2010年1月15日金曜日

Өөрийгөө бодох нь хүний төрөлх чанар
(“Нэг нь нийтийн төлөө”юу? “Нийт нь нэгийн төлөө” юу? аль эсвэл “Өөрөө өөрийнхөө төлөө” юу?)

Бидний өмнөх ширээн дээр буй хоол унд махны худалдаачин, шар айраг исгэгч, талхчдын сайхан сэтгэлийн биш харин тэдний хувиа хичээсэн үйлдлийн үр дүнд бий болдог.

Адам Смит

Коллективист хүн бусдаар амьдардаг бол индивидуалист хүн өөрөөрөө амьдардаг.

Айн Рэнд


Эгоизмийг хамгаалсан энэ өгүүллийг минь арчаа­гүй зан тө­лөвтэй олон хүн өөрсдийн өөдгүй үйлдлийг цагаатгах да­лим болгон ашиглаж таарах биз. Үнэн­дээ би энд Айн Рэндийн Эх сурвалж романд гардаг шиг хувь хүнийг дээдлэх утгаар эгоизмийг хам­гаалж буй болохоос тэдгээр өчүү­хэн амьтдад өгөөш өгөхийн тулд үүнийг бичиж буй хэрэг биш л дээ. Хүн бүрийн сэтгэх чадварт то­хируулан бичих чадвар алга, ун­шиж буй хүмүүс өөрт заяасан сав­ны хэмжээгээр утгацгаана биз.

Эх сурвалж романд ёс зүйн нормуудын тухай бид­ний ойл­гол­тыг өөрчлөх олон са­наа байдгийн нэг нь хувь хү­нийг дээдлэх хийгээд хамт олныг дагах, өөрийгөө бо­дох хийгээд өөрийгөө зо­лих үзлийн харь­цааны асуу­дал байлаа. Өөрий­гөө бодох буюу эгоизмийн тухай хам­гийн гүнзгий судалгаа­тай та­нин мэдэхүйн салбар бол мэ­дээж этик юм. Гэхдээ бид ёс зүйн ойлголт-ёс сур­та­хууны хүмүүжлээ заавал Арис­то­те­лийн Никомахын этик, Дун­дад зууны шашны мо­­ралистуудын сургаал, Кантын императив, Мурын Этикийн зарчмууд гээд фи­лософийн утга зохиол ун­шиж байж олж авдаггүй. Ёс сурта­хууны төлөвшилд гэр бүлийн орчин хамгийн их нөлөө үзүүл­дэг гэж бод­дог. Түүнээс гадна уран зо­хиол ч гэсэн бахархан дуу­риах, жигшин зайлсхийх зан тө­л­вийн талаархи бодол эргэ­­цүүллийг бидэнд өгдөг би­лээ.

Ан амьтны тухай үлгэр сон­­соод сууж буй хүүхэд бага наснаасаа юуг сайн, юуг муу хэмээдэг, ямар зүйлийг хийж болдог, ямрыг нь эс болдог талаар өөрийн төсөөлөлтэй болж эхэлнэ. Үлгэр домгоос авч эхэл­сэн ёс суртахууны хүмүүжлийн үр хөврөл Жюль Верн, Алек­сандр Дюма, Майн Рид, Ч.Лодой­дамбын зохио­луу­дад гардаг янз бүрийн дү­рүү­дээр улам гүнз­гийрдэг билээ. Гэтэл саявтар Айн Рэндийн Эх сурвалж рома­ныг унштал ёс суртахууны норм, хэм хэмжээг эрс өөр өнцгөөс харж хүний зан төлөв, үйлийг гаргасан байх аж. Энэ роман ёс сурта­хууны хэм хэмжээний ту­хай миний ойлголтыг улам гүнзгийрүүлж, их зүйл эргэ­цүүлэхэд хүргэлээ. Энэ номыг уншсанаараа дээрх сонгодгуу­дын бүтээлд сайн муугийн ту­хай ойлголт, болох болохгүйн импера­тив хэтэрхий хялбарч­лагдсан болохыг олж харав.


“Нэг нь нийтийн төлөө”-гийн тухайд

Өмнөх нийгмийн үед Горь­кийн Данко мэтийн хүмүүс бид­ний үлгэр дуу­риал болж байлаа. Зүрхээ суга татаж харанхуйг гэрэл­түүлэн бусад хүмүүст явах замыг зааж өгдөг нэгэн. Гэхдээ бид Данко яагаад хүмүүст таа­лагд­дагийг ну­хац­тай эргэцүүл­дэггүй байж. Үнэндээ Данко маань хүн бүрийн хувиа хичээх сэтгэлийг хангаж, өөрийгөө бодох бололцоог нь хэрэг­жүүлж өгсөнд хүмүүс талар­хаж байгаа юм. Бусад хүн­тэй адил өөрийгөө бодох эрхтэй нэгэн өөрийгөө зо­лио­солсонд алга ташиж, баяр хүргэдгээрээ альт­руизм харгис шинжтэй. Хувь хүнийг нийгмийн эрэг шураг, бусдын төлөө зо­лиос­логдох ёстой золиг-барам мэтээр үзнэ. Ийм харгис үзэл онолыг үндэс сууриа болгосон хоёр ний­гэм бол нэг нь ажилчин ангийг дээдэлдэг комму­нист, нөгөө нь ари үндэст­нийг дээдэл­дэг фашист нийгмүүд болно.

Өөрийгөө огоорохуй нь юу хийж байгаагаа ухам­сарла­даггүй, байгалиас өгөгд­сөн ко­донд захирагдаж байдаг амьтанд л их байдаг үзэгдэл. Харин хүнд өөрий­гөө бодож бай гэж оюун ухаан заяасан байдаг аж. Эх сурвалж романд гардаг нэ­гэн баатар өөрийгөө огоо­рогчийг хараад “хүний мөн ча­нарт харш л юм даа” хэ­мээн бодлогош­ронгуй хэл­дэг. Тэрхүү өөрийгөө огоо­рогч нь хувь хүний үүдэлтэй юм бүхнийг нухчин дарахын тулд хамт олонч үзлийг баримтална. Романд гарах энэ аймшигт дүр өөрийгөө хайрладаггүй хүн бусдыг хайрлана гэж огт бай­даг­гүйг яваандаа харуулдаг. Түүнийг харсан хэнд ч гэ­сэн “өөрийгөө хайрладаггүй энэ хүн намайг хайрлана гэж үү дээ” гэсэн эргэлзээ өөрийн эрхгүй төрмөөр. Түүхэнд их хядлага үйлдсэн аливаа хувьсгалчид иймэр­хүү фанатикууд байсан билээ. Түүхэй хэмээх тэр кол­лек­тивист хамт олны дунд оюун ухаан, авъяас чадвар, зан чана­раараа хэн нэг нь давамгайлж байдгийг анзаараагүй. Хамгийн кол­лек­тивист хүн болох өөрөө хүртэл коллективистуудын дунд хувь хүний шинжээрээ давам­гайлснаа мэддэггүй.

Хэр баргийн эрүүл ухаан­тай хүн өөрийгөө бо­лон гэр бүлээ хаячхаад нийтийн төлөө зүтгээд байх­гүй дээ. Тэр тусмаа өөрийнх нь амьдрал тийм бо­ломж­той биш байхад бус­дын төлөө гүйгээд байх шиг утгагүй, авцалдаагүй зүйл гэж хаа байх билээ. Бас­тиагийн хэлснээр “Нэг нь нийтийн төлөө” гэчхээд араас нь хурдхан шиг “Нийт нь нэгийн тө­лөө” гэхгүй бол хэн ч энэ уриа лоозунг сонсохыг хүсэхгүй биз. Ер нь боол хүн л бусдын төлөө явах сэтгэхүй, хувь тави­лантай төрсөн байдаг. Түүнд “Эго-Би”-гээ бодох эрх байхгүй. Эрх байсан ч түүнийхээ төлөө тэм­цэх санаа-сэдэл оюун ухаанаас нь арчигдсан байдаг. Ин­гээд тэрээр юуны түрүүнд оюун са­наа, ухамсраараа боол байдаг уч­раас “боол гэдгээ ухамсар­ла­сан боол хэдий­нээ боол биш бол­сон бай­даг” гэдэг нь үнэн юм шүү.

“Нэг нь нийтийн төлөө” гэдэг энэ зарчим тийм олиг­той утга агуулдаггүйг харуу­лахын тулд асуудлыг арай өөр талаас харж болно. Жишээ нь, би өөрөөсөө арай арчаа муутай хэдэн хүний төлөө нэлээд удаан хугацаанд зүтгэж гэж са­ная. Нэг л өдөр надад “би эднээс илүү юм байна, тийм учраас энэ хэд миний үгээр явах ёстой” гэсэн бодол төрж л таарна. Ингэж бодох эрхийг тэд өөрсдөө надад өгсөн юм чинь. Тэгээд нөгөөдүүлдээ зааж заа­варлан тушаал өгч эхэлнэ. Би ингэх эрхтэйгээ сайн мэднэ. Учир нь тэд надаар юмаа хийл­гэдэг. Яг ийм шалтгаанаар улс төр­чид дээрх лоозунд их дур­тай байдаг юм. Сонгогчид нь хувиа бодсондоо өөрийг нь зарах гээд байгааг мэдэж байгаа учраас улс төрчид “Би та нарын төлөө амь хайргүй зүтгэнэ”, “та нарын зовлон шаналлын төлөө би ша­тах­гүй юм бол өөр хэн шатах вэ” гэж сүржигнэнэ. Гэтэл ингэж ярьж буй хүний үзэл бодол, үг хэл, үйл хэрэг гурав нь хоо­рондоо зөр­чилдөж байд­гийг сонгог­чид анзаардаггүй. Тэр хү­ний үг хэл нь үзэл бодолтойгоо таарч байж ма­гад­гүй. Энэ бол бага хэрэг. Хамгийн гол нь үг хэл, үзэл бодол хоёр нь үйл хэрэг­тэйгээ таарах ёстой. Жи­нхэнэ шалгуур бол үйл хэрэг. Түүнээс биш сайхан юм ярьж, сайн зүй­лийн тухай бодож мөрөө­дөх шиг амар­хан юм хаана байх билээ.

Ярьж байсан зүйлдээ эргэн ороход, энэ бүхнээс гадна надад тэр арчаагүй нөхдийн төлөө гүйх нууц шалтгаан байсан юм. Үүний­­­гээ өөрөөсөө ч нууж бай­сан болохоор тэд мэдэх­гүй байх нь аргагүй л дээ. Тэр бол “Одоо би эдний төлөө явах юм бол хожим нь эд миний төлөө хо­шуурц­гаана” гэдгийг би мэдэж байсан билээ. Тэгэхээр энд бас л өөрийгөө бодох сэтгэл маань давамгайлсан хэрэг. Товчоор хэлбэл, би өөрий­гөө бодсондоо бусдыг бод­сон юм.


“Нийт нь нэгийн төлөө”-гийн тухайд

Энэ уриа яагаад хү­мүүст сайхан сонсогддог вэ гэвэл хүн бүр л тэр “нэг” гэдгийн дор өөрийгөө ойлго­дог. Нийт хүмүүс миний төлөө зүтгэх уриа-лоозун дэвшүүлж байна гэж бодо­ход сайхан байдаг. Бас л эгоизм. Ийм моралийг эсэр­гүүцэх юм бол сүүлд нь яах юм, хүнээс туслалцаа авч чадахаа болино шүү дээ. Хүн юм өгвөл аваад байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хүнээр юмаа хийлгэх, хүн монжих, хүний араар суудаг, бусдын нөөлгөн дор амьдрагсад энэ лоозунд их дуртай. Тэгэхээр энэ уриаг үгүйсгэх нь амьдрах аргыг нь устгана гэж байгаатай утга нэг сонсогддог тул харин ч нэг үхэн хатан үзэлцэхээс өөр арга байх­гүй.

Улс төрчид ч энэ лоо­зунг өөрсдөдөө унацтай ашиглахаа мөн л мэддэг. Тэд энэ лоозунг ашиглаж байгаад улсын сан хөм­рөгөөс буянтны дүр гарган өглөг тарааж эхэлдэг. Улс­төр­чид л “улсын мөнгө”, “төрийн мөнгө” гэсэн үг хэрэглээд байдаг боло­хоос уг нь тийм мөнгө гэж хаана байхав дээ. Жинхэнэ утгаа­раа мөнгө гэдэг бол улс төрийн биш эдийн засгийн ухагдахуун гэд­гийг мэддэг­гүй. “Үнэгүй хоол гэж бай­даг­гүй” гэдэг зарчим нь тэдний хувьд хамгийн аюул­тай утга илэрхийлдэг. Мөн­гө гэдэг хэн нэгний хүч хөдөлмөр, цаг хугацаа биш харин хаа нэг газар ургаж байдаг ургамал ногоо мэ­тээр төсөөлдөг хүмүүс. Тийм учраас ч их өгөөмөр дүр гарган иргэдийнхээ хармаанаас мөн­гийг түгээж эхэлдэг. Үрэн таран хийж буй энэ баялгийг өөрсдөө бүтээгээгүй болохоор ар­вилах, хэмнэх бодол тэдний хүйтэн цэвдэг сэтгэлд даан ч орж ирэх­гүй. Нэгнийх нь хармаанаас авч нөгөөд нь өгч байгаа зүйл үнэгүй зүйл гэж үү. Дахин хэлэхэд, “үнэ­гүй хоол гэж хаана ч байдаг­гүй.”

Улс төрчид “нийт нь нэгийн тө­лөө”-д дуртай бай­даг өөр нэг бодит шалтгаан бий. Магадгүй энэ нь хам­гийн гол шалтгаан байх. Тэд энэ урианы дор асар их хөрөнгө, мөнгийг хуваари­лан зарцуулахдаа өөрсдө­дөө маш их зүйл унагахаа мартахгүй. Үүнийг нь шүүмж­­лэх юм бол ур­даас “Би ч гэсэн энэ нийгмийн нэг гишүүн юм байгаа биз дээ. Бид ч бас хүн шүү” гэх маягийн юм ярина. Эрээгээ алдсан хү­мүүс шүү, наад улс төрчид чинь.


“Өөрөө өөрийнхөө төлөө”-гийн тухай

Бидний дунд тогтсон ойл­голт, зарчмын үүднээс энэн шиг зэвүүн, муухай сонсогддог уриа гэж байх болов уу? Хувиа хичээх үзэл! Бодож эргэцүүлэх ч шаард­лагагүй, муу муухай, өөдгүй гэдэг нь алган дээр байгаа юм шиг ил зарчим.

Гэтэл хүн угаасаа амиа боддог мөн чанартайг хүн тө­рөлх­тний туршлагаар хамгийн дэвшилтэт болох нь батлагдсан нийгэмд хү­лээн зөвшөөрдөг. Соёлжиж иргэншсэн нийгэмд хувь хүн болоод түүний өөрийн­хөө төлөө байдаг шинжийг хү­лээн зөвшөөрдөг билээ. Адам Смит аль хэдийнээ “Хүн өөрий­гөө л боддог” мөн чанартайг хэлсэн боловч хүмүүс үүнийг ёс зүйн үүд­нээс нэг их анзаараагүй явсаар ирсэн юм шиг са­нагд­даг (Лав л миний унш­сан зохио­луудад эдийн зас­гийн утгаар авч үзсэн бай­даг болохоос ёс зүйн ана­лиз хийсэн нь тааралдаа­гүй). Гэтэл амиа бодохуй нь капи­тализмын үндэс, өөрөөр хэлэх юм бол, өнөө­гийн дэлхийн хөг­жил, тэр­гүү­ний техник, техноло­гийн үндэс гэсэн үг.

“Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” гэсэн уриа нь хүмүүсийг өөртөө биш бусдад найддаг, тэгс­нээрээ амьдралдаа арчаа­гүй хүн болгож, улмаар улс-орныхоо хөгжилд муугаар нөлөөлдөг гэдгийг мэддэг болов уу! Хэрэв энэ хүмүүс үнэхээр улс-орон, ард түмнээ хөгжүү­лэхийг хү­сээд байгаа бол юуны тү­рүүнд өөрсдийгөө болгох хэрэг­тэй. Тэгж чадвал бус­­дад, эх орон-ард түмэндээ үнэхээр том тус болно.

Одоо амиа бодохуй хэ­мээх муухай үзэгдлийг Эх сурвалж романд гардаг ут­гаар авч үзье. Энэ романы гол баатар Роарк хэмээх нэгэн эрэлхэг эр өөрий­гөө “эгоист” гэдгийг илээр шууд зарлан тунхагладаг. Түү­нийхээр эгоист хүн амжилт бүтээлээ төдийгүй алдаа дутагдлынхаа хариуцлагыг өөрөө үүрдэг. Эрх чөлөөт нөхцөлд гаргасан шийд­вэрийнхээ үр дүнг өөрөө бүрэн хариуцдаг хүн бол эгоист. Тэ­рээр амьдралдаа гаргасан ам­жилт ч минийх, алдаа ч бас минийх хэ­мээнэ. Эгоист хүн “Өөрөө өөрийгөө даая, нэг нэгэн­дээ тээр болохоо больё” гэдэг. Тэд хэн нэг дарга, тэр тус­маа хамт олон минь ирээд намайг аварчих болов уу хэмээн харж суудаггүй. Өөрөө өөрийнхөө төлөө тэмцдэг.

Энэ бүхнээс харахад хүмүү­сийн нэгнийхээ тө­лөө хийж болох хамгийн сайн үйл бол бусдын хэрэгт оролцохгүй байх явдал юм. Хэн нэг нь миний төлөө хэчнээн сайн сайхан зүйл хийх байлаа ч гэсэн заавал миний зөвшөөрлийг авсан байх ёстой хэмээх либер­тари зарчим бол ёстой л хаширсан хүний үг. Бид түүхэнд байсан олон “сайн удирдагчдыг” харсан. Бүгд ми­ний сайн сайхны төлөө гэсэн лоозунтай гарч ирдэг. Тэр ч бүү хэл зарим нэг сайн сайхан зүйлийг хийж байсан. Гэхдээ л эцэстээ би түүний тусын ха­риуд эрх чөлөөгөө өгөх хэрэгтэй болдог. Ийм учраас либер­тари үзэлтнүүд хүний хэ­рэгт оролцох хийгээд өөрийнхөө хэрэгт бус­дыг оролцуулах дургүй байдаг юм. Харин улс төрчдийн хийдэг үндсэн ажил нь хүний хэрэгт орол­цох, удирдах, зааж заа­варлах явдал билээ: “Со­циалист улс төрчид боло­хоор ямар хув­цас өмсөх, биеэ яаж авч явахыг зааж таны ээж шиг аяглана. Кон­серватив улс төрч болохоор бүхнийг мэдэж, сургаал айлдан аав шиг чинь аашил­на. Ком­мунист улс төрч болохоор хэзээ ч алгадаад авч мэдэх хойд аав л гэсэн үг. Тэгвэл либертари үзэлт­­нүүд таныг гаргасан шийд­­вэрийнхээ хариуц­ла­гыг бүрэн хүлээж чадах нас биенд хүрсэн хүн хэмээн үзэж, таны хэрэгт үл орол­цоно.” Дашрамд хэлэхэд энэ сэдэвтэй холбоотой санаануудыг “Өөрийн­хөө­рөө амьдрах, бусдад тэгж амьдрах бололцоо өгөх” (Либерта­риа­низ­мын алтан дүрэм), “Либер­тари тунхаг” (Эрх чөлөөт хувь хүний амьдралын хэв маяг, зар­чим), “Ноорхой дээл шиг болсон ардчилал” (Ардчи­лал бол эрх чөлөөний дай­сан), “Хам­тач ёсны эсрэг боссон хувь хүн” болон хар тамхи, биеэ үнэлэх, сууд­лын даруулгаа бүслэх эсэх­тэй холбоотой бичсэн өгүүл­­­лүүд, Д.Боазын Либер­тариа­низм номонд орчуу­лаг­­чаас бич­сэн өмнөх үг зэрэгт бичсээр ирсэн би­лээ. Уншигч таны зав зай чинь хүрэлцэх бол “Ардын эрх”, “Өдрийн сонин”-уудад гар­сан эдгээр өгүүлэл болон “Цаг төр, хүмүүс” сэтгүүл, /www.news.mn/, /www.libertari.mn/ вэйбсай­туу­дад миний алдаг оног хөтөлж буй либертари булан-гуудаас харж болно.

Уламжлалт ойлголтоор эгоист хүн өөрийнхөө төлөө ямагт бусдыг зольж байдаг. Гэтэл жинхэнэ эгоист болох Роарк хэзээ ч бусдыг өөрийн өөдлөх замын шат гишгүүр болгож байгаагүй. Ийм өөдгүй зүйлийг “Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” хэмээн хаш­гирагсад л хийдэг. Роарк бусдын эрх ашгийг хөндөж, хүнд муу зүйл хий­хээс ямар ч то­хиол­долд зайлсхийнэ. Тэрээр бусад хүн ч гэсэн өөр шиг нь эрх ашигтай гэдгийг мэддэг би­лээ. Би өөрийгөө бодож байгаа юм чинь бусад хүнд ч гэсэн өөрийгөө бодох эрх бий. Би өөрийн эрх ашгийн хүрээ рүү хүнийг оруу­лах дургүй байдагчлан тэр хүн ч гэсэн өөрийн эрх ашгийн хүрээ рүү хүн оруулах дур­гүй л байж таараа. Энэ бүхэн эгоист Роар­кийн үнд­сэн зарчим. Тэгэхээр жин­хэнэ эгоист хүн бусад хүн ч эгоист шинжтэйг ойлгож хү­лээн зөвшөөрдөг.

Роарк нэгэн удаа өөдгүй зантай захиалагчаас болж өөрийн босгосон байшинд маш их хэмжээний зардал гаргаж өөрчлөлт хийх шаард­лага гар­даг. Захиа­лагч “Энэ өөрчлөлтөнд чинь би нэг ч цент гаргаж ча­дахгүй. Тэгж хүсээд байгаа юм бол чи өөрөө хий” хэ­мээнэ. Өөрт нь ямар ч ашиг байхгүй, зөвхөн өөдгүй зан чанартай нэгэн этгээ­дийн байшинг гармонитой (эв зохицолтой) харагдуулахын тулд тэр төлбөрийг гаргадаг. Яагаад ингэв? Эгоист уч­раас энэ үйлдлийг хийсэн хэрэг. Архитектурт үнэнч эгоист сэтгэл нь ийм үйл­дэл хийхэд хүргэдэг. Чу­хамхүү эгоист учраас тэ­рээр Маллори, Кийтинг, Уайнанд нарт асар их “тус” хү­р­гэсэн бөгөөд өөрийнх нь хайр сэтгэлийн ээд­рээт ха­рилцаа ч мөн л энэ утгаар тайл­барлагдана. Гэтэл ямагт олонхийг дагаж, тэ­дэнд таалаг­даж, нийгэмд нэр хүндтэй байх дуртай хүн болох Кийтинг эхлээд эх­нэрээ Уайнандад, дараа нь өөрийгөө Роаркт худал­дахад хүрдэг. Коллек­ти­вист-коммун­лаг психологи­той хүн ийм сул зан чанар­тай байдгийг романд үзүүл­жээ.

Роарк Кийтингт хэлэх­дээ “Өөрийнхөө хувь заяа­тай хол­боотой асуудлыг хэзээ ч хүнээр бүү ший­дүүлж бай!” гэнэ. Энэ бол хариуцлагаа бүрэн үүрч чаддаг хүний үг юм. Гэтэл зарим хүнд бүх юмаа бус­даар заалгаж, хүний эрх­шээлд байх нь амар байдаг. Тэр хүмүүс өөрийнхөө төлөө хүртэл хариуцлага үүр­дэггүй. Боол байх нь зарим талаар амар шүү дээ. Романд Роаркийн үзэл са­наа хамгийн товч бөгөөд тодорхой илэр­хийлэгдсэн хэсэг бол түүнийг хоёр дахь удаа шүүх хурлаар оруулах үед хэлсэн үг нь юм: “Бусад­тай санал нэг байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч хүн бусадтай санал нийлдэггүй. Урсгал дагаж сэлэхийг буянт үйл гэж зааж сургаж байна. Гэтэл бүтээгч хүн урсгал сөрж сэлдэг. Хамтдаа байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч хүн ганцаараа байдаг. ...Ний­тийн сайн сайхан, үндэстэн, анги, төр гэдэг бол хүн ар­дыг дарлаж байсан бүх хар­гислалыг зөвтгөсөн нэр томъёо. Түүхэнд тохиолд­сон хамгийн аймаар зүйл болгоныг нигүүл­сэнгүй буян гэдэг нэрийн дор хийж бай­сан. Өөрийгөө огоорон бус­дын төлөө гэдэг нэрийн дор хийж байгаа болохоор хэн ч тэднээс хүн алах эрхтэй эсэ­хийн тухай асуудаггүй байсан. ...Хүн бусдынхаа төлөө хийж чадах ганц сайн зүйл, зөв зохист харилцааг илэрхийлсэн илэр­хийлэл бол ‘Бусдын хэрэгт бүү оролц!’”

Тэгэхээр та Эх сурвалж романаас өөрийгөө огоо­рохуйн эсрэг өөрийгөө бодо­хуй, хамт олонч үзлийн эсрэг хувь хүнийг дээдлэх моралийг хараарай. Энэ үзэл санааг бүгд таалахгүй нь мэдээж. Хүн стэйтизм, со­циализм, коммунизм гээд ямар үзэл баримтлах нь тэр хүний эрх. Түүнийг нь хүл­цэн тэвчихүй бол либер­тари үзлийн нэг гол зар­чим. Бүгдийг нэг хэв загварт оруулах явдал бол тоталь үзэлт­нүүдийн (тотали­тариа­нис­туу­дын) үйл хэрэг. Бо­лом­жийн хэрээр үндэс­лэл­тэй яриад бай­хад эс ойлгох юм бол тэр хүнийг зөнд нь орхихоос өөр аргагүй. Ал­бадах явдал либертари үзэлт­­­ний хувьд хориотой, тэр ч бүү хэл, хүчирхийл­лийн зөөлөн хэлбэр болох ятгах явдлыг ч ашиглаж болохгүй. Тийм ч уч­раас либертари үзэлтэй хүн хэ­лэх­дээ, нэг өглөө босоход Монголын бүх иргэд либер­тари үзэлтэн болчихсон байвал энэ бол бидний зориод буй нийгэм биш байна гэж хэлэх болно. Харин либертари үзлийг хүн­дэтгэж, түүнийг жинхэнэ мөн чанараар нь хүмүүст ойлгуулах юмсан хэмээн хүсэж байгаа хүнд тэв­чи­хийн аргагүй нэг зүйл байх бөгөөд тэр нь либертари үг хэллэг ашиглан стэйтиз­мийг сурталчилж, либерта­риа­­низмыг дотроос нь гу­таа­­хыг тэвчихгүй. Аливаа зэрэмдэг суртахуун муухай байдаг бол либертари үзэл зэрэмдэг байх нь бүр ч муухай (Учир нь энэ үзэл юмыг оромдох, дүр үзүүлэх, хоёрын хооронд байх, бөө­рөнхийлөх, саарал сурта­хуун гаргахын эсрэг бай­даг.). Түүний оронд төр, хуулийн нэрээр эрх чөлөөг боомилогч хүн, хамт олонч үзэл зэргийг дээдэлдгээ нуулгүй, ил тод зарлад­гаараа коммунист, фашист үзэл нь хамаагүй хор бага­тай.

2 件のコメント:

  1. Сайн бна уу? Хэрэв би андуураагүй бол философийн ухааны доктор Б.Батчулуун мөн байх. Би таны Философи гэсэн шинэ ном чинь хэзэ худалдаанд гарахыг мэдэх гэсэн юм.

    返信削除
  2. Үнэхээр гоё байлаа. Маш их таалаагдлаа. Амиа боддог хүн бусдыг ч хамаагүй золиод зорилгодоо хүрдэг бол либертари хүн зөвхөн өөрийн хүчээр бусдыг мөлжихгүйгээр зорилгодоо хүрдэг. Бэст юм аа.

    返信削除