє ямар нэгэн удирдагчыг хvсэн хvлээж, эрэн хайж, уг чанараараа нэр хvндэд шvтэж байдгийг харуулсан. Олон тvмэн удирдагчаа алдаад бvгд єєр єєрсдийгєє бодсон психологийн тєлєв байдал болох паниконоос ямагт зайлсхийж, зугатахыг оролдож байдаг. Энэ бол бvр сvргийн амьдралын vеэс vлдсэн инстинкт юм. Энэ инстинктээр олон тvмний психологийн дээрх шинж тайлбарлагдана.

Ард тvмэн ямар нэгэн байдлаар єєрсдийнх нь анхаарлын тєвд байгаа хvнийг итгэл, найдварын нvдээр харж, тvvнийхээ маш халгаатай дутагдлыг хvртэл хvлээн зєвшєєрєхєд бэлэн байдаг. Тvvхэнд чанга гартайгаараа алдаршсан Чингис, Догшин Иван, Их Петр, Напалеон нар олон тvмэнд хэдий чинээ хатуу хандана тэд тєдий чинээ дальдчин єєр рvv нь зvтгэдэг учир ийм ажээ. Олон тvмнийг ийм фанатик байдалтай болгохыг Фрейд захирах гипноз буюу “эцгийн гипноз” гэж нэрлэсэн. Гипнозийн энэ тєлєв байдал нь олон хvнийг хамрах тусмаа улам бvр гvнзгий шингэдэг. Yvнийг коммунист дарангуйллын дор байсан иргэд бид сайн мэднэ. “Сталин мандтугай!” гээд танкин доогуур орж буй цэрэг, “Хайрт эцэг Чойбалсан минь нас барчихлаа” гээд vvдээ тvгжээд хэд хоногоор уйлж байгаа малчин євгєн, дэлхийн хувьсгалын улаанаас улаан наран Мао даргынхаа номыг толгой дээрээ бариад хашгирч яваа хунвэйнчvvд (улаан хамгаалагч), Их удирдагч Кимийнхээ тэмдгийг ижил єнгийн хєх хувцсан дээрээ зvvсэн хєдєлмєрчид, гэрэл цацарсан танхимд их хуралдаа суугаад алгаа хорстол зэрэг зэрэг алга ташин, “Найрамдал-Дружба” хашгиралдаад сvvлд нь намынхаа магтууг дуулж байгаа намын гишvvд энэ бvхэн яасан адилхан дvр зургууд вэ? Одоогоор эдгээр ард тvмний зарим нь “эцгийн гипноздолтын” нойрноос сэрсэн, зарим нь сэрж ядаж, зарим нь сэрээгvй л байна.

Олон тvмний психологид нэвтрэн орох “эцгийн гипнозийн” арга явуургvй болж дэлхийн улс тєрийн тавцнаас арчигдаж байгаа бєгєєд оронд нь Фрейдийн тайвшруулах гипнози буюу “эхийн гипнози” гэж нэрлэсэн тэр арга зонхилох шинжтэй болж байна. Yvнийг улс тєрд ардчилал гэдэг ажээ.

Санаагаар болдогсон бол олон тvмний психологийн дээр єгvvлсэн дутагдалтай шинжvvдийг алга хийвэл зохилтой байдаг авч тэдгээр нь нийгэмд байгаа олон тvмэн юм vзэгдлийг нэгэн зэрэг ижил тvвшинд ойлгочих боломжгvйтэй адил арилгах аргагvй зvйл байдаг. Тvvгээр vл барам тэдгээрийг тооцон ажиллах болдог нь нэн гачлантай.

Олон тvмний психологид таарч тохирох гэж оролдохгvй чигээрээ урагшилсан тэр хувь хvнийг нийгэм vл зєвшєєрнє. Ялангуяа улс тєрд. Тийм ч учраас улс тєрчид єєрсдийн санааг ихээхэн бvдvvвчилж, олон тvмэнд тохируулж байж (vvгээрээ тэдний азгvй тал нь харагддаг, шинжлэх ухаанд ингэх шаардлага гардаггvй) бодлогоо амжилттай явуулна. Эс тэгвээс тэр хvн олон тvмнээс хэт урагшаа гарчихаад тvvндээ санаа зовон байн байн эргэж харсаар ємнєє байгаа ангалыг харахгvй унах бєгєєд тvvний оронд гарч ирсэн хvн олон тvмэнтэй ойр байснаараа тэднээр гvvр хийн ангал дээгvvр цаана нь гарах замаар улс тєрийн амьдрал урагшилдаг дvр зураг харагдаж байгаа юм.

Монголчуудын либертари үзэл гэдэг софт-стэйтизи төдий зүйл юм гэж үү?

(ЛИБЕРТАРИ ҮЗЭЛ ЯАГААД УЛС ТӨР ЧДӨД ХАЛГААТАЙ БАЙДАГ ВЭ?)


Заан дээр суусан ялаануудын яриа

Муу хүнд үг бүү сонсог, мухар үхэрт худаг бүү үзүүл!

Монгол ардын зүйр цэцэн үг


Гурван жилийн өмнө либертарианизм гэсэн нэр-томъёог сонссон хүн Монголд цөөхөн байсан бол өнөөдөр юм уншдаг хүмүүсийн хүрээнд энэ үзэл харьцангуй тархаж, хүмүүс ч нэлээд сонирхох болжээ. Либертари ном ч багагүй орчуулагдав. Гэтэл “сайныг дагаад саар гэдэг” шиг уг үзлийг буруу зөрүү ойлгох, бүр эсрэгээр нь тайлбарлах хандлага эсэргүүцэгчдийнх нь дунд төдийгүй дэмжигчдийн дунд ч гарах боллоо. Түүгээр үл барам зарим тохиолдолд энэ үзлийг хувийн зорилгодоо ухамсартайгаар ашиглах болсон нь өгүүллийг тэрлэх шалтгаан болсон юм. Аливаа шинэ үзэл санааг анхнаас нь зөв ойлгож, жинхэнэ утгаар нь тайлбарлахгүй бол “мордохын хазгай” гэдэг шиг юм болж яван явсаар өөрийн эсрэг үзэл санаа, үйл хэрэгт ашиглагддаг сайхан үгсийн цуглуулга төдий зүйл болох магадлалтай тул Жефферсоны хэлснээр “сонор сэрэмжээ хэзээ ч алдахгүй байх нь” либертари үзэлтнүүдийн хувьд хамгийн чухал зүйл болоод байна. Одоо либертари үзэл нь бүх хүн тэр ч бүү хэл “сөргөлдөгчдийнхөө” хүртэл сэтгэлийг татаад байгаа юм байх. Либертарианизмын тухай сонссон социалистууд “энэ чинь л бидний зориод байгаа нийгэм юм шүү дээ” гэхэд холистууд (Поппэгийн тодорхойлсноор бүхэл буюу олонхид ач холбогдол өгөгчид) “либертари үзэл бол ардчиллын амин сүнс” гэнэ. Стэйтистүүд буюу төрийг шүтэгчид болохоор либертари үзэлтэй улс төрчид л төр барих юм бол улс-орноо аврах юм ярьцгаана. Эдгээрээс хамгийн хорлонтой нь либертарианизмыг өөрийнх нь эсрэг ашиглаж байгаа софт-стэйтистүүд юм. Софт-стэйтистүүдийнхээр уг нь төрийг сайн сайхан байлгаж болно, харамсалтай нь өөрсдөөс нь “ухаан дутуу, муу санаатай хүмүүс төрд оччихсон учраас түүнийг муу муухай болгоод байгаа юм” гэнэ лээ.

Софт-стэйтизм буюу төрийг аядуухан хамгаалагчид

Муу төр гэж бий, түүнээс муу төр гэж бий, бүр ёрын төр ч гэж бас байна. Эдгээрээс өөр төр байдаггүй.

Ер нь стэйтистүүдийг (төрийг хамгаалагчдыг) хоёр хувааж болно. Нэгд, либертари үзэлтнүүдийг шууд жадлан эсэргүүцдэг коммунист, фашист маягийн сэтгэлгээтэй хүмүүс. Хоёрт, төр гарцаагүй болох тухай аль болох ухаалаг үндэслэл гарган, түүний зайлшгүй болохыг нотолдог социал-демократ, консерватив маягийн үзэлтнүүд. Төрийг улайран хамгаалагч эхний хэсэг хүмүүсийг хард (hard) буюу хатуу стэйтистүүд, харин сүүлийн хүмүүсийг софт-стэйтистүүд (soft) буюу төрийг аядуухан хамгаалагчид гэдэг. Одоо Монголд өөрсдийгөө либертари үзэлтнүүд гэж нэрлэж буй хүмүүс бол бараг бүгд софт-стэйтистүүд байна. Хатуу чанд төрийн дор байсан хүмүүсийн хувьд софт-стэйтизм бол их дэвшил мөн. Гэхдээ л энэ нь төрийг далдуур, цаагуураа, нууцаар хамгаалдаг үзэл шүү дээ. Жинхэнэ либертарианизмын хувьд “өөх ч биш, булчирхай ч биш” гэсэн үг.

Гэтэл софт-стэйтистүүдэд ийм хачирхалтай байр сууриа хамгаалан хэлэх үг байдаг бололтой юм билээ. “Либертари үзэл бол хэн нэгний өмч биш” гэдэг бол тэдний бодож олсон хамгийн мундаг үг. Ингэж хэлснийхээ дараа тэд өөрсдөө либертари үзлийн төлөөлөгч болж түүнийг “буртаглах” үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байхыг хүсдэг. Либертари үзэл хэн нэгний өмч биш болох нь мэдээж. Тэгвэл стэйтистүүдийн өмч бүр ч биш. Энэ үзэл улс төрд хорхойссон хүний эрх мэдэлд хүрэх зэвсэг болох ёсгүй. Либертари үзэл нь ийм зан чанарын эсрэг байдаг. Ер нь жирийн иргэн байх нь ичгэвтэр санагддаг ч юм уу, аль эсвэл өөрийгөө бусдаас дээгүүр тавьсан тийм хүмүүст төрөлхөөс нь либертари “угшил” байдаггүй.
Саяхан нэгэн улс төрчийн “зохиосон” номыг харлаа. Либертари “Үгсээр” дүүрэн байх юм. Либертари үзэл ингээд улс төрчдийн гар хөлийн үзүүрт зарагдаж байдаг номлол болдог байжээ гэж бодогдмоор. Алив зүйлийг ингэж өөрийнх нь эсрэг ашиглана гэж байх уу даа. Хийх ажлаа улс төрчдөд алдсан либертари үзэлтнүүд одоо юу хийх болж байна вэ? Улс төрчдийн амыг хараад хэвтэж байх юм уу, аль эсвэл хэлсэн үгийг нь давтаад сууж байхаас өөр аргагүй болох шив. Өнгөц харахад, улс төрчид либертари үг хэллэг, утга санааг илэрхийлж байгаа нь сайн хэрэг мэт байвч улс төрийн эсрэг мөн чанартай үзлийг улс төрдөө ашиглаж, өөрсдийнхөө арга хэрэгсэл болгож байгаад хамгийн хорлонтой нь байгаа юм. Ёстой нөгөө “улс төр хийнэ” гээч нь иймэрхүү юм байдаг байх.

Үнэндээ улс төрчдийн бичсэн өгүүлэл, ярьсан яриа, хийсэн “судалгаа” гээд бүх зүйл нь хүний өмч байдаг. Дан сургаар явдаг эдгээр хүмүүст мэддэг ч юм байдаггүй, мэддэггүй ч юм байдаггүй. Ном, сурах бичиг дээрх зүйлийг хагас дутуу ойлгомогцоо телевизэд ярилцлага өгөх, сонинд өгүүлэл нийтлүүлэх гээд гүйчихнэ. Ярьж буй зүйлээ угт нь ортол ойлгож ширгээгүй байдаг учраас үг, үйл хэрэг хоёр нь хоорондоо ямагт зөрчилдөнө. Үргэлж хоёр нүүр гаргана. Нэг нь ард түмэнд зориулсан даруу зан (энэ бол худал нүүр царай нь), нөгөө нь, би бол бусдаас ухаантай, тийм учраас би удирдах ёстой (энэ бол үнэн нүүр царай нь) гэсэн далд ухамсар. Гэтэл либертари үзэл нь аливаа зүйлийг мөн чанараар нь харахыг эрмэлздэг. Яваандаа бүх юм ил болно гэдгийг либертаричууд мэддэг учраас өөрийнхөө болон бусдын талаар хуурмаг сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийн хоосон дүр үзүүлэх, рекламдах явдлаас аль болох хол байдаг.

Одоо манайд зарим улс төрч үнэн сэтгэлээсээ либертари байр суурин дээр зогсохыг хүсэж байх шиг байна. Тэд цаанаасаа наашилж байна уу, наанаасаа цаашилж байна уу гэдгээс хамаарч бидний зүгээс тэдэнд харьцах харьцаа тодорхойлогдох ёстой. Өөрөөр хэлбэл, улс төрч байснаа либертари үзэлд татагдаж байгаа бол бид түүнд талархалтай хандана. Харин либертари үзэлтэн байснаа төр рүү татагдаад байгаа бол тэр хүнд хэрхэн нааштай хандах билээ.

“Либертари улс төрч” – уг нь ийм утгагүй хэллэг хаана ч байхгүй биз. “Либертари” гэсэн үг нь хувь хүнийг хүсээгүй байхад түүний амьдралд хөндлөнгөөс оролцох ёсгүй гэсэн утгыг илэрхийлж байдаг бол “улс төрч” гэсэн үг нь хүссэн хүсээгүй сая сая хүний амьдралыг захиран, удирдан жолоодох гэсэн утга илэрхийлж байдаг. Гэтэл тэд “либертари төр” гэсэн тун хачин зүйлийг бий болгох гээд зүтгээд байдаг! Хаана ч байхгүй (байх ч аргагүй) ийм төрийг улс төрчид ид шидээр бүтээж, жирийн иргэд амар сайхандаа жаргаж, либертари үзэлтнүүд тэр төртэй нь тас тэврэлдээд үлгэр төгсөх юм байлгүй.

Дашрамд хэлэхэд, софт-стэйтистүүдийн софизмоор либертари үзэлтнүүд “хувь хүн төргүй амьдарч чадна” гэж хэлдгээрээ “төр мөхнө” гэж хэлдэг коммунистуудтай адил болж таарсан шүү. Аргагүй л улс төрчдийн гуйвуулга мөн байгаа биз. Асуудлын мөн чанар, агуулгаар маргалддаг хүмүүс хэзээ ч ийм мушгин гуйвуулсан гаргалгаа хийдэггүй юм.

Либертари үзэлтнүүд нэг зүйлээс бусдыг нь хүлцэн тэвчинэ!

Ямар ч тэвчээртэй үзэл өөрийг нь өөрийнх нь эсрэг ашиглахыг тэвчихгүй биз ээ.

Тийм ээ, либертари үзлийн нэг үндсэн зарчим бол хүлцэн тэвчихүй мөн. Бид өөрсдөөсөө бусдыг хүлээн зөвшөөрдөггүй коммунистууд болон фашистуудаас эрс ялгаатай хүмүүс. Тийм ч учраас нэг өглөө босоход Монголын 2.6 сая иргэн бүгд либертари үзэлтэй болчихсон байх юм бол тэр нь бидний хүсээд байдаг либертари нийгэм биш гэж хэлэх болно. Хүн бүр либертари үзэлтэй байх албагүй гэдгийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна. Хэн ямар үзэлтэй байх нь тухайн хүний эрх. Бид коммунистууд болон фашистууд шиг нам, эвлэлийн дугуйлан, оройн сургууль, хэвлэл, радио телевизээр хүмүүсийн толгой руу өөрсдийн номлолыг чихэгчид биш.

Либертари үзэлтнүүд бүх зүйлийг хүлцэн тэвчинэ. Ганцхан зүйлийг тэвчихгүй. Тэр нь либертари үзлийг өөрийнх нь эсрэг ашиглахыг тэвчихгүй. Улс төрчдийн нүүр царайг илчилсэн энэ үзлийг улс төрдөө ашиглах гэсэн оролдлогыг тэвчихгүй. Түүндээ тулах юм бол либертари үзэл нь өөрийг нь гутааж байгаа үзэлтэй хүртэл тэмцэлддэггүй үлбэгэр, нялцгар үзэл биш. Бид хувьсгалчид биш л дээ, гэхдээ ийм тохиолдолд радикал байр суурь баримтлахаас өөр аргагүй. Өнөөгийн Монголын нөхцөл байдал хийгээд либертари үзлийг тайлбарлаж буй зарим хүн намайг радикал байр суурин дээр зогсохоос өөр аргагүй болгож байна. Хүн өөрийн үзэл бодолтой байж болно. Үүнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрнө. Харин либертари үзлийг өөрийнх нь эсрэг ашиглаад байх юм бол түүний эсрэг үзэг барихаас өөр аргагүй. Өөр бусад зүйл дээр бол “төөргөөрөө болог, цаашаа!”.

Ер нь бидэнд тууштай сэтгэх чадвар байнга дутагддаг. Овоо хүн шиг сэтгэж байснаа гэнэт олон түмний психологид тохируулахгүй бол болохгүй гэсэн шиг хачин юм яриад унана. Аль эсвэл маргалдаж байх үедээ үгнээс өлгөж аваад хадуураад явчихна. Улс төрдөө л тэгдэг юм байгаа биз, философи үнэртүүлсэн юм ярьж байгаа бол ингэж болдоггүй юм. Сэтгэлгээний соёл-хүмүүжил суугаагүйн шинж л дээ. Хамгийн энгийн логик буюу формаль логикийн бяцхан хичээл заачихад, эсрэг тэсрэг хоёр бодомж нэг цаг хугацаа, нэг нөхцөл байдалд хоёулаа үнэн байна гэж байдаггүй! Тэгэхээр либертари үзэл, стэйтист үзэл хоёрын аль нэг нь үнэн болж таарах нь дээ.

Улс төрч, либертари үзэлтэн хоёр яагаад эвлэрдэггүй вэ!

Улс төрч, төр гэсэн хоёр ойлголтыг салгах аргагүй.

“Хүн өөрөө хүсээгүй байхад түүний амьдралд хөндлөнгөөс бүү оролц!” гэдэг нь либертари үзлийн үндсэн зарчмын нэг мөн. Тэгвэл улс төрчдийн үндсэн ажил бол иргэдийнхээ амьдралд хөндлөнгөөс оролцох явдал юм. Хийдэг ажил нь ерөөсөө л тэр, өөр юу ч биш. Хууль гаргаж бүгдийг зохицуулах гэж оролдоно. Ер нь хувь хүн тэдний зааснаар л амьдрах ёстой болдог.

Улс төрчид эмх журмыг амьдрал аяндаа тогтоохгүй, бид тогтооно, тэгсэн цагт бүх юм сайн сайхан байх болно гэцгээнэ. Ер нь аяндаа гарсан эмх журам буюу “хөндлөнгөөс бүү оролц” (laissez-faire) зарчимд ажил-мэргэжлийнхээ хувьд харшилж байдаг хүмүүс. Тэднээс олон түмэнд байнга ухуулж байдаг зүйл бол “би л засгийн эрхэнд гарахгүй бол энэ улс-орон чинь сүйрлээ”, “би биш харин тэд засгийн эрхэнд байгаа учраас улс-орон ийм ядуу байгаа юм” гэх мэт зүйл ярина. Мөн өөрөө л засгийн эрхэнд гарахгүй бол мэс заслын эмч бараг хагалгаагаа хийж чадахаа больж, багшийн толгойноос заах гэсэн зүйл нь алга болчих юм ярьцгаана.

Гулибэлийн хэлснээр, дэлхий дээрх муу муухай зүйлийг дан ганц хорон муу санаатнууд хийж байсангүй. Хүний амьдралд хөндлөнгөөс оролцож, амьдралыг нь зааж зааварлан, ямар нийгэм зохистойг номлож, үйлдвэрлэл, наймааг нь удирдан, баялгийг дахин хуваарилж, хүмүүсийг тушаалаа биелүүлэхийг шаардан хууль гаргаж байдаг хүмүүс л муу муухай зүйлийг бий болгож байжээ. Сайхан амьдралд хүргэж өгөх гэсэн улс төрчдөөс муу муухай үр дагавар хангалттай гарч байсан юм. Ийм учраас бид улс төрчдийг байнга сэжиглэнгүй нүдээр харж байдаг.


Либертари үзэл бол жирийн иргэдийн язгуур эрх ашигт хамгийн тохиромжтой үзэл санаа мөн

Улс төрч байснаас жирийн загасчин байсан нь дээр.

Ж.Ж.Дантон, XVIII зууны Францын хувьсгалч

(Учир нь улс төрчид хүний мөнгөөр амьдардаг, харин загасчин хүн өөрийн мөнгөөр амьдардаг.)

Либертари үзэл хувь хүний эрх ашгийг хамгаалсан үзэл бөгөөд жирийн иргэдэд хамгийн ашигтай үзэл суртал байгаа юм. Үнэхээрийн либертари итгэл үнэмшилтэй хүмүүс хөрөнгө мөнгө, эрх тушаал зэрэг нь хүний эрх гэсэн ойлголтонд огт хамаагүй гэдгийг мэддэг. Хүний эрх гэдэг маш констант зүйл. Мөнгөтэй, албан тушаалтай боллоо гээд тэр хүний “хүний эрх” нь ихэсчихдэг юм биш. Траншэйнд очлоо гээд “хүний эрх” нь багасчихдаг ч үгүй. Ер нь хүний эрхийг төр, хууль өгдөг юм биш. Энэ бол төрөлх зүйл гэж Локк хэлсэн байдаг. Нобэлийн шагналт философич, математикч, нийгмийн зүтгэлтэн Б.� ассэль хүний эрх бол “аксиом” гэж давтсан. Хэтэрхий ойлгомжтой юм шиг санагддаг болохоор хүмүүс энэ үгийн цаад утгыг ажиглахаа больсон бололтой. Уг нь ингэж хэлсэн нь маш учир утгатай юм билээ. Төрөлхөөсөө байсан зүйлийг хэн ч өгч чадахгүй. Харин төр юмуу хууль үүнийг өгсөн юм бол төрд байгаа хүмүүс өгсөн зүйлээ буцаагаад авах эрхтэй. Буцаагаад авдаггүй юм гэхэд иргэн хүн төрд өртэй хоцордог. Авлагатай хүн өртэй хүнийг өөрөөсөө байнга хараат байлгах болно. Ингээд хувь хүн төр болон хуулийн өмнө мөнхийн үүрэг хүлээхээс өөр аргагүй. Чухамхүү ийм учраас Локк “хүний эрх бол ТӨ� ӨЛХ зүйл” гэж тодоос тод тунхаглажээ. Жирийн хүмүүс эрх мэдэлтнүүдээс юу ч гуйгаагүй байхад эрх мэдэлтнүүд өөрсдийгөө танаас дээгүүр тавих эрхгүй болж байгаа юм. Харин ч жирийн иргэдээс авсан мөнгө, тэдний хэрэгцээн дээр тогтож байдаг учраас тэд танд үйлчлэх ёстой болно.

Энэ өгүүлэлд хувь хүний ба олонхийн эрх ашиг, либертари ёс суртахуун ба өглөг, төр-хууль ба хувь хүний сахилга бат, татвар ба өмчлөх эрх, цэргийн алба ба хүч үл хэрэглэх итгэл үнэмшил, хууль ёс ба либертари иргэдийн хооронд байгуулсан сайн дурын гэрээ, захирах ба захирагдах ёс гээд либертари сэдвийн хүрээнд яригдах ёстой олон чухал асуудал орхигдлоо. Ихэнх хүн эдгээр асуудлыг либертари үзэлд “үхлийн цохилт” өгөх сэдвүүд гэж ойлгодог. Үнэндээ ч либертари зарчмуудыг сайтар ухамсарлаагүй хүмүүс дээрх асуудлуудыг хэлэлцэх үед хүнд байдалд ордог л доо. Харин ухамсарт либертари үзэлтний хувьд бол хамгийн логиктой, философи агуулга бүхий хариулт байдаг. Тэр бүхнийг нэгэн өгүүллийн хэмжээнд тайлбарлан бичих аргагүй.