2010年1月15日金曜日

Либертари тунхаг
(Эрх чөлөөт хувь хүний амьдралын хэв маяг, зарчим)

Энэ бол улс төрийн нам, хүчний биш, харин Иргэний Тунхаг юм. Жинхэнэ утгаараа тунхаг ч биш, эрх чөлөөт хувь хүн бүрийн амьдралдаа баримталдаг зарчим, амьдралынх нь хэв маяг болох ёстой тэр зүйл мөн. Зарлан тунхаглаж буй хүсэл эрмэлзлийг маань аль нэг нам, улс төрийн хүчин өөрийн уриа, лоозун төдий зүйл бүү болгочихоосой хэмээн хүсэх байна.


Мэдээжээр, либертари үзэл гэдэг бол хэн нэг хүний хувийн өмч биш, хэн ч энэ үзлийг судалж, эзэмшиж болно. Харин эрх мэдэлд тэмүүлж, бусдад зааж зааварлан, захиран тушаах хүсэлтэй хүмүүс л эзэмших ёсгүй. Либертари үзэл нь уг чанараараа төртэй (эрх мэдэлтэй) харшилдаг юм. Тийм учраас жинхэнэ либертари үзэлтэй хүн улс төрч байж чаддаггүй, харин жинхэнэ улс төрч хүн либертари үзэлтэй байх боломж байдаггүй. Энэ бол дэлхийн либертари үзэлтнүүдээс олон зууны туршид олж тогтоосон үнэн болно.
Одоо төрөөс аль болох ангид оршиж, өөрийн хөдөлмөрлөж олсон хөлсөөр амьдардаг, эрх чөлөөг эрмэлзэгч, ухамсарт монгол иргэний хүсэл эрмэлзлийг чангаас чанга дуугаар зарлан тунхаглах цаг болжээ. Энэ бол либертари тунхаг юм. Либертари үзэл нь хувь хүний ухамсар, сайн дурын сонголтон дээр тулгуурлаж байдаг тул эс таалагдах аваас хэн ч гэсэн өөр зарчмыг амьдралдаа баримталж болно. Манай Тунхаг энэ л шинж чанараараа Коммунист тунхгаас ялгагддаг.


Либертари нийгэм
Бидний зорин эрмэлзэж буй нийгмийн байгууламж бол либертари нийгэм болно. Бид энэ нийгмийг хүн төрөлхтний эрэл хайгуул, зовлон шаналал, хөдөлмөр, тэмцлийн үр дүнд бий болж, түүхээр шалгагдсан нийгмийн байгууламж гэж үздэг. Ардчилсан нийгмийн байгууламжийн олон хэлбэр дотроос либертари нийгмийг онцлон зорьж байгаа нь хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зорилготой холбоотой.

Бид энэ нийгмийг улс төрчдийн явуулгаар бус иргэн бүрийн оюун санаанд аяндаа төлөвшсөн ухамсарт мэдлэг, эрх чөлөөт хувь хүний хөдөлмөрөөр бий болгох нь тодорхой. Эрх чөлөөт иргэд бид либертари нийгмийг байгуулах байгуулалтандаа олсон анхны ололт амжилтаа улам батжуулж, коммунлаг-тоталитари үзэгдлийн өчүүхэн ч илрэлийг нийгэмд хэвшүүлэхгүй байхын төлөө тууштай зогсох болно.

Хувь хүн ба эрх чөлөө
Нийгмийн бүх харилцаа, эрх зүйн үндэс-суурь нь хувь хүн. Хувь хүн төрөлхөөсөө эрх чөлөөтэй бөгөөд тэр эрх чөлөөг хэн ч, түүний дотор төр ч зөрчиж үл болно. Хувь хүн бусдад хор хөнөөл учруулаагүй л бол түүний эрх чөлөөг хязгаарлах өөр үндэслэл, шалтаг шалтгаан байх ёсгүй. Хувь хүний эрх чөлөөнд нэг л хязгаарлалт байх бөгөөд тэр нь бусад хүнд байгаа мөн тийм эрх чөлөө юм. Хувь хүн өөрийгөө болон өөртөө хамаарах зүйлийг (өөрийн бие махбодь, оюун санаа, өмч хөрөнгө гэх мэт) бүрэн мэдэж, захиран зарцуулахдаа бусдаас зөвшөөрөл авах ёсгүй гэж бид үзэж байна.


Хувь хүнийг нийгэм, төрийн зүгээс хянан цагдахгүй бөгөөд мөн түүнийг хамт олонч-коммунлаг үзлээр дарамтлах ёсгүй. Хүн ямар үзэл бодол баримталж, ямар шашин шүтэх нь хувийн хэрэг байх болно. Хүний тархи-толгой дотор байгаа оюун санаа шиг хувийн шинж чанартай зүйл гэж юу байх сан билээ. Ийм хувийн шинж чанартай зүйлд төр оролцох ёсгүй. Оюун санааны эрх чөлөө бол эрх чөлөөний хамгийн тод илрэл мөн. Ер нь хүн угаасаа бусдыг хянах юм уу, бусдаар өөрийгөө хянуулж байхыг хүсдэггүй. Тэгэхээр хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэнд халдаж болохгүй. Энэ талаар хянаж, цагдах аливаа оролдлоготой бүх иргэд тууштай тэмцэх ёстой.


Хувь хүний хариуцлага бол хамгийн гол зүйл. Хувь хүн бол төрийн ивээлээр оршин тогтож байдаг юм биш. Өөртөө хамааралтай зүйл дээр хувь хүн өөрөө л шийдвэр гаргах эрхтэй. Хувь хүн өөрийн алдаа, амжилт хоёрын эзэн мөн. Тухайн хүн сайн дураараа зөвшөөрөөгүй нөхцөлд хэн ч түүний амжилтаас хуваалцах ёсгүй. Мөн хувь хүн эрх чөлөөт нөхцөл байдалд гаргасан алдаагаа бусадтай хуваалцах юм уу, бусдад үүрүүлэх ёсгүй. Хариуцлагаа ухамсарласан ийм хувь хүмүүс манай нийгмийн хөгжил, цэцэглэлтийн бат суурь мөн.


Хувь хүний эрх
Хүний амьдарч байх хугацаандаа эдлэх ёстой бүх эрхийг тоочин бичих аргагүй. Хүний эрх нь нөхцөл байдлаас хамааран янз бүрээр илэрч болдог. Хүнд тоочин бичиж болохуйц цөөн тооны хэдхэн эрх байдаг юм биш (Монгол улсын Үндсэн хууль Монголын иргэдийн эдлэх бүх эрхийг тоочин бичих гэж оролдсоноороо дутагдалтай). Хүний эрхийг хязгаарлахыг оролдогчид л түүнийг тоочин бичиж, тэр хүрээнд хүний эрхийг хүлж баглахыг оролддог. Хүнд амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх гэсэн үндсэн эрхүүд байдаг бөгөөд эдгээр эрхийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бусад эрх тоо томшгүй олон байж болно.

Төр болон түүний хүчний байгууллагууд хүний үндсэн эрхийг ямар ч тохиолдолд зөрчиж болохгүй. Дайн, нийт улс үндэстнийг дайрсан гай гамшиг гэх мэт онцгой нөхцөл байдалд хувь хүний зарим эрхийг хязгаарлаж, түүний өмчийг ашиглах зайлшгүй шаардлага гарах аваас заавал нөхөн төлбөр хийдэг байх ёстой


Бид хувь хүний эрхийн дотроос өөрөө өөрийгөө мэдэх эрхийг хамгийн гол эрхийн тоонд оруулдаг. Их удирдагч, хаан, дарангуйлагч, эзэн, асар ухаантай хүн, маш сайхан сэтгэлтэн гээд хэн ч байсан хувь хүний амьдралыг мэдэх эрх байхгүй. Тухайн хувь хүн ч бусдыгаа мэдэх эрх байхгүй. Бүгд бие биенийхээ амьдралыг дээд зэргээр хүндэтгэж, халдашгүй дархан зүйл гэж үзнэ. Бидэнд ямар эрх байхгүй вэ гэвэл өөр шигээ эрхтэй хүмүүсийн эрхийг зөрчих эрх байхгүй. Энэ бол эрхээ эдлэхдээ бидний баримтлах ёстой үндсэн зарчим мөн.


Бид хувь хүнд Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан үндсэн эрхийг эдлүүлэхээс гадна Үндсэн хуулинд заагдаагүй хүний үндсэн эрхийг эдлүүлэх тал дээр анхаарч ажиллах болно. Юуны түрүүнд албадлагаар цэргийн алба хаалгах явдлыг зогсоох, цаазаар авах ялыг хүчингүй болгох, эрүүгийн болон бусад хууль тогтоомжинд байгаа хүмүүнлэг бус заалтыг цуцлах тал дээр анхаарч ажиллана.


Иргэддээ үйлчилдэг төр
Либертари нийгэмд төр нь хувь хүнд үйлчилж байх зориулалттай бий болсон нийгмийн институци байдаг. Иймд төрөөс хувь хүнтэй харьцахдаа минимум хэмжээг барих ёстой. Төр хувь хүний амьдралд хөндлөнгөөс оролцдоггүй, хүмүүсийг хөрөнгөө юунд, хэрхэн зарахыг зааж зааварладаггүй байх нь зүйтэй. Төрөөс гаргадаг элдэв төрлийн журамлалтыг хамгийн бага хэмжээнд байлгана. Иргэд өөрсдийн хийж чадах зүйлийг төрд даатгахаас аль болох зайлсхийх нь түүнийг “данхайхаас” сэргийлэх гол арга зам гэж үзэн, энэ тал дээр үргэлж сонор сэрэмжтэй байх шаардлагатай.


Бид хувь хүнд өөрт нь хариуцлага ноогдуулсан төртэй байхыг хүсэж байна. “Буянлаг төр” (эсвэл “халамжийн төр” ч гэдэг юм уу) гэх мэт нэг хэсгээс авч нөгөө хэсэгт өгдөг төрийн үйл ажиллагааг бололцооны хэмжээнд бага байлгахыг зорино. “Үнэгүй хоол гэж байдаггүй”. Төрөөс танд өгсөн ямар нэг зүйлийн төлбөрийг өөр хүн хийсэн байдаг гэдгийг бүх хүн ухамсарласан цагт бусдыгаа мөлжихөөс татгалзах болно. Хүн бүр өөрийгөө хариуцдаг байх нь төрийг минимум хэмжээнд байлгах нэг үндэс мөн.


Нийгмийн аль нэг хэсэг, тусгай хүмүүст (танил талдаа) төрөөс протекционизм үзүүлж, “ивээн тэтгэх бодлого” явуулах нь нийгэмд байгаа бусад хүмүүсийг боолчилж байгаа хэрэг мөн. Нийгмийн аль ч салбарт монопольчлол байлгахыг төр хүлээн зөвшөөрөх ёсгүй бөгөөд өөрөө ч улс төрийн эрх мэдэл дээр тулгуурласан монополь тогтоож болохгүй.

Төр хувь хүний хүлээн зөвшөөрсөн тэр хэмжээнд оршино. Төрийн эцсийн бөгөөд дээд зорилго - хувь хүний эрх чөлөө. Хувь хүн бол хэрэгсэл биш зорилго. Төр хувь хүнийг элдэв төрлийн хүчирхийллээс хамгаалах төдийгүй өөрөө түүнийг зөрчих ямар нэг илрэл гаргаж болохгүй. Төрөөс хувь хүний эрхийг хязгаарлаж, үл хүндэтгэсэн өчүүхэн төдий элемент агуулсан хууль тогтоомж батлах ёсгүй. Энэ утгаар нь хязгаарлагдмал эрхтэй төрийн тухай ярих болно. Иргэд өөрсдийгөө хамгаалах, өөртөө үйлчлүүлэх зорилгоор төрийг бий болгодог. Харин төрийн үйл ажиллагаа амжилтгүй болдог шалтгаан бол тэр нь өөрийгөө бүтээгчийн хүсэл зоригийг харгалзахгүй, албадлага дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулдгаас болдог.

Хувь хүн, нийгмийн бүлгүүд бие биенээ хүлцэн тэвчиж байх ёстой. Өөрөөс нь өөр санаа бодол, хүсэл эрмэлзэлтэй байхыг хүлээн зөвшөөрөх нь иргэдийн үүрэг мөн. Энэ нь өөрийгөө бусдаас дээгүүр тавиагүйн илрэл болно. Хүн бүр өөрийн сонгосон амьдралаар амьдрах эрхтэй бөгөөд бусдынхаа тийм эрхийг зөрчих ёсгүй. Эндээс эс түрэмгийлэх аксиом гарч ирдэг. Төр ч хүлцэн тэвчихүйн зарчим дээр ажиллах ёстой. Гэхдээ хүний эрхийг зөрчигч үзэл санаа, үйл ажиллагааг (хулгай, дээрэм, залилан мэхлэлт гэх мэт эрүүгийн гэмт хэрэг) хүлээн зөвшөөрөх ёсгүй бөгөөд эдгээр сөрөг үзэгдэлтэй эрс тэмцэл явуулах хэрэгтэй. Учир нь эрүүгийн аливаа үйлдэл өөрөө хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа байдаг.


Төр, иргэний харилцаа
Хувь хүний эрх, эрх чөлөөг юуны түрүүнд төр, иргэний хооронд ямар харилцаа байна вэ гэдгээр нь авч үзнэ. Иргэн хүн төртэй эн чацуу эрх бүхий субъект мөн. Монгол улсын бүх хууль тогтоомжийг энэ чиглэлээр өөрчилнө. Иргэн төрөөс айж бэрвэсэн байдалд байх ёсгүй. Төр хувь хүмүүсээс авсан мөнгө, тэдний олгосон эрх дээр оршиж байдаг тул хувь хүнээс дээр байх хуулийн хийгээд ёс суртахууны үндэслэл байхгүй. Төрийн албанд очсон хүмүүс жирийн иргэдээс илүү эрхтэй болоогүй гэдгээ байнга санаж байх ёстой. Тэд иргэдээсээ илүү ч үгүй, дутуу ч үгүй, яг адил эрхтэй байдаг. Сум, хорооны засаг даргаас аваад УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч хүртэлх төрийн бүх албан тушаалтнууд иргэдээсээ гуйж байгаад 4 жилийн хугацаатай “ажилд орсон” хүмүүс гэдгээ ухамсарлавал зохино


Ж.Дантоны хэлсэн “Улс төрч байснаас жирийн загасчин байсан нь дээр” (Учир нь улс төрчид хүний мөнгөөр амьдардаг бол загасчин өөрийн мөнгөөр амьдардаг) гэсэн энэ үг бидний зүгээс улс төрчдөд хардангуй хандах хандлагыг зөвтгөх үндэслэл болдог. Улс төрчид хувь хүний амьдралд байнга оролцож, хувь хүн төдийгүй бүхэл бүтэн ард түмнийг хэрхэн амьдрахыг заан зааварлаж байдаг нь түүхээр болон өнөөгийн бодит байдлаар батлагдсан үнэн билээ. Төрийн оролцоо гэдэг бол өөрсдийгөө иргэдээс дээгүүрт тавьсан эрхтэн дархтны оролцоо гэсэн ү


Ер нь хувь хүний эрх гэдэг бол нийгэмд эрхэлж буй албан тушаал, эд хөрөнгө, яс үндэс, хүйс, боловсрол, гарал угсаанаас үл хамаарах констант (тогтвортой, үл өөрчлөгдөх) зүйл мөн. Баян хийгээд ядуу, албан тушаалтай хийгээд тушаалгүйгээс үл хамааран бүх хүн адилхан “хүний эрхтэй” байдаг гэдгийг яс мах, цус хөлсөндөө шингэтэл ойлгосон байх учиртай. Хүний эрхийн тухай ярьж байх үед илүү эрх, дутуу эрх гэсэн ойлголт байх ёсгүй. Монгол хүн амьд байгаа цагт түүнд хүний эрх констант байх болно


Нийгэмд хувь хүмүүсийн амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байхад таатай нөлөө бүхий эмх журам байх ёстой бөгөөд тэр эмх журам нь төрийн албадлагын дор гэхээсээ илүүтэй аяндаа гарсан (тулган хүлээлгээгүй) эмх журмын хүрээнд байхыг зохистой гэж үзнэ. Тулган хүлээлгээгүй эмх журам (spontaneous order) нь хүмүүсийн өөрсдийнх нь хүсэл зориг дээр тулгуурлаж, нийгмийн амьдралаар шалгагдсан, иргэдийн эрх ашигт нийцсэн, бат тогтвортой зүйл байдаг

Хувийн өмч
Хувийн өмч гэдэг бол зөвхөн нийгмийн чинээлэг хэсгийн хөрөнгө-мөнгөний тухай ойлголт биш. Бүх хүнд өмч буй. Хамгийн үгээгүй хүнд ч түүний бие махбодь, оюун санаа, авъяас, хөдөлмөрлөх чадвар зэрэг зүйлс байдаг. Үүнийг өөрийнхөө төлөө ашиглах бололцоо, эрх, хууль зүйн орчин байна уу, үгүй юү гэдгээр эрх чөлөө нь тодорхойлогддог. Түүнээс биш үг хэл-яриа, лоозун, хуулиар эрх чөлөөг зарлах нь бодит зүйл биш


Хатуу боловч гарцаагүй үнэн бол хүний хэрэгцээ хязгааргүй бөгөөд тэр бүхнийг хангах нөөц бололцоо хүн төрөлхтөнд ямагт дутагдсаар ирсэн явдал мөн. Дутагдахуй нь хувийн өмчтэй байх шалтгаан болно. Бүх юм бүгдэд хүрэлцээтэй байсан бол хувийн өмч байх шалтгаан байхгүй сэн.


Иймд хувийн өмчийг шударгаар олж авах нь хувь хүний төдийгүй нийгмийн зүй ёсны (justice) илрэл болдог. Хувь хүн урьд нь хэн ч эзэмшиж байгаагүй зүйлд “хөдөлмөрөө шингээснээр” түүнийг өмчлөх эрхтэй. Улсын буюу нийтийн өмч гэдэг бол нийгэм дэх баялгийн хамгийн үр ашиггүй хэлбэр бөгөөд үнэндээ тэр нь хэний ч өмч биш байдаг. Харин яван явсаар эрхтэн дархтнуудын өмч болдгийг бидний өнгөрсөн түүх харуулсан.


Ийм учраас өмчлөх эрхийг хүний гол эрх гэж үзнэ. Хувь хүн өмчөө хэрхэн захиран зарцуулахаа өөрөө мэддэг байх ёстой. Энд хөндлөнгийн ямар ч төлөвлөлт, журамлалт, зохицуулалт байх ёсгүй. Иргэдийн захирагдах ёстой нэгэн зүйл байх бөгөөд тэр нь тухайн талууд хоорондоо сайн дураараа хийсэн гэрээ хэлцэл юм. Сайн дураараа хийсэн гэрээгээ зөрчих нь хулгай, дээрэм хийхтэй адил зүйл


Хувь хүний зарцуулсан хөдөлмөр, цаг хугацаа, авъяас чадварын үр дүн болох өмчид хэн ч халдаж болохгүй. Энэ үзэл санааны үүднээс татварын асуудалд хандах болно. Өгч байгаа хүний хувьд хулгайд алдах, дээрэмдүүлэх, татварлуулахын аль нь ч адилхан өөрийн хөдөлмөрлөж байж олсон эд хөрөнгө, мөнгөнөөсөө алдаж байгаа хэрэг. Цагаан цамц, зангиатай хүн цагдаа дагуулж ирээд авч байна уу, аль эсвэл түүнээс арай муухай хувцастай хүн ганцаараа байна уу гэдэг нь түүний хувьд огт ялгаагүй. Аль нь ч байлаа гэсэн татвар төлөгч л хохирч байна. Тэгээд ч төр биднээс авсан мөнгөнөөсөө өөрийн тансаг хэрэгцээнд зориулж маш ихийг авч үлддэг. Иймээс зөөлөн хэлэх юм бол хулгай, хатуухан хэлэх юм бол мөнгөнөөс нь авахын тулд ажиллуулж байгаа утгаараа боолчлол мөн.


Энэ хулгай, дээрэм жирийн хулгай дээрмээс юугаараа ялгагддаг вэ гэвэл хуулийн нэрэн дор хийгддэгээрээ ялгаатай. Энэ утгаараа хууль бол хүн төрөлхтний хамгийн өөдгүй ололтуудын нэг мөн. Хууль бол төрийн багаж зэвсэг, түүний хүслийг гүйцэлдүүлэгч мөн.


Төр татвараар дамжуулан хувь хүний өмч, элдэв төрлийн хуулиар дамжуулан эрх чөлөө, амьдралд халдаж байна. Хувь хүн өмчөө алдвал урьд өмнө хийж бүтээсэн зүйлээ алдаж байгаа учраас өнгөрснөө, эрх чөлөөгөө алдвал өнөөгийн амьдрал нь утга учиргүй болж одоогоо, амьдралаа алдвал хойшдоо яаж амьдрахаа мэдэхээ больдог учраас ирээдүйгээ алдаж байгаа хэрэг. Иймд хүний оршихуйг цаг хугацааны гурван төлөвт утга учиртай байлгахын төлөө иргэн бүр тэмцэх ёстой.


Зах зээлийн журам буюу хөндлөнгөөс үл оролцох зарчмыг (laissez-faire) бид “нийгмийн хууль” гэж үзэж байна. Ер нь эдийн засагт төрийн оролцоо хамгийн бага байсан цагт бүтээлч байдал нь ихэсдэг. Төрийн оролцоо буруу болох нь хожим илэрдэг бөгөөд түүний уршигт үр дагаврыг ямагт жирийн иргэд үүрч байдаг. Төрийн оролцоог хамгийн минимум хэмжээнд байлгах бас нэг үндэслэл энэ болно.


Энд яригдсан зүйлийг хоосон онол, тунхаг, амьдралаас тасархай зүйл гэж үзэх юм бол бид бодит амьдралаа алдаж байгаа хэрэг. Ямар ч зүйл, түүний дотор нийгмийн юмс үзэгдэл “харагдаж байгаа” хийгээд “үл харагдах талтай” байх бөгөөд зарим хүн харагдаж буй зүйлийн хүрээнд дүгнэлт хийдгээрээ алддаг. Ийм хүн тоталитари нийгмийн биш юм гэхэд тоталитари сэтгэхүй, ёс заншил, уур амьсгал, яриа хөөрөө нийгэмд тархах үндэс суурь болж, бусдыгаа тийм байдалд дасан зохицоход хүргэнэ (ихэнх тохиолдолд өөрөө мэдэлгүйгээр ийм зүйлийг хийдэг). Иймд “үргэлжийн сонор сэрэмжтэй байх ёстой бөгөөд энэ нь бидний зүгээс эрх чөлөөтэй байсныхаа төлбөрийг хийж байгаа хэрэг” мөн. Төлбөрөө хийхгүй бол эрх чөлөө гэдэг үнэт “бараа-таваар” маань бидэнд олдохоо болино. Монгол оронд маань Эрх чөлөө улс төрчдийн үг яриа, цаасан дээр буулгасан уриа лоозун, хууль төдийхнөөр дамжин орших биш амьдрал дээр жинхэнэ утгаараа хэрэгжих болтугай!


Монголын Либертари Сан


Түүхэн үйл явдлын 230 жилд


Эрх чөлөөт нийгэм үүссэн нь


Өнөөгөөс яг 230 жилийн өмнө буюу 1776 он либертари үзэлтнүүдийн хувьд чухамхүү од гийсэн жил байлаа. Энэ онд дэлхий ертөнцийн хойшдын хувь заяанд эргэлт хийсэн З гайхамшигт бүтээл гарсан юм. Глазгогийн Их сургуульд ёс зүйн хичээл заадаг профессор Адам Смит Үндэстний баялаг бүтээлээ хэвлүүлэв. Энэ бол хүмүүний амьдралын үндэс болсон эдийн засаг яг ямар байх ёстойг хүмүүст таниулсан “их хөлгөн судар” байлаа. Англиас Хойд Америкт очсон сэтгэгч Томас Пэйн Нийтлэг мэдрэмж хэмээх товхимлоо гаргав. Эрх чөлөөт улс-үндэстний шашдир болсон энэ бүтээлд “аяндаа гарсан эмх журмын” (төрийн оролцоогүй журам дэглэмийн) хүчтэй талыг хүмүүсийн урам зориг сэргэтэл өгүүлж чадсан байдаг. Мөн энэ онд эдүгээ “АНУ-ын эцэг” хэмээн нэрлэгдэх болсон Томас Жэффэрсон, Бэнжамин Франклин, Жон Адамс зэрэг хүмүүсийн оролцоотойгоор дэлхийн аугаа түүхэн үйл явдлын оршил болсон нэгэн баримт бичиг гарсан нь “Тусгаар Тогтнолын Тунхаг” байлаа.


1776 оны долдугаар сарын 4 буюу яг өнөөдөр “Тусгаар Тогтнолын Тунхаг”-ийг баталснаар дэлхий ертөнц дээр шинэ нийгэм, хүмүүсийн хамтын амьдралын хамгийн зохист хэлбэр бий болсон юм (Черчиллийн хэлснээр өнөөг хүртэл бидэнд тааралдсан хэлбэрүүдийн дотроос хамгийн зохист тэр хэлбэр.


Америкийн колониудыг эдийн засгийн боолчлол, эрхтэн ямбатны дарлал, дундад зууны оюун санааны хүлээснээс зугтаж очсон хүмүүс бий болгосон. Тэдгээр хүмүүс урьд нь хэний ч өмч биш, зөвхөн Бурхны мэдэлд байсан тэр газар, эд юмсад өөрийн хөдөлмөрийг “шингээсний” (Локкын хэлснээр) үндсэн дээр өмчлөх эрхийг олсон юм. Энэ нь тухайн зүйлийг эзэмших жинхэнэ эрх нь болж өгсөн юм. Тэдний яс махандаа хүртэл ухамсарласан нэг зүйл бол хүч хөдөлмөрөөрөө бүтээсэн зүйлийг нь хэн нэг хүн ирээд (мөн төр өөрийн цагдаа, түшмэлтэй ирээд) авчихаж болохгүйтэй адил мань хүн өөрөө ч бусдын хүч хөдөлмөр, цаг заваа заран байж бүтээсэн зүйлийг авч болохгүй гэсэн ойлголт байв. Шинээр бий болж байсан энэ нийгэмд хувь хүн юу сонирхох, ямар ном уншиж, ямар шашин шүтэх нь тэр хүний л хэрэг байсан бөгөөд гол нь бусдынхаа тийм эрхийг хөндөж болохгүй гэсэн хатуу итгэл үнэмшил дээр суурилжээ.


Тэд эдийн засгийн эрх чөлөөг олж, өөрсдийн бий болгосон өмчөө өөрийн гарт байгаа буугаар л хамгаалж байлаа. Төрөөс хамгаалалт, ивээл, тус эрэлхийлэхийг хүсээгүй. Европт байхад нь дарлаж байсан хаан, дарангуйлагч, язгууртнууд, тайж ноёдын засаглал, товчоор хэлэх юм бол төр нь эрх чөлөөний мэдрэмжтэй, хөдөлмөрч, тэмцэгч энэ хүмүүсийн ихэд болгоомжилж байсан зүйл болж байв. Иймээс тэд “хамгийн бага засагладаг төртэй, хамгийн их эрхтэй иргэд” оршдог нийгмийг бий болгожээ. Энэ төр ёстой л ард түмний “өөрсдийнхөө төлөө, өөрсдөө бий болгосон, өөрсдийнх нь засаг” байлаа. Төр өөрийгөө бүтээгчдэд жинхэнэ утгаар үйлчилж эхэлсэн юм. Тэгээд ч энэхүү либертари шинж нь Америкийг дэлхийн үлгэр дууриал болгов.

Эрх чөлөөг эрмэлзэгч ийм ард түмний улс-орон байснаараа Америк нь эрх чөлөөний эх орон гэж нэрлэгдэх болсон. Тэр үед Америкийн нийгмийн ирээдүйг Алэксис Токвилль зэрэг цөөн хүмүүс ойлгож байсан бол (Францын энэ сэтгэгч Америкт ирээд Америк дахь ардчилал зохиолоо бахдан бичсэн байдаг) өнөө дэлхий олон улс орон Америкийн замнаалаар явж байна. Тэгэхээр энэ бол зөвхөн АНУ үүссэний баяр биш дэлхий дээр ардчилсан нийгэм бий болсны баяр мөн.


www.libertari.mn

0 件のコメント:

コメントを投稿