2010年1月15日金曜日

”Өөрийнхөөрөө амьдрах , бусдад тэгж амьдрах бололцоо өгөх”

Ер нь либертари үзэл санаа хэд хэдэн асуудал дээр анхаарлаа хандуулж байдаг. Тэр бүхнээс хувь хүний эрх чөлөөний асуудлыг сонгон авч, “Адмон” хэвлэлийн газраас монгол хэл дээр хэвлэн гарсан Либертарианизм номоо сурталчлахын тулд энэ бэсрэг өгүүллийг тэрлэн, анхааралд тань толилуулж байна.


Либертари үзэл ба патернализм
“Би өөрийгөө мэднэ” хамгийн энгийн мэт энэ зарчим хүмүүний амьдралд жинхэнэ утгаараа хэрэгжих болтлоо хүн төрөлхтнөөс асар их цаг хугацаа, хөлс хөдөлмөр, тэр ч бүү хэл улс төрийн ширүүн тэмцлийг шаардаж байжээ. Хувь хүний амьдралыг их хаад, күнз, мэнз гэх мэт ёс суртахууны сургаал, сайн сайхан бүхнийг амладаг шашин, нийт ард түмний нэр барьсан хэсэг бүлэг дарангуйлагч, “нутгийн ухаант буурал өтгөс”, үр хүүхдийнхээ амьдралын төлөө сэтгэл зовнисон аав, ээж, ах дүү гээд хөндлөнгийн хүмүүс зааж зааварлаж, мэдэж зохицуулсаар ирсэн байдаг.

Тэгвэл либертарианизм хэнийг ч нас биенд хүрсэн хүн гэж үзэн (үнэхээр тэр хүний хуулийн насанд хүрсэн тохиолдлыг авч үзэж байна шүү дээ), амьдралд нь хүндэтгэлтэй ханддаг. Та бол өөрөө шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх ухамсартай хувь хүн. Үүнийг тань либертари үзэл хүлээн зөвшөөрч байна. Амжилт ч таных, алдаа ч таных. Зөв бол ач тусыг нь та өөрөө хүртэнэ, буруу бол горыг нь мөн өөрөө амсана. Хүн алдах эрхтэй байх ёстой. Харин түүний алдааг өөр хэн нэг нь үүрэх ёсгүй. Тэгэхээр либертаричуудын үзэж байгаагаар амжилт, алдаа хоёр нь либертари үзэлтэй хүний хоёр аугаа багш мөн. Энэ утгаараа либертарианизм нь тууштай антипатерналист үзэл болно (Хувь хүний амьдралыг өөрөө биш, төр ч юм уу шашин мэднэ гэдэг үзлийг патернализм гэдэг).
Өөрөө өөрийгөө мэдэх зарчим дээр тулгуурласан эрх чөлөөний философи
Хүн өөрийгөө мэднэ гэдэг бол өөрийнхөө амьдралыг “эзэмшинэ” гэсэн үг юм. Учиргүй их хөрөнгө мөнгөтэй, өндөр боловсролтой, “цагаан цамц, зангиатай хүн” байсан ч тантай холбоотой асуудлыг танаас илүү мэдэх эрх байхгүй. Тэр ч бүү хэл тэд хэчнээн олуулаа байсан ч таны амьдралыг танаас илүү мэдэх ёсгүй. Мөн яг үүнтэй адил та өөрөө хэн ч байлаа гэсэн бусад хүний амьдралыг мэдэх эрхгүй байдаг.
Хүмүүн нь өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн цаг хугацаанд оршино. Амьдралаа алдвал ирээдүйгээ алдана, эрх чөлөөгөө алдвал одоогоо алдана, амьдрал, эрх чөлөөгөөрөө олсон бүхнээ алдвал өнгөрсөнд хийж бүтээсэн бүгдийг алдана гэсэн үг.
Таны эрх чөлөө, амьдралаараа бий болгосон зүйлийг тань өмч гэнэ. Энэ бол таны зарцуулсан цаг хугацаа, хүч хөдөлмөр, авъяас чадварын тань үр дүн юм. Түүнийг тань хэн ч зөвшөөрөлгүй залилж, хулгайлж, хүчээр авах эрх байхгүй.

Амь амьдрал, эрх чөлөө, өмч гурвыг хүний салгашгүй гурван эрх гэж Локк хэлсэн байдаг. Үүнд тайлбар хэрэггүй, энэ бол аксиом хэмээн Нобелийн шагналт философич, математикч Бэртран Рассэль тодотгосон. Тэгэхээр энэ гурвыг хэн ч авч болохгүй. Тэр ч байтугай, төр ч (нөгөө зангиа зүүсэн, цагаан цамцтай хүн) авч болохгүй. Төр нь татвар авах, цаазаар авах ялыг хэрэгжүүлэх, цэрэгт татах гэх мэтчилэн хүний эрхийг маш их зөрчиж байдаг. (Ер нь энэ номонд төр-яам, тамгын газрын оролцсон юм бүхэн болохоо болиод ирдэгийг тод харуулсан). Төр-засаг нэг хүний бүтээсэн зүйлийг авч нөгөө хүнд өгөх, эсвэл дундаас нь ихээхэн зүйлийг өөрийнхөө хэрэглээнд авч үлддэг учраас либертари үзэлтнүүд өөрийн зорилгыг “хувь хүний эрх чөлөөг дээд зэргээр ихэсгэж (maximize), засгийн эрх мэдлийг дээд зэргээр багасгах (minimize)” гэж тодорхойлдог билээ. Хэн хийж байгаагаас нь үл шалтгаалан хүний амь амьдралыг хүчирхийлэхийг аллага, хүний эрх чөлөөг хүчирхийлэхийг боолчлол, хүний өмчийг хүчирхийлэхийг дээрэм, хулгай гэхээс өөр аргагүй.
Индивидуализм (хувь хүнийг дээдлэх үзэл) ба эгоизм (“хар амиа бодох үзэл”)
Энэ үзлийн тухай ярих бүрд эгоизм гэсэн нэр томъёо дагалддаг. Эгоизм гэдэг нь Эго буюу латины Ego, монголын “Би” гэсэн үг болох бөгөөд би-гээ буюу хар амиа боддог муу үзэл болж таарч байгаа юм. Ёс суртахууны энэ сургаалыг либертари үзэлтнүүд улс төр, эдийн засгийн утгаар нь хэлэхдээ “Хувь хүний өөрийгөө бодож хийсэн зүйл бүр нийгмийн талбар дээр очихдоо нийтийн ач холбогдол бүхий зүйл болдог” гэдэг. Энэ үгийн тайлбарыг Смит, Хайк, Нэйш нар маш ул үндэслэлтэй тайлбарласан билээ. Үнэхээр л бид өөрийгөө бодож байгаа юм бол нийтийн тусын тулд юм хийхээс өөр аргагүй байдалд ордог системд байна. Иймээс либертари үзэлтнүүд эгоизмыг “рациональ эгоизм” гэсэн тодотголтойгоор хүлээн авахаас айдаггүй. Бидний хувьд “нэг нь нийтийн төлөө” биш, “нийт нь нэгийн төлөө” бас биш, харин өөрөө өөрийнхөө төлөө гэдэг бол хамгийн зөв лоозун.
Индивидуализм нь фашизм, коммунизм, социализм гэх зэрэг аливаа хамт олонч-коллективист үзэл болон “олонхийн дарангуйллын эсрэг” зогсож байдаг үзэл юм. Хувь хүнийг хамт олонтой заавал нэг эгнээнд алхаж, нэг аяар дуу дуулахыг албадаж болохгүй. Хувь хүний эрх гэдэг бол олонхиос хараат байдаг тоон хэмжигдэхүүн биш юм. Нэг хүний юмыг авахын тулд 100 хүн эрхээ нэгтгээд ч нэмэргүй. Өөрөөр хэлбэл, 10 хүний эрх нэг хүний эрхийг үгүй хийнэ гэсэн юм байхгүй. Эрх бол эрх.

Таны эдэлж буй ЭРХ бол одоогийн төрийн түшмэл, хуулийн ажилтан, их сургуулийн профессоруудын (“ордны профессорууд”) ятгаж, ойлгуулах гээд байдаг шиг төр-хуулиас өгөөмөр сайхан сэтгэл гарган бидэнд өгсөн бэлэг биш. Эрх чөлөөтэй, өмчтэй, амьдрах эрхтэй байна гэдэг нь хүн анхнаасаа л мах, цусанд төрдөг шиг тантай хамт энэ ертөнцөд ирсэн Бурхны хишиг юм. Тиймээс танд анхнаасаа байсан тэр зүйлийг хэн ч өгч чадахгүй. Энэ бүхнээс харахад индивидуализм нь тэгш эрхтэй гэхээсээ илүү эрх чөлөөтэй илүү холбоотой байдаг.
Либертарианизм ба улс төрийн бусад үзэл
Консерватив үзэлтнүүд яг таны аав шиг юу зөв, юу буруу болохыг зааж зааварлана, социалистууд болохоор нүүрийг чинь угааж, хувцсыг чинь өмсгөж өгөн ээж шиг тань аашилна, харин коммунистууд хэзээ ч алгадаад авахад бэлэн байдаг хахир хатуу зантай хойд аав, ээж л гэсэн үг. Тэгвэл либертари үзэлтнүүд таныг нас биенд хүрсэн хүн гэж үзэж, хүндэтгэлтэй харьцдаг. Та бол өөрөө шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий хувь хүн. Үүнийгээ либертарианизм дахин давтан хэлж байна.

Либертари үзэл Монголд орж ирлээ
Дэлхий дээр либертари үзэл бодол баримтлан үйл ажиллагаа явуулдаг байгууллага, энэ үзэл санааг дэлгэрүүлэх зорилготой вэйбсайт, утга зохиолыг тоочих аваас хэдэн зуун хуудас дүүрэн хаяг, мэдээлэл болох биз. Эрх чөлөөний яруу тод тунхаг болох энэ үзэл санаа ч Монголд нэвтэрчээ. Үүнийг би дараах хоёр баримт дээр тулгуурлан хэлж байна. Нэгд, Бастиа, Сэй, Мизес, Хайк, Рэйнд, Фридман, Боаз нарын либертариан номнууд хэдийнээ монгол хэл дээр хэвлэгдэн гарсан. Хоёрт, либертари үзэл санаа баримталдаг хэдэн хүний санаачлагаар “Либерал эдийн засагчдийн сан” хэмээх ТББ Монголд байгуулагдаж, богино хугацаанд нэлээд дорвитой ажил хийлээ. Тэр бүхнийг тоочих аваас нуршуу юм болж, уншигч таныг чилээх вий хэмээн эмээж байна. Иймд та www.fole.mn хаягаар орж либертари үзэл санаа, хөдөлгөөн, түүний тухай гадаад, дотоодын мэдээлэлтэй танилцаж болно. Бид гэр бүлийн хүмүүжил, олж авсан боловсролоороо уг үзэл санааг баримтлагч өөр хүмүүс байгаа гэдэгт бат итгэлтэй байна. Энэ үзэл санааг үзэн ядах хүмүүс ч гарах нь мэдээж. Хүлцэн тэвчихүй бол манай баримталдаг нэг гол зарчим билээ. Коммунист, социалист, фашист, либертари утга зохиолыг бүгдийг уншиг, тэгж байгаад сонголтоо хийг.

0 件のコメント:

コメントを投稿