2010年1月15日金曜日

Монголчуудын либертари үзэл гэдэг софт-стэйтизи төдий зүйл юм гэж үү?

(ЛИБЕРТАРИ ҮЗЭЛ ЯАГААД УЛС ТӨР ЧДӨД ХАЛГААТАЙ БАЙДАГ ВЭ?)


Заан дээр суусан ялаануудын яриа

Муу хүнд үг бүү сонсог, мухар үхэрт худаг бүү үзүүл!

Монгол ардын зүйр цэцэн үг


Гурван жилийн өмнө либертарианизм гэсэн нэр-томъёог сонссон хүн Монголд цөөхөн байсан бол өнөөдөр юм уншдаг хүмүүсийн хүрээнд энэ үзэл харьцангуй тархаж, хүмүүс ч нэлээд сонирхох болжээ. Либертари ном ч багагүй орчуулагдав. Гэтэл “сайныг дагаад саар гэдэг” шиг уг үзлийг буруу зөрүү ойлгох, бүр эсрэгээр нь тайлбарлах хандлага эсэргүүцэгчдийнх нь дунд төдийгүй дэмжигчдийн дунд ч гарах боллоо. Түүгээр үл барам зарим тохиолдолд энэ үзлийг хувийн зорилгодоо ухамсартайгаар ашиглах болсон нь өгүүллийг тэрлэх шалтгаан болсон юм. Аливаа шинэ үзэл санааг анхнаас нь зөв ойлгож, жинхэнэ утгаар нь тайлбарлахгүй бол “мордохын хазгай” гэдэг шиг юм болж яван явсаар өөрийн эсрэг үзэл санаа, үйл хэрэгт ашиглагддаг сайхан үгсийн цуглуулга төдий зүйл болох магадлалтай тул Жефферсоны хэлснээр “сонор сэрэмжээ хэзээ ч алдахгүй байх нь” либертари үзэлтнүүдийн хувьд хамгийн чухал зүйл болоод байна. Одоо либертари үзэл нь бүх хүн тэр ч бүү хэл “сөргөлдөгчдийнхөө” хүртэл сэтгэлийг татаад байгаа юм байх. Либертарианизмын тухай сонссон социалистууд “энэ чинь л бидний зориод байгаа нийгэм юм шүү дээ” гэхэд холистууд (Поппэгийн тодорхойлсноор бүхэл буюу олонхид ач холбогдол өгөгчид) “либертари үзэл бол ардчиллын амин сүнс” гэнэ. Стэйтистүүд буюу төрийг шүтэгчид болохоор либертари үзэлтэй улс төрчид л төр барих юм бол улс-орноо аврах юм ярьцгаана. Эдгээрээс хамгийн хорлонтой нь либертарианизмыг өөрийнх нь эсрэг ашиглаж байгаа софт-стэйтистүүд юм. Софт-стэйтистүүдийнхээр уг нь төрийг сайн сайхан байлгаж болно, харамсалтай нь өөрсдөөс нь “ухаан дутуу, муу санаатай хүмүүс төрд оччихсон учраас түүнийг муу муухай болгоод байгаа юм” гэнэ лээ.

Софт-стэйтизм буюу төрийг аядуухан хамгаалагчид

Муу төр гэж бий, түүнээс муу төр гэж бий, бүр ёрын төр ч гэж бас байна. Эдгээрээс өөр төр байдаггүй.

Ер нь стэйтистүүдийг (төрийг хамгаалагчдыг) хоёр хувааж болно. Нэгд, либертари үзэлтнүүдийг шууд жадлан эсэргүүцдэг коммунист, фашист маягийн сэтгэлгээтэй хүмүүс. Хоёрт, төр гарцаагүй болох тухай аль болох ухаалаг үндэслэл гарган, түүний зайлшгүй болохыг нотолдог социал-демократ, консерватив маягийн үзэлтнүүд. Төрийг улайран хамгаалагч эхний хэсэг хүмүүсийг хард (hard) буюу хатуу стэйтистүүд, харин сүүлийн хүмүүсийг софт-стэйтистүүд (soft) буюу төрийг аядуухан хамгаалагчид гэдэг. Одоо Монголд өөрсдийгөө либертари үзэлтнүүд гэж нэрлэж буй хүмүүс бол бараг бүгд софт-стэйтистүүд байна. Хатуу чанд төрийн дор байсан хүмүүсийн хувьд софт-стэйтизм бол их дэвшил мөн. Гэхдээ л энэ нь төрийг далдуур, цаагуураа, нууцаар хамгаалдаг үзэл шүү дээ. Жинхэнэ либертарианизмын хувьд “өөх ч биш, булчирхай ч биш” гэсэн үг.

Гэтэл софт-стэйтистүүдэд ийм хачирхалтай байр сууриа хамгаалан хэлэх үг байдаг бололтой юм билээ. “Либертари үзэл бол хэн нэгний өмч биш” гэдэг бол тэдний бодож олсон хамгийн мундаг үг. Ингэж хэлснийхээ дараа тэд өөрсдөө либертари үзлийн төлөөлөгч болж түүнийг “буртаглах” үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байхыг хүсдэг. Либертари үзэл хэн нэгний өмч биш болох нь мэдээж. Тэгвэл стэйтистүүдийн өмч бүр ч биш. Энэ үзэл улс төрд хорхойссон хүний эрх мэдэлд хүрэх зэвсэг болох ёсгүй. Либертари үзэл нь ийм зан чанарын эсрэг байдаг. Ер нь жирийн иргэн байх нь ичгэвтэр санагддаг ч юм уу, аль эсвэл өөрийгөө бусдаас дээгүүр тавьсан тийм хүмүүст төрөлхөөс нь либертари “угшил” байдаггүй.
Саяхан нэгэн улс төрчийн “зохиосон” номыг харлаа. Либертари “Үгсээр” дүүрэн байх юм. Либертари үзэл ингээд улс төрчдийн гар хөлийн үзүүрт зарагдаж байдаг номлол болдог байжээ гэж бодогдмоор. Алив зүйлийг ингэж өөрийнх нь эсрэг ашиглана гэж байх уу даа. Хийх ажлаа улс төрчдөд алдсан либертари үзэлтнүүд одоо юу хийх болж байна вэ? Улс төрчдийн амыг хараад хэвтэж байх юм уу, аль эсвэл хэлсэн үгийг нь давтаад сууж байхаас өөр аргагүй болох шив. Өнгөц харахад, улс төрчид либертари үг хэллэг, утга санааг илэрхийлж байгаа нь сайн хэрэг мэт байвч улс төрийн эсрэг мөн чанартай үзлийг улс төрдөө ашиглаж, өөрсдийнхөө арга хэрэгсэл болгож байгаад хамгийн хорлонтой нь байгаа юм. Ёстой нөгөө “улс төр хийнэ” гээч нь иймэрхүү юм байдаг байх.

Үнэндээ улс төрчдийн бичсэн өгүүлэл, ярьсан яриа, хийсэн “судалгаа” гээд бүх зүйл нь хүний өмч байдаг. Дан сургаар явдаг эдгээр хүмүүст мэддэг ч юм байдаггүй, мэддэггүй ч юм байдаггүй. Ном, сурах бичиг дээрх зүйлийг хагас дутуу ойлгомогцоо телевизэд ярилцлага өгөх, сонинд өгүүлэл нийтлүүлэх гээд гүйчихнэ. Ярьж буй зүйлээ угт нь ортол ойлгож ширгээгүй байдаг учраас үг, үйл хэрэг хоёр нь хоорондоо ямагт зөрчилдөнө. Үргэлж хоёр нүүр гаргана. Нэг нь ард түмэнд зориулсан даруу зан (энэ бол худал нүүр царай нь), нөгөө нь, би бол бусдаас ухаантай, тийм учраас би удирдах ёстой (энэ бол үнэн нүүр царай нь) гэсэн далд ухамсар. Гэтэл либертари үзэл нь аливаа зүйлийг мөн чанараар нь харахыг эрмэлздэг. Яваандаа бүх юм ил болно гэдгийг либертаричууд мэддэг учраас өөрийнхөө болон бусдын талаар хуурмаг сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийн хоосон дүр үзүүлэх, рекламдах явдлаас аль болох хол байдаг.

Одоо манайд зарим улс төрч үнэн сэтгэлээсээ либертари байр суурин дээр зогсохыг хүсэж байх шиг байна. Тэд цаанаасаа наашилж байна уу, наанаасаа цаашилж байна уу гэдгээс хамаарч бидний зүгээс тэдэнд харьцах харьцаа тодорхойлогдох ёстой. Өөрөөр хэлбэл, улс төрч байснаа либертари үзэлд татагдаж байгаа бол бид түүнд талархалтай хандана. Харин либертари үзэлтэн байснаа төр рүү татагдаад байгаа бол тэр хүнд хэрхэн нааштай хандах билээ.

“Либертари улс төрч” – уг нь ийм утгагүй хэллэг хаана ч байхгүй биз. “Либертари” гэсэн үг нь хувь хүнийг хүсээгүй байхад түүний амьдралд хөндлөнгөөс оролцох ёсгүй гэсэн утгыг илэрхийлж байдаг бол “улс төрч” гэсэн үг нь хүссэн хүсээгүй сая сая хүний амьдралыг захиран, удирдан жолоодох гэсэн утга илэрхийлж байдаг. Гэтэл тэд “либертари төр” гэсэн тун хачин зүйлийг бий болгох гээд зүтгээд байдаг! Хаана ч байхгүй (байх ч аргагүй) ийм төрийг улс төрчид ид шидээр бүтээж, жирийн иргэд амар сайхандаа жаргаж, либертари үзэлтнүүд тэр төртэй нь тас тэврэлдээд үлгэр төгсөх юм байлгүй.

Дашрамд хэлэхэд, софт-стэйтистүүдийн софизмоор либертари үзэлтнүүд “хувь хүн төргүй амьдарч чадна” гэж хэлдгээрээ “төр мөхнө” гэж хэлдэг коммунистуудтай адил болж таарсан шүү. Аргагүй л улс төрчдийн гуйвуулга мөн байгаа биз. Асуудлын мөн чанар, агуулгаар маргалддаг хүмүүс хэзээ ч ийм мушгин гуйвуулсан гаргалгаа хийдэггүй юм.

Либертари үзэлтнүүд нэг зүйлээс бусдыг нь хүлцэн тэвчинэ!

Ямар ч тэвчээртэй үзэл өөрийг нь өөрийнх нь эсрэг ашиглахыг тэвчихгүй биз ээ.

Тийм ээ, либертари үзлийн нэг үндсэн зарчим бол хүлцэн тэвчихүй мөн. Бид өөрсдөөсөө бусдыг хүлээн зөвшөөрдөггүй коммунистууд болон фашистуудаас эрс ялгаатай хүмүүс. Тийм ч учраас нэг өглөө босоход Монголын 2.6 сая иргэн бүгд либертари үзэлтэй болчихсон байх юм бол тэр нь бидний хүсээд байдаг либертари нийгэм биш гэж хэлэх болно. Хүн бүр либертари үзэлтэй байх албагүй гэдгийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна. Хэн ямар үзэлтэй байх нь тухайн хүний эрх. Бид коммунистууд болон фашистууд шиг нам, эвлэлийн дугуйлан, оройн сургууль, хэвлэл, радио телевизээр хүмүүсийн толгой руу өөрсдийн номлолыг чихэгчид биш.

Либертари үзэлтнүүд бүх зүйлийг хүлцэн тэвчинэ. Ганцхан зүйлийг тэвчихгүй. Тэр нь либертари үзлийг өөрийнх нь эсрэг ашиглахыг тэвчихгүй. Улс төрчдийн нүүр царайг илчилсэн энэ үзлийг улс төрдөө ашиглах гэсэн оролдлогыг тэвчихгүй. Түүндээ тулах юм бол либертари үзэл нь өөрийг нь гутааж байгаа үзэлтэй хүртэл тэмцэлддэггүй үлбэгэр, нялцгар үзэл биш. Бид хувьсгалчид биш л дээ, гэхдээ ийм тохиолдолд радикал байр суурь баримтлахаас өөр аргагүй. Өнөөгийн Монголын нөхцөл байдал хийгээд либертари үзлийг тайлбарлаж буй зарим хүн намайг радикал байр суурин дээр зогсохоос өөр аргагүй болгож байна. Хүн өөрийн үзэл бодолтой байж болно. Үүнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрнө. Харин либертари үзлийг өөрийнх нь эсрэг ашиглаад байх юм бол түүний эсрэг үзэг барихаас өөр аргагүй. Өөр бусад зүйл дээр бол “төөргөөрөө болог, цаашаа!”.

Ер нь бидэнд тууштай сэтгэх чадвар байнга дутагддаг. Овоо хүн шиг сэтгэж байснаа гэнэт олон түмний психологид тохируулахгүй бол болохгүй гэсэн шиг хачин юм яриад унана. Аль эсвэл маргалдаж байх үедээ үгнээс өлгөж аваад хадуураад явчихна. Улс төрдөө л тэгдэг юм байгаа биз, философи үнэртүүлсэн юм ярьж байгаа бол ингэж болдоггүй юм. Сэтгэлгээний соёл-хүмүүжил суугаагүйн шинж л дээ. Хамгийн энгийн логик буюу формаль логикийн бяцхан хичээл заачихад, эсрэг тэсрэг хоёр бодомж нэг цаг хугацаа, нэг нөхцөл байдалд хоёулаа үнэн байна гэж байдаггүй! Тэгэхээр либертари үзэл, стэйтист үзэл хоёрын аль нэг нь үнэн болж таарах нь дээ.

Улс төрч, либертари үзэлтэн хоёр яагаад эвлэрдэггүй вэ!

Улс төрч, төр гэсэн хоёр ойлголтыг салгах аргагүй.

“Хүн өөрөө хүсээгүй байхад түүний амьдралд хөндлөнгөөс бүү оролц!” гэдэг нь либертари үзлийн үндсэн зарчмын нэг мөн. Тэгвэл улс төрчдийн үндсэн ажил бол иргэдийнхээ амьдралд хөндлөнгөөс оролцох явдал юм. Хийдэг ажил нь ерөөсөө л тэр, өөр юу ч биш. Хууль гаргаж бүгдийг зохицуулах гэж оролдоно. Ер нь хувь хүн тэдний зааснаар л амьдрах ёстой болдог.

Улс төрчид эмх журмыг амьдрал аяндаа тогтоохгүй, бид тогтооно, тэгсэн цагт бүх юм сайн сайхан байх болно гэцгээнэ. Ер нь аяндаа гарсан эмх журам буюу “хөндлөнгөөс бүү оролц” (laissez-faire) зарчимд ажил-мэргэжлийнхээ хувьд харшилж байдаг хүмүүс. Тэднээс олон түмэнд байнга ухуулж байдаг зүйл бол “би л засгийн эрхэнд гарахгүй бол энэ улс-орон чинь сүйрлээ”, “би биш харин тэд засгийн эрхэнд байгаа учраас улс-орон ийм ядуу байгаа юм” гэх мэт зүйл ярина. Мөн өөрөө л засгийн эрхэнд гарахгүй бол мэс заслын эмч бараг хагалгаагаа хийж чадахаа больж, багшийн толгойноос заах гэсэн зүйл нь алга болчих юм ярьцгаана.

Гулибэлийн хэлснээр, дэлхий дээрх муу муухай зүйлийг дан ганц хорон муу санаатнууд хийж байсангүй. Хүний амьдралд хөндлөнгөөс оролцож, амьдралыг нь зааж зааварлан, ямар нийгэм зохистойг номлож, үйлдвэрлэл, наймааг нь удирдан, баялгийг дахин хуваарилж, хүмүүсийг тушаалаа биелүүлэхийг шаардан хууль гаргаж байдаг хүмүүс л муу муухай зүйлийг бий болгож байжээ. Сайхан амьдралд хүргэж өгөх гэсэн улс төрчдөөс муу муухай үр дагавар хангалттай гарч байсан юм. Ийм учраас бид улс төрчдийг байнга сэжиглэнгүй нүдээр харж байдаг.


Либертари үзэл бол жирийн иргэдийн язгуур эрх ашигт хамгийн тохиромжтой үзэл санаа мөн

Улс төрч байснаас жирийн загасчин байсан нь дээр.

Ж.Ж.Дантон, XVIII зууны Францын хувьсгалч

(Учир нь улс төрчид хүний мөнгөөр амьдардаг, харин загасчин хүн өөрийн мөнгөөр амьдардаг.)

Либертари үзэл хувь хүний эрх ашгийг хамгаалсан үзэл бөгөөд жирийн иргэдэд хамгийн ашигтай үзэл суртал байгаа юм. Үнэхээрийн либертари итгэл үнэмшилтэй хүмүүс хөрөнгө мөнгө, эрх тушаал зэрэг нь хүний эрх гэсэн ойлголтонд огт хамаагүй гэдгийг мэддэг. Хүний эрх гэдэг маш констант зүйл. Мөнгөтэй, албан тушаалтай боллоо гээд тэр хүний “хүний эрх” нь ихэсчихдэг юм биш. Траншэйнд очлоо гээд “хүний эрх” нь багасчихдаг ч үгүй. Ер нь хүний эрхийг төр, хууль өгдөг юм биш. Энэ бол төрөлх зүйл гэж Локк хэлсэн байдаг. Нобэлийн шагналт философич, математикч, нийгмийн зүтгэлтэн Б.� ассэль хүний эрх бол “аксиом” гэж давтсан. Хэтэрхий ойлгомжтой юм шиг санагддаг болохоор хүмүүс энэ үгийн цаад утгыг ажиглахаа больсон бололтой. Уг нь ингэж хэлсэн нь маш учир утгатай юм билээ. Төрөлхөөсөө байсан зүйлийг хэн ч өгч чадахгүй. Харин төр юмуу хууль үүнийг өгсөн юм бол төрд байгаа хүмүүс өгсөн зүйлээ буцаагаад авах эрхтэй. Буцаагаад авдаггүй юм гэхэд иргэн хүн төрд өртэй хоцордог. Авлагатай хүн өртэй хүнийг өөрөөсөө байнга хараат байлгах болно. Ингээд хувь хүн төр болон хуулийн өмнө мөнхийн үүрэг хүлээхээс өөр аргагүй. Чухамхүү ийм учраас Локк “хүний эрх бол ТӨ� ӨЛХ зүйл” гэж тодоос тод тунхаглажээ. Жирийн хүмүүс эрх мэдэлтнүүдээс юу ч гуйгаагүй байхад эрх мэдэлтнүүд өөрсдийгөө танаас дээгүүр тавих эрхгүй болж байгаа юм. Харин ч жирийн иргэдээс авсан мөнгө, тэдний хэрэгцээн дээр тогтож байдаг учраас тэд танд үйлчлэх ёстой болно.

Энэ өгүүлэлд хувь хүний ба олонхийн эрх ашиг, либертари ёс суртахуун ба өглөг, төр-хууль ба хувь хүний сахилга бат, татвар ба өмчлөх эрх, цэргийн алба ба хүч үл хэрэглэх итгэл үнэмшил, хууль ёс ба либертари иргэдийн хооронд байгуулсан сайн дурын гэрээ, захирах ба захирагдах ёс гээд либертари сэдвийн хүрээнд яригдах ёстой олон чухал асуудал орхигдлоо. Ихэнх хүн эдгээр асуудлыг либертари үзэлд “үхлийн цохилт” өгөх сэдвүүд гэж ойлгодог. Үнэндээ ч либертари зарчмуудыг сайтар ухамсарлаагүй хүмүүс дээрх асуудлуудыг хэлэлцэх үед хүнд байдалд ордог л доо. Харин ухамсарт либертари үзэлтний хувьд бол хамгийн логиктой, философи агуулга бүхий хариулт байдаг. Тэр бүхнийг нэгэн өгүүллийн хэмжээнд тайлбарлан бичих аргагүй.

1 件のコメント:

  1. Sain baina uu tantai yaj holbogdoh ve, bolomjtoi bol uulzah tsag avah gesen yum

    Hundetgesen
    chimeddorj.m

    返信削除