2010年1月15日金曜日

Таны мөнгөөр танаас илүү амьдрах арга

"Төр бол хүн бүр түүний нэрээр түрээ барьж, бусдын хүч хөдөлмөрөөр амиа зогоох гэсэн асар том зохиомол зүйл болой"

Фридрих Бастиа

Сонгууль бол төрийг босгох үйл ажиллагаа

Таны хувьд яадгийг мэдэхгүй юм, миний хувьд ойлгомжтой гэж үзсэн зүйл маань огтоос ойлгоогүй асуудал байх нь олонтаа. Тийм асуудлын нэг нь сонгууль болоод байна. Улстөрчид болохоор сонгууль гэдэг бол иргэн-та төрийн эрх барьж байгаагийн илрэл гэж ойлгуулахыг хичээгээд байдаг. Би тэрийг нь ойлгодоггүй. Бүх хүний ойлгож байгаа зүйлийг ойлгохгүй байгаадаа хүлцэл өчих ялдамд өөрийн скептик бодол санааг та бүхэнтэй хуваалцахаар шийдсэн нь энэ болно.

Ер нь сонгууль гэж юу юм бэ гэсэн “ойлгомжтой” асуудлыг дахин нухацтай бодоод үзвэл яасан юм! Миний либертари итгэл үнэмшил дараахь зүйлийг хэлж байна. Сонгууль бол төрийг босгох үйл ажиллагаа, өөрийнхөө төлөө саналаа өгөхийг танаас гуйж буй хүн бол сонгогчдоос ажил гуйж буй хүн. Та сонгуульд оролцож тэр хүнийг ажилд авсан бол цалинжуулах ёстой. Энд тэр хүний төлөө саналаа өгсөн үү, үгүй юү гэдэг огт хамаагүй. Нэгэнт сонгуульд оролцсон бол ялсан нэр дэвшигчид дуугүй зөвшөөрлөө (tacit consent-оо) өгчихжээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүн таны хүссэнээр гарсан ч, эс хүссэнээр гарсан ч түүнийг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн хэрэг. Одоо тэр хүнээ цалинжуулахаас өөр аргагүй.

Түүний цалин мөнгийг төдийгүй гэр бүлийнх нь эмчилгээний зардал, даатгал, байр орон сууц, харуул хамгаалалт, машин болон утасны тооцоо, гадаад томилолт нэртэй аялал-жуулчлал, элдэв төрлийн хүлээн авалт, найр наадмынх нь зардлыг бас даадаг. Гэхдээ та энэ мөнгийг шууд хармаанаасаа гаргадгүй учраас тэр хүнийг цалинжуулж байгаагаа мэдэхгүй. Та ашиг, нэмүү өртөг, орлого, үл хөдлөх хөрөнгө, машины гэх мэт татваруудыг төлснөөрөө төрд гаргасан хүнийхээ тансаг хэрэглээний зардлыг дааж эхэлдэг. Гэхдээ энэ олон татвар бол ил харагдаж буй зүйлс. Эдгээрээс гадна танаас мөнгө салгах өөр олон арга бий. Таны худалдан авч буй талх, мах, гуриланд чинь шингэсэн нуугдмал татвараас улстөрчид өөрсдийн мөнгийг гаргаж авна. Түүгээр үл барам элдэв төрлийн журамлалт, зөвшөөрлийг далимдуулж хээл хахууль нэхнэ.

Тэгэхээр шулуухан хэлэхэд, саналаа өгөхийг гуйж буй хүн бол "би таны мөнгөөр танаас илүү хангамжтай амьдралд очъё" гэж хэлж байгаа хүн байх нь. Сайн улстөрч гэдэг бол таны мөнгөөр танаас илүү амьдрахыгаа танаар зөвшөөрүүлж чаддаг хүн болж таарлаа. Бид сонгуульд саналаа өгснөөр өөрсдийнхөө мөнгийг үрэх хүнийг гаргаж ирж байгаа хэрэг болж байна.

Улстөрч гэдэг бол шууд утгаараа бусдын мөнгөөр амьдрагсад юм уу аль эсвэл бусдын мөнгөөр амьдрахыг хүсэгчид болохыг өнөөдрийн Монголын амьдрал маш тодорхой харуулдаг. “Төрийн хүмүүс" маань одоо өөрсдийн мэргэжлээрээ (хэрэв тэд улстөрч гэдэг хүний мөнгөөр амьдардаг мэргэжлээс гадна ажил хийж мөнгө олдог өөр ямар нэг мэргэжил хэзээ нэг цагт эзэмшсэн бол) хамгийн муу мэргэжилтнүүд болсон.

Нийгэм асар хурдацтайөөрчлөгдөж үнэхээр ажил хийж амьдардаг хүмүүс маш хурдан чадавхжиж байна. Иймд нөгөөдүүл маань мэргэжлээрээ аль хэдийнээ хоцорсон. Жинхэнэ зах зээлийн нийгэмд дарга гэсэн мэргэжил байдаггүй. Чалхгүй болсон эдгээр хүмүүс үүнээс хойш төрөө хөхөж амьдрахаас өөр аргагүй. Энд яригдаж буй зүйлс үнэн гэдгийг 10-20 жил албан тушаалын далбаан дор амьдрагсдын намтар түүх, удаа дараагийн сонгуулиар гэрийн тань үүдэн дээр уйлан дуулаад зогсож байдаг дүр төрх, аль нэг албан тушаалд очих гээд ичих нүүрээ алддаг байдал харуулдаг.
Төрд очихыг хүсэгчид таныг жинхнээсээ хэрхэн үнэлж байдгаа сонгуулийн үед өөрийн эрхгүй харуулдаг. Бүх хүнийг өөр шигээ боддог тэд ичих ч үгүй 5-10 мянган төгрөг, нусны алчуур, аяга, календарь энэ тэрийг тараана гээч. Биднийг доромжилж байгаа хэрэг биш гэж үү! Сонгогчдынхоо итгэл-үнэмшлийг хэр хэмжээнд үнэлж байгаа нь харагдаж байгаа юм. Герман, Англи, АНУ-д нэр дэвшигч ийм үйлдэл хийвэл ер нь яах бол доо.

Би сонгуульд оролцолгүй хохирмоор байна

Та сонгуульд оролцоогүйгээрээ эдлэх ёстой эрхээ эдэлж чадахгүй, эсрэг саналтай хүнд бололцоо олгож, өөрөө л хохирч байгаа юм гэсэн нэг их ухаантай ятгалгыг сонссон л байлгүй. Ийм үндэслэлээ бидэнд хэлж л битгий инээд хүргээрэй. Сонгуульд оролцох явдал бол аль ч утгаараа төрийг босгох үйл ажиллагаа гэдгийг бид мэдэхийн дээдээр мэднэ. Тэгэхээр энэ үгээ хэлдэг газраа хэлж, итгэдэг хүмүүстээ итгүүлэх хэрэгтэй.

Онол ярьж биднийг гэгээрүүлэх гэж байгаа бол либертари үзэлтнүүд бид ухаалаг сонголтын онолын талаар стэйтистүүдээс арай илүү мэдэх байлгүй. Сонгогч-бид хүлээж буй үр дүнгээ ихэсгэхийн тулд аль болох өндөр дунджийг эрэлхийлдэг максимизын (maximize) зарчмыг баримтлах аваас АН юм уу Ху намыг сонгохоос өөр аргагүй. Харин муу үр дүнгээс аль болох зайлсхийх зарчим болох максиминыг (maximin) баримтлах юм бол ИХ нам, Ногоон нам юмуу түүнтэй төстэй намуудыг сонгох болно. Хамгийн сайн үр дүн хүлээдэг максимаксын (maximax) зарчмыг баримталбал алийг ч сонгохгүй байх нь дээр болоод байгаа юм. Сонгуульд оролцохгүй байх шийдвэр бол өөрөө сонголт мөн.

Тоглоомын онолд байдаг “Хоригдлын дилемм” хэмээх парадокс ч сонголт хийх нь хэчнээн төвөгтэй зүйл болох, бололцоотой бол түүнд оролцохгүй байх нь зөв болохыг харуулдаг. Уншигч авгайг төвөгшөөхгүй бол энэ парадоксыг товчхон тайлбарлая. Гэмт хэрэгт холбогдсон хоёр хүн шоронд хоригджээ. Нэг дэх тохиолдолд, нэг нь хэргээ хүлээж, нөгөө нь эс хүлээх аваас эхний хүн тэр дороо суллагдаж, нөгөөдөх нь 20 жилийн ялтай. Хоёр дахь тохиолдолд хоёул хэргээ хүлээхгүй бол тэр хоёр хэдэн сар суугаад шоронгоос гарна. Гурав дахь тохиолдолд хоёул хэргээ хүлээх аваас 15 жилийн ял авна. Тэр хоёр хоорондоо харилцах ямар ч боломж байхгүй. Ийм тохиолдолд ямар сонголт хийх вэ, энд зөвхөн өөрийгөө бодож сонголт хийх юм бол өөртөө гай тарина. Мэдээж хүмүүс энэ бүх онолыг мэдэж байж сонгуульд оролцоно гэж байдаггүй, гэхдээ аливаа зүйлд ухамсартай хандаж, учир начрыг тунгаах гэдэг хүмүүст сонголтын энэ онолууд гүнзгий санаа өгдөг.

Миний ажигласнаар дэлхийн хөгжилтэй орнууд дахь сонгуульд оролцдоггүй 40-50 хувийнхан бол хамгийн бие даасан иргэд юм. Максимаксын зарчмыг баримтлагсад. Тэнд сонгууль гэдэг үзэгдлийн талаар тааруухан сэтгэгдэлтэй, сонгуулийг үр ашиггүй зүйл гэж үздэг хүнийг сонгуульд оролцохыг албадаж чаддаггүй. Энэ 40-50 хувьд хамаарагдаж буй иргэдийн хувьд залхуу, идэвхгүй гэсэн хялбарчилсан тайлбар даанч таарахгүй. Тэд зүгээр л төртэй ч, төргүй ч амьдарч чадна гэдгээ мэддэг хүмүүс. Тэдний хувьд төр бол хааяа ирж хуулиар далайлгаж байгаад олсон орлогоос нь дээрэм хийгчээс өөр зүйл биш.

Өөрийнх нь амьдрал төрөөс хамааралтай, төр сайхан бол бид сайхан амьдарна хэмээн боддог хүмүүс л сонгуулийн байр руу явахдаа сүм рүү очиж байгаа сүсэгтний психологитой байдаг. Сүмд очиж хувь заяагаа бурханд даатгачихаад хэсэг зуур сэтгэл тань сэргэдэг шиг тэр нэг хүний төлөө саналаа өгчихөөр амьдрал дээшилчих шиг юм бодно. Та ингэж өөрийгөө хуурахыг хүсэж байдаг. Сайхан зүүднээс тань сэрээж, урмыг тань хугалсан хүнтэй дайсагналцахад бэлэн байгааг ойлгож байна. Гэхдээ л хэлье. Байдал яг эсрэгээрээ байдаг юм шүү. Сайн-сайхан төрийн тухай мөрөөдөгчдөд хандаж Ф.Гельдерлиний хэлсэн үгийг сануулъя: “Хүн төрийг энэ дэлхий дээрх диваажин болгох гэж оролдсоноороо дэлхий дээрх там болгож орхидог.”

Жирийн иргэн намайг сонгуульд оролцохгүй гэхэд хэн дургүйцэх вэ? Мэдээж миний сонгуульд оролцох эрхийг үүрэг хэмээн ойлгуулахыг оролдож байдаг улс төрчид хамгийн ихээр дургүйцнэ. Энд Ху нам, АН, ИХ нам, Ногоон нам ялгаагүй бүх улстөрчид либертари үзэлтнийг хялайн хардаг. Гол шалтгаан нь өөрсдийнх нь төлөө саналаа өгсөнгүй, өөрсдийг нь дэмжсэнгүй гэж л тэр. Тэднийг сонгохын тулд бид хүн болж төрсөн юм байх. Бид өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил бүхий хувь хүн биш зөвхөн сонгогч. Гэтэл жирийн иргэдийн хувьд хэн сонгуульд оролцож, хэн оролцохгүй байгаа нь огт хамаагүй байдаг. Намайг сонгуульд оролцсонгүй гээд хажуу айлын Дорж хялайгаад байдаггүй. Жирийн иргэд энд нэг нэгийнхээ үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, жинхэнэ хүлцэн тэвчихү йг баримталж харьцдаг.

Хамгийн сайн сонголт бол сонгуульд оролцохгүй байх явдал гэдгийг энэ хэдэн жилийн хугацаанд ойлгож авсан. Ядаж л миний сонгосон тэр бодгаль төрд гараад идэж уугаад эхлэх үед би л лав энэ заваан нөхрийг гаргаж ирэх үйл ажиллагаанд оролцоогүй шүү дээ хэмээн өөрийгөө тайвшруулаад зогсож байдаг. Ер нь уншигч та өөрийг тань даапаалсан "ямар сонгогч байна тийм гишүүн байна” гэсэн үгийг сонссон уу? Энэ юу гэсэн үг вэ гэвэл хээл хахууль авдаг, хулгай хийдэг, улсын мөнгийг завшдаг, хүний мөнгөөр мөрийтэй тоглодог гишүүнийг гаргаж ирснээрээ таны хохь гэсэн үг шүүдээ.

Нэр дэвшигчдийн гэнэхэн хүсэл

Биднээр төрөө босгуулж аваад өөрсдөө дотор нь ороод суух гэсэн улстөрчдийн ойлгуулах гээд байдаг зүйлийг тайлбарлаж өгье. ХХААЯ гэж байхгүй бол малчид малаа маллаж, тариаланчид тариагаа ургуулж чадахгүй. ЭМЯ-гүй бол эмч өвчтөнөө эмчилж, БСШУЯ-гүй бол багш хичээлээ зааж чадахаа больчихно. Тэгэхээр эдгээр Яам байгуулагдаж, нөгөө улстөрч нь сайд, дор хаяхад яамны газрын дарга болсон үед малчин, эмч, багш нар сая нэг юм ажлаа хийж чаддаг байхгүй юу!

Би улстөрчид, бүр тодорхой хэлэх юм бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын гишүүд, бүх эрхтэн дархтан, эвэртэн туурайтнуудад хандаж дараахь үгийг хэлмээр санагддаг. “Та өөрийнхөө үг хэл, тэр ч бүү хэл бодол санаандаа бүү итгэ, ганцхан үйл хэрэгт итгэ” (Л.Толстой).

Улстөрчдийн дотоод сэтгэлд үнэхээр эх орноо мандуулъя, сэргээе, ард түмнээ жаргаая, энэ ажлыг тэр биш би л хийж чадна гэсэн бодол агуулагддаг байж болно. Тэр ч бүү хэл, ямар ч үед шулуун шударга байж, зөвхөн ард түмнийхээ төлөө ажиллана гэж боддог байх. Ингэж бодож байгаагаа хэлдэг, зарладаг, тунхагладаг. Бид ч зөндөө сонссон. Харамсалтай нь энэ бүхэн үйл хэрэг биш, улстөрчдийн бодол санаа эсвэл үг яриа төдий үлддэг. Улстөрч маань өөрийн эрхгүй “энхрий хайрт намаа”, насан турш нөхөрлөсөн найз нөхдөө, төрүүлж өсгөсөн аав ээжийгээ, эхнэрийнхээ ядарсан ах дүүгээ бодохоос өөр аргагүй байдалд ордог (таныг аль болох сайн сайхнаар төсөөлөх гэж оролдож байна шүү дээ). Ийм учраас нөгөө сайхан бодол санаа, үг хэл хэзээ ч үйл хэрэг болдоггүй. Яг ийм шалтгаанаар "ганцхан үйл хэрэгт итгэ” гээд байгаа юм.Тэгэхээр Толстойн дээрх үгийг сонссон уу, сонссон бол ойлгосон уу, ойлгосон бол үйл хэрэг болгосон уу хэмээн дахин асуумаар байна. “Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хүнийг хязгааргүй эвддэг” гэж Лорд Актон үнэн хэлжээ.

Сонгуулийн дараа

Сонгогч та мэднэ дээ, сонгуулийн үеэр өдөр шөнөгүй хаалга хонхдоод гуйлга гуйгаад зогсчихдог, санал гуйж байх үедээ таныг тэнгэрт тултал магтан ухаантайг чинь гайхаж, өгөөмөр сэтгэлийг чинь шагшаад байсан нөгөө хүн сонгууль өнгөрөнгүүт хачин ихэмсэг болчихно шүү дээ.

Аргагүй шүү дээ, та ингэ л гэж түүнийг гаргаж ирсэн юм чинь. Тэр этгээд нэгэнт уг байр сууринд очсон бол таны зөвшөөрөлгүй өөрийн цалинг нэмэх, гар хөл бологсдодоо орон тоо батлах эрхтэй. Хормой дор шургалагсад ч түүнийг ятгаж гарна: Танд өч төчнөөн хамгаалалт хэрэгтэй, гадаад орны парламентийн гишүүд ийм хангалттай байдаг, сайд хүн тийм машин унадаг, манай яам төчнөөн хэлтэс, тасаг, алба-газар, нарийн бичгийн даргатай байх ёстой гэх мэтчилэн. Энэ мэтээр төр данхайна, түүнийг дагаад зардал томорно, зардлыг дагаад татвар ихэснэ. Харин таны үүрэг бол тэр ихэссэн зардлын төлбөрийг хийх явдал. Энэ үед тэр хүний талаархи бодлоо хэчнээн өөрчлөөд нэмэргүй, ямар ч байсан дөрвөн жил хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ та хэзээ ч хаширдаггүй, дөрвөн жилийн дараа дахиад л нөгөө хүн аль эсвэл өөр хэн нэгэнд хууртагдана. Ингэж дөрөв дөрвөн жилээр хүний тоглоом болж хуурагдсаар насыг бардаг.

Сонгуулиар дандаа бэртэгчингүүд хождог гэдгийг та бүхэн 2004 оны сонгуулиар харсан. 2000 оны сонгуулиар АН навс ялагдчихаад байх үед ардчилалд дасан зохицож ядаж байсан жирийн иргэдийн зүрх сэтгэлд хамгийн их итгэл найдвар төрүүлж байсан хүмүүс бол Бат-Үүл, Баабар нар билээ. Энэ хоёр хүнийг байсан учраас Ху намын нөгөө муухай махны машин хувь хүний эрх чөлөөг нухчин дараад хаячихаж чадахгүй гэж найдаж байв. Эрх чөлөөг эрхэмлэгч хүмүүс дотоод сэтгэлдээ энэ хоёрыг л ханьсааж байлаа шүү дээ. Гэтэл 2004 онд АН овоо хэдэн суудал авмагц албан тушаалд хорхойсогчдын байгууллага болох “Алтан гадас"-ынхан, биеийн амрыг хараад гадаадад хэвтэж байсан юмнууд, пүүс-компанийн эзэд гэнэт гарч ирээд хамаг эрх мэдлийг авчихсан. Тэгээд дандаа өөрсөд шигээ юмнуудаар төрөө дүүргэж авсан гээч. Хайк ийм хүмүүсийг хараад “Яагаад хамгийн олиггүй нь засгийн эрхэнд ордог юм бэ?" хэмээн гайхаж эгдүүцсэн асуултаа тавьсан байх.

2008 оны сонгууль дөхөж байгаа энэ үед жирийн иргэн би бодол санаагаа Үндсэн хуулиар “төрийн эрх барьж буй” ард түмэнтэйгээ хуваалцахад ийм байна. Ирэх сонгуульд “Гулибэлийн аялал” номон дээр гардаг Саймон шиг сонгогч аль болох цөөн байх болтугай! Коммунизмын үеийн “дайчилгааны сонгуулийн психологиосоо" салцгаая! Бид чинь сонгууль гэсэн “гэрэл асахаар сонгуулийн байр руу гүйлдэн очиж байдаг” болзолт рефлексэндээ удирдуулсан Павловын ноход шиг амьтад биш биз дээ!

0 件のコメント:

コメントを投稿