2010年1月15日金曜日

Капитализмыг байгаагаар нь харуулахуй

Ард түмэн бүхнээс ухаантай, олон түмэн бүхнийг шийднэ. Yүн шиг сонсоход сайхан боловч хоосон агуулгатай ишлэл ховор биз ээ. Түүхэн дэх Геростратуудыг харж байхад ард түмний нэрийг барьж байгаагүй хүн ховор байдаг. Гитлер, Сталин, Чойбалсан, Мао, Пол Пот гээд хэн ард түмэндээ их гай тарьсан байна, тэд ард түмний нэрийг хамгийн их барьдаг. Тэд ард түмний нэрийн өмнөөс ард түмнийг буудаж, яргалж, цөлж хэлмэгдүүлж байсан нь баримт. Тэгэхлээр ард түмэн, тэдний хүсэл зориг гэж юу юм бэ? Хэн нэгэн нь ямар нэгэн зорилгын үүднээс хүн амын доторхи юмны учир начрыг ойлгоогүй хэсгийг ойлгосон хэсэгт нь сөргүүлэн тавьж, өөрсдийн үйлдсэн харгислалаа нуун далдлахад хэрэг болдог заль мэх төдий зүйл биш биз дээ. Яг ийм сэтгэгдлийг XX зууны социалист коммунист түүх харуулж байна.

Зөвшилцөл бол шинэ фашизм бүтээлээрээ Монголын уншигчдад танил болсон Америкийн философич, зохиолч Айн Рэндийн Капитализмыг өмөөрөх нь хэмээх энэ номыг та бүхний гар дээр очиж байгаад хувийн зүгээс нэн талархалтай байгаагаа илэрхийлье. Энэ номонд 1961-1969 оны хооронд улс төр болон урлагийн философийн сэдвүүдээр түүний бичсэн бүтээл, уншсан лекцүүд оржээ.

Большевикуудын Орос орноос зугтан гарсан Рэнд коммунизмтай холбоотой өчүүхэн төдий зүйлийг ч туйлаас үзэн яддаг байсан учраас тэр тухай бичих үедээ уур хилэн, үзэн ядалтаа барьж чаддаггүй байлаа. Коммунизмын нүүр царайг илчилсэн түүний бүтээлүүдийг тэр үеийн коммунистууд байтугай коммунист байж байгаад өнөөдөр социал-демократ болон хувирсан хүмүүс хүртэл уншаад нүүр нь улайж, дальдчин дайжихаар байдаг.

Түүнийг дутуу ойлгосон зарим нэг нь “экстремист” гэх нь бий. Үнэндээ эрс шулуухан хэлсэн түүний бүтээлүүд коммунист, фашист гээд аливаа коллективист үзэлтнүүдийн улаан нүүрэн дундуур шавхуурдаад авах шиг болдог байв. Тэдэнтэй аядуу байх шаардлагагүй гэж тэр үздэг байсан юм. “Саарал-саармаг үзэл суртал” нь өөрөө фашизмд хүргэж болохыг хамгийн логик үндэслэлтэй хэлж, аливаа зүйлийг бодитой-объектив авч үзэхийг хүсэж байжээ. Эндээс түүний философийн “объективизм” гарч ирдэг байна.

Объективизм ба “А бол А”

Yүсэн бий болж, оршин тогтнож байх хугацаандаа хамгийн их хараалган зүхүүлж байсан нийгмийн байгууламж, үзэл суртлын тоонд капитализм яах аргагүй ордог. Ер нь ямарваа нэг зүйлийг хэт магтах юмуу хэт муулснаас болж уг зүйл байгаагаасаа өөрөөр харагддагийг капиталист нийгмийн тухай манай иргэдэд тогтсон ойлголт харуулдаг. Ийм ч учраас капитализмыг байгаагаар нь харуулахыг хүссэн Рэндийн энэ бүтээл бидний хувьд үнэхээрийн ач холбогдолтой гэж үзэж байна.

Тууштай аристотельч үзэлтэн Рэнд уламжлалт логикийн (заримдаа Аристотелийн логик, заримдаа формаль логик ч гэдэг) “адилтгалын хуулийг” баримталж капитализмын тухай өөрийн бодомжийг “А бол А” гэсэн томъёоллоор илэрхийлсэн. Ер нь формаль логикийн адилтгалын хууль нь “тухайн зүйлийг өөрөөс нь тодорхойлох ёстой” гэсэн санааг агуулдаг. А бол –А биш, мөн А бол +А ч биш. А бол А . А=А гэдэг бол Рэндийн хувьд тодорхойлолт гэхээсээ илүүарга зүй байсан учраас энд ямар ч тавталоги гарахгүй юм. Зүгээр л зөрчилтэй сэтгэж болохгүй гэсэн зарчим баримталж байгаа хэрэг.

Рэндийн объективизм ийм утгаар ойлгогддог. Тэгэхээр түүний объективизмын гол зорилго нь капитализмыг байгаагаар нь буюу объектив харах явдал байлаа. Рэнд нийгмийн болоод бусад аливаа танин мэдэхүйд хэр зэрэг их ач холбогдол өгч байсан нь энэ номонд гарч буй эпистемологи гэсэн үгнээс уншигч танд харагдах болно. Мөн энд нэг санаа нэмж хэлэхэд, нийгэм философигүйдэхийн эмгэнэлийг Рэнд маш тод харж байсан юм. Нийгэм философигүйдэхээрээ “жолоо-сэлүүрээ алдсан усан онгоц зах хязгааргүй далайд хаашаа л бол хаашаа дайвганан хөвж яваатай адил” болдог. Мөн философигүй болсон үед нийгэм харагдаж буй зүйлд хуурагдаж, “эс харагдах зүйлийг” нээн гаргаж чаддаггүй учраас өнгөний зүйлд төөрөлддөг гэж үзсэн.

Рэндийн романтизм

Роман, уран зохиолд хандаж байсан түүний хандлага Нобелийн шагналт зохиолч, экзистенциалист философич А.Камюгийн “Хэрэв философич болохыг хүсвэл роман бич!” гэсэн үгийг нэгэнтээ санагдуулдаг. Энэ хоёр аугаа сэтгэгч философи, уран зохиол хоёрын дотоод холбоог олж харсан, мэдэрснээрээ төстэй байгаа юм. Ер нь Рэндийн үзэл, экзистенциализм хоёрын хооронд ямар нэг холбоо байх шиг. Тухайлбал, хүний тухай асуудал, Рэндийн “аугаа их романтист” гэж үзэж байсан Достоевскийг экзистенциалистууд өөрийн философийг үндэслэгчдийн нэг гэж үзэж байсан, философи уран зохиол хоёрын холбоог олж харсан зэргээрээ төсөөтэй байна.

Уламжлалт нэр томъёо, үгээр өгүүлэх юм бол урлагийн онол, утга зохиол шүүмж судлалтай холбоотой зүйл түүний бүтээлд томоохон байр эзэлдэг. Рэнд өөрийгөө “романтик реалист” гэж тодорхойлж байсан. Харин бид орос хэвлэлийн өмнөх үгэнд дурьдсанчлан “капреалист” гэж тодорхойлчихож болмоор юм шиг. Гэхдээ энэ үгийг тун болгоомжтой хэрэглэхгүй бол аюултай! Учир нь коммунизмын үед манай уран бүтээлчид “соцреализм” гэсэн уриа лоозун, үгийн дор бодит байдлыг гуйвуулан, үнэнээс зайлсхийж байсан шигээ Рэндийг “капреализмын” үүднээс бүхнийг гуйвуулж байсан хэмээн бодчихож болзошгүй гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрдөг.

Рэндийн романтизм нэлээд онцлогтой. Тэрээр юуны өмнө харагдаж байдаг зүйлээр урлан бүтээх үйл ажиллагааг хязгаарлаж байдаг натурализмын эсрэг сэдлээр романтизмаа гаргаж ирсэн. Харагдаж буй зүйлийн цаана буй “эс харагдах зүйлийг” нээн гаргах, өөрөөр хэлбэл, философидолтоо шингээх арга бол романтизм гэж үзжээ. Ердийн романтизм сэтгэл хөдлөлтэй их холбоотой байдаг бол Рэндийн романтизм оюун ухаан дээр тулгуурласан байдгаараа рациональ шинжтэй болсон юм. Романтизмыг мэдрэхүйн хүрээнээс гаргаж философитой холбож өгснөөр түүний романтизм “рациональ” хэмээх тодотголыг зүй ёсоор хүлээн авах эрхтэй болжээ.

Рэнд адал явдалт-романтик шинжтэй зарим кинонуудад өөрийнх нь романтизм байгааг олж харсан. Тэр үед гарч байсан Жэймс Бонд -ын (Жэймс Бондын дүрд Жон Коннэр тоглодог байж) тухай романтик триллэрт хүн ямар ч нөхцөлд үнэн, зөв зүйлийн төлөө зориг төгөлдөр үйл хийх чадвартайг харуулсан гэж үзсэн.

Жүүд чанар, хувь хүнийг дээдлэх үзэл, Оросын сэхээтэнлэг шинж

Рэндийн индивидуализм (хувь хүнийг дээдлэх үзэл), рационализм (сэтгэлийн хөдөлгөөн, далдад шүтэх үзэл зэргийн эсрэг оюун ухаан дээрээ тулгуурлах чанар), капитализмын тухай үзлээс илт мэдрэгддэг нэгэн зүйл бол жүүд чанар гэж нэрлэж болох зан чанар, үзэл бодол, хүмүүжил, соёлын төлөвшил байдаг.

Жүүд гэр бүлд өссөн сэхээтний үндсэн шинж болох хөдөлмөрч шаргуу чанар, хувь хүний халдашгүй дархан байдлыг дээдлэх байдал, бусдын хэрэгт хөндлөнгөөс үл оролцохын зэрэгцээ өөрийгөө болгож чадаагүй байж бусдын төлөө хэзээ ч “үл гүйх” шинж (рациональ эгоизм), хөдөлмөрөөрөө бүтээсэн зүйл, өмчлөх эрх гэдэг бол ямар ч хуулиас илүүдархан зүйл гэж ойлгох ойлголт, өөртөө оногдох ёсгүй зүйлийг эс авах чанар, оюун ухааныхаа хэлж буй зүйлд итгэнэ үүгэхээс хэзээ ч учрыг олоогүй зүйлдээ бусдыг дагахгүй байх зэрэг шинж чанарууд түүнд тод илэрдэг. Мөн философи, онол, сэтгэлгээнд ихэд татагддаг байсан XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн Оросын сэхээтний элит хэсгийн “Клим Самгинч шинж” Рэндэд харагдах шиг болдог. Гэхдээ нийгэм философи, онолыг үл тоомсорлосны хор холбогдлын тухай ярихдаа нийгмийг марксизм, нацизм мэтийн ямар нэг тоталитари онолд захируулах гэсэн хэрэг огт биш, харин ч чөлөөтэй бодож сэтгэсний үндсэн дээр нийгэм-улс төрийн үзэгдлийн цаад мөн чанарыг танин мэдээд (энэ бол философи нь) зарчмаа (энэ бол үзэл суртал нь) тодорхойлох тухай ярьж байсан хэрэг.

Рэнд өөрөө Оросоос “гоожсон тархи” байлаа. Оюун ухаан бол хаана оршин тогтнож, өөрийгөө үнэлүүлж болохыг мэдэрч байдаг феномен. Капитализм бүрэн утгаараа орж ирж амжаагүй буй Монголд ч гэсэн оюуны хөдөлмөр маш бага үнэлэмжтэй байгаагаас болж Атлант зовж шаналсаар байгаа билээ. Энд бас л рационализмыг дээдлэх үзэл харагддаг.

Рэнд өөрийн философи, уран зохиолд “миний туйлын зорилго бол ХҮН” гэж огтхон ч эргэлзэлгүй, тодоос тод тунхаглаж байсан. Тэрээр бүхий л сэтгэл зүрх, оюун ухаанаараа хувь хүнийг дээдлэн хамгаалж, хамт олонч байдлыг (коллективизмыг) үзэн ядаж байсан юм. Мөн өөрийгөө золиослохын эсрэг “өөрийгөө бодохуйн сайн талыг” ( Үirtue of Selfishness ) сөргүүлэн тавьсан. Ёс суртахуун угаасаа ухаалаг чанар дээр тулгуурлах ёстой гэж үзжээ. Түүнээс биш ямар нэг хоосон номлол, сэтгэл хөдлөл дээр тулгуурлах юм бол хэсэг хугацаанд хүмүүсийг хуурсныхаа дараа бүр хорлонтой үр дагаврыг нийгэмд авчирдаг байна. Ер нь тэрээр алхам тутамдаа (философи, танин мэдэхүй-эпистемологи, уран зохиол, ёс зүй гээд бүх зүйл дээр) далдыг шүтэх үзэл буюу мистицизмыг шүүмжилдэг байснаараа рационалист шинжтэй байсан билээ. Капиталист зохион байгуулалтын нөхцөлд өөрийгөө бодсон хүн нийтийг бодохоос өөр аргагүй байдалд ордог, өөрийгөө бодож хийсэн бүх зүйл нийгмийн салбарт очихоороо нийтийн сайн сайхан байдалд үйлчилдэг. Хувь хүний хүсэл зоригоос хамаарахгүйгээр капитализмын мөн чанар угаасаа ийм байдаг гэдгийг Рэнд харуулсан.

0 件のコメント:

コメントを投稿