2010年1月15日金曜日

АН, Ху нам хоёр бол “один чёрт”
(Либертари зарчмын үүднээс АН-д хандахуй)

Дахин хэлэхэд, бүгд либертари үзлээс хулгайлж байна. АН-ынхан бүр ч их. Хэр их хулгай хийнэ, тэр хэрээр уг үзлийг зэрэмдэглэнэ. Хамгийн хорлонтой нь тэд либертари үзлийг ашиглан либертари үзлийг шүүмжлэх гэдэг. Маргалдаж, шүүмжлээд байгаа хүмүүс өмнөөс маань бидний үгийг хэлээд байхаар хэлэх үг олдохгүй, инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг хачин байдалд орох юм. Тэд ер нь юм бодож, эргэцүүлдэггүй. Яг өөрийг нь шүүмжилсэн үг хэлээд байхад нөгөө шүүмжлэлийг шүүрч аваад орилоод унадаг. Инээдтэй тал нь давамгайлсан хүмүүс дээ, энэ улс төрчид.

  “Хувь хүний эрх чөлөө”, “хамгийн бага засагладаг төр”, “татварын дарамт”, “хуулийн дарангуйлал”, “иргэддээ үйлчилдэг төр” гэх мэтээр либертари үзэл, АН-ын ярьж буй зүйл хоёрын хооронд ялгаа байна уу? Ялгаа огт алга, тэгэхээр АН, либертари үзэлтнүүд гэдэг чинь нэг зүйлийн төлөө тэмцэж байгаа юм уу? Огт тийм биш!!! Либертари үзлээс “хулгай” хийсэн улс төрчид АН-д харьцангуй их байдаг учраас уг үзлийг АН-ын үзэл суртал гэж ойлгох явдал их байна. Үнэн хэрэгтээ либертари үзэл нь хувь хүний ба эдийн засгийн амьдралд хөндлөнгөөс оролцож, бусдын мөнгөөр амьдардаг утгаар нь бүх улс төрч, түүний дотор АН-ын улс төрчдийн эсрэг чиглэсэн үзэл-онол шүү дээ.

  АН-ынхан хийгээд либертари үзэлтнүүдийн ялгаатай шинжийг олон түмэнд бүр ч тодорхой таниулах шаардлага одоо бүр хурцаар тавигдаж байна. Уг нь яг энэ сэдвээр хэрээрээ хэлж байсан юмсан, бас л дутуу хэлсэн бололтой. Урьд нь “Демо-кратууд бюро-крат болжээ” (“Ардын эрх”, 2005 оны гуравдугаар сарын 21), “‘Өөд болсон намын’ алтан хайрцгийг нээж үзэхүл” (“Ардын эрх” 2005 оны зургадугаар сарын 08), “Ноорхой дээл шиг болсон ардчилал” (“Ардын эрх”, 2007 оны нэгдүгээр сарын 08), “Монголчуудын либертари үзэл гэдэг софт-стэйтизм төдий зүйл юм гэж үү?!” (“Ардын эрх”, 2007 оны есдүгээр сарын 27), “Таны мөнгөөр танаас илүү амьдрах арга” (“Ардын эрх”, 2008 оны нэгдүгээр сарын 24) гэх мэт өгүүлэлдээ либертари үзэл нь жирийн иргэдийн хувьд АН-ын улс төрчдийн ярьж байгаагаас хамаагүй ээлтэй зүйл болохыг олон хэлсэн дээ.


Ардчиллыг шүүмжлэх эрх надад бий юү?

  Хүн төрөлхтөний асар их тэмцэл, хөдөлмөр, оюун ухаан, хүчин чармайлт, үүх түүхээр бий болсон ардчилал хэмээх институци, нийгмийн феномэнийг шүүмжлэх эрх надад бий бил үү? Ер нь Батчулуун чи яах гээд байгаа юм, социализм, коммунизм, тоталитарианизм, авторитар­ианизм руугаа эргэж орох гээд байгаа юм уу гэсэн асуултанд хариу өгөх явдал энэ өгүүллийн үндсэн санаа болно..

  Монгол дахь ардчилсан хөдөлгөөний түүх, намтрыг би мэдэхгүй. Гэхдээ мэдэхгүй хүнийг бодвол бас мэдэх юм байна аа. Мэднэ гэж ямар утгаар хэлж байна вэ гэвэл би 1988 оны IX сараас 1989 оны I сар хүртэл Москвагийн Их сургууль дээр мэргэжил дээшлүүлж бай­лаа. Манай философийн тэнхмийн хажуухан талд малыш-Энхтүв­шингийн ажиллаж байсан кримина­листикийн лабортори байдаг байв (1989 оны XII сар), мөн өдөр алгасахгүй манай тэнхмээр орж ирдэг хүн бол С.Зориг байлаа (1986-1990 он), бид зэргэлдээ өрөөнд байсан хуулийн тэнхмийн багш нар, түүний дотор Б.Дэлгэрмаа зэрэг хүмүүстэй нийгэм-улс төрийн асуудлаар үргэлж маргацгаана (1986-1990 он), С.Зориг анхны хэвлэлийн бага хурлаа хийх гээд байр олдохгүй байх үед бид философийн тэнхмийн харьяа арай өнгөтэй гэсэн нэг танхимаа гарган өгөх зэргээр дэмжиж байлаа (1989 оны XII сар, энэ хэвлэлийн бага хурал дээр Зоригийн дүү, одоо Иргэний зориг намын дарга, МР С.Оюун, мөн Дарь. Сүхбаатар нар үйлчлээд явж байсан санагдана), Их сургуулийн III байранд математикийн багш нар голдуу хэдэн хүн “дугуйланддаг” байлаа, Баабар МСДН-ын анхны Их хурал дээр илтгэл тавих гээд манай тэнхмийн багш нартай зөвлөх гээд орж ирж байв (1990 оны 3-4-р сарын үед шиг санагдаж байна). Шинэ тутам үүсэж байсан ардчилсан хүчнийг олон түмэнд “түүхий харагдуулахгүйн тулд” жирийн нэг багш би бээр оюун санаагаа бололцооны хэмжээнд ашиглаж байсан (“Үг” сониныг хамгийн олон уншигчтай байх үед тэргүүн бичлэгийн шагнал авсан юм даг).

  1994-1996 оны хооронд Ардчил­сан хүчний “дайчилгаагаар” бараг 18 аймгаар явсан санагддаг. Одоо эргээд бодоход энэ бүхэнд оролцож, сайн муу хэлүүлж явахдаа өөрийгөө ардчиллын төлөө явж байна гэж боддог байсан бол харин одоогийн “ардчилсан бюрокартууд” энэ нөхөр намайг дарга болгохын төлөө ингээд гүйгээд байна гэж боддог байсан бололтой. Хааяа санахаас ч ичих шиг болдог юм. Ач холбогдолгүй юм шиг санагдах энэ бүх зүйлийг яагаад нуршаад байгаа юм бэ гэвэл Монголд ардчиллыг хөгжүүлэхийн тулд би бас зүгээр суугаагүй юм шүү гэдгээ ойлгуулах гэсэн юм. Дээрх үйл явдлууд ардчилалтай шууд болон дам холбоотой байсан билээ. Энэ бүхнийг ардчилал анх үүсэж байх үеийн бүх үйл явцыг хуу мэддэг гэсэн утгаар ярьж байгаа юм биш. Би ардчиллын анхны үйл явцын талаар олон юм мэдэхгүй. Ардчилал анх үүсэж байхад маш том үүрэг гүйцэтгэсэн “Шинэ эрин” (Бат-Үүлийн удирдаж байсан) бүлгэм, Залуу уран бүтээлчдийн зөвлөлгөөн зэргийн талаар тодорхой мэдэхгүй. Үүнээс гадна ардчилсан хөдөлгөөний хөшигний наана цаана янз бүрийн юм болж байсан гэдэг, тэр бүхнийг мэдэхгүй.

  Одоо би Ху намын “шинэ монголчуудад” үргэлж даапаа­луулдаг юм. Чиний хүсэж тэмцээд, амиа тавих гээд байсан нийгэмд чинь би чамаас илүү амьдарч байна шүү дээ гэж. Тийм ээ, энэ нийгмийг би хүсэж байсан, чи хүсэж байгаагүй. Гэхдээ миний энэ амьдрал юугаараа муу байгаа юм, би хэн нэгэн хүнд эд материал, хөрөнгө мөнгө, оюун санаа, ёс суртахууны ямар ч өргүй (нэр төрөө бодсон ийм байдлыг минь хэн ч анзаардаггүй ч гэлээ энэ нь миний хувьд маш чухал зүйл), өөрийн бодож санасныг чөлөөтэй хэлж чадаж байна. Гэтэл чи албан тушаал, эд хөрөнгө, нэр төр, үүх түүх, одоогийнхоо амьдрал гээд бүх юмаараа бусдаас хараат, бусдад барьцаалагдсан, бүх юмнаас айж байдаг хүн шүү дээ. Харамсалтай нь, ийм “недостойный” хүмүүс Ху намд төдийгүй АН-аар дүүрчээ.


АН-д либертари зарчмын үүднээс хандах нь

 Либертари шалгуурын үүднээс авч үзэх юм бол АН нь түүхийн өвдөл цөвдөл болсон. Ингэж хэлж буй либертари үзэлтнүүд гэж хэн юм бэ? Ардчиллын хамгийн аймшигт дайсан-коммунистууд хүртэл бууж өгчихөөд байхад энэ хачин юмнууд чинь ардчиллыг шүүмжилж зүрхэлдэг байна шүү! Ямар гээч дайсан хаанаас гараад ирэв ээ!

  Хүмүүс ер нь мэддэг болов уу, ардчиллыг шүүмжилсэн либер­тари шүүмжлэл бол ардчи­лалд дайсагнагч үй түмэн олиггүй шүүмжлэлээс шал өөр шүүмжлэл юм. Энэ бол ардчиллаас цааш явж, ардчиллыг ардчиллынхнаас гүнзгий ойлгосон хүмүүсийн шүүмжлэл. Үүнийг коммунлаг үзэлтнүү­дэд бууж өгөөгүй индивидуалистуудын шүүмжлэл гэж ойлгох хэрэгтэй.

  Хэдийгээр ардчиллынхан либертари үзэлтнүүдийг үзэн ядаж байгаа боловч өөрсдийнх нь хүсээд байгаа нийгэм либертари үзэлтнүүдгүйгээр ямар ч суурьгүй болохыг ойлгохгүй байна. Ойлго­сон ч зориуд ийм байр суурь баримталж байж болно. Тийм бол тэр нь улс төрчдийн амьдралын нөгөө увайгүй шинж мөнөөсөө мөн.

  АН-ынхан бол үнэхээр хол хоцрогдсон. Гайгүй гэж байгаа нэг нь бусдын талхны үртсээр хооллогсод. Эд үнэнээсээ юм уншдаг хүмүүсийг гүйцэхгүйгээ мэдээд нөгөө Энхсайхан шиг Америкийг дуурайхгүй, Монголын хөрсөн дээр юм хийнэ, буддизм гэхээс өөр хэлэх юмгүй хүмүүс болно доо, хараад байгаарай. Энхсайханы энэ үг бол үнэндээ хоцрогдсон, олон юм ойлгохгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн хүний үг байсан юм шүү дээ. Тэгээд л улс төржсөн ядруухан үг хэлсэн нь тэр.

  Арай оюунлаг түвшинд бол “ардчилал гоё, түүнээс бусад нь муухай” гэх нь үнэхээр яршигтай, улиг болсон хэллэг юм. Хувь хүнийг олонхийн дарангуйллаар дарамталдаг хэрэгсэл болох ардчиллыг капитализм хамгийн өндөр хөгжсөн, хувь хүний эрхийг дээдэлдэг орнуудад хүчтэй шүүмжлэн гарч ирж буй либертари онолын үүднээс ардчилал нь “нуруугаа авахуулсан морь”, “хүн төрөлхтөний өчнөөн жил өмссөн ноорхой дээл” болжээ. Энэ лоозунгоор 20-иод жил гоёсон АН-д уг ойлголтыг өмнөхөөсөө илүү өндөр түвшинд гүнзгий утгаар хэрэглэх болсныг анзаарах сөгөөтэй хүн алга. Нөгөө л хуучин арга барилаараа хамгийн ухамсаргүй хүмүүсийг хуурдаг үг төдий болгожээ. Гэхдээ АН-ынхан бол ойртох, хэлэлцэхийн аргагүй, цус, зовлон шаналал үнэртүүлсэн, хавчлага мөрдлөгө тогтож, хүнийг хүмүүнийх нь хувьд устгахыг эрмэлзэж байсан Ху-намынхнаас хамаагүй дээр л дээ. Гэхдээ л бидний шаардлагыг хангахгүй хүмүүс.

  Ардчилал, эрх чөлөө гэж хоосон бахирагчид бидний нүдэнд инээдтэй харагддаг. Эд бол нэг муу карьерист, улс төрчид. Зүгээр л софт-стэйтистүүд. Тэд сайн төр, сайхан төрийг бид л байгуулж чадна гэж мөрөөдөгчид. Либертари үзэлтнүүд төрийг төрийнх нь хувьд шүүмжил­нэ, түүнээс биш энэ намын төрийг шүүмжилнэ, харин тэр намын төрийг шүүмжлэхгүй гэсэн юм байхгүй. Төр бол хэн ч очсон оюун санаа-ёс суртахууны хувьд эвдэж хаядаг аймшигт механизм. Түүнд очсон ямар ч хүн цусанд улам бүр амтших вампир лугаа бусдын хөлс хүчээр амьдрах таашаалдаа улам бүр автдаг.

  Товчоор хэлэхэд, АН-ынхан бол коммунизмын нөхцөлд либерал ардчилагчид, пост-коммунизын нөхцөлд ардчилагчид, харин ардчиллын нөхцөлд бол софт-стэйтистүүд. Эд Эйн Рандын Роарк шиг хүмүүсийг эхлээд гайхаж хүндэтгэдэг, улмаар айж сүрдэнэ, сүүлдээ түүнд өширхөж үзэн яддаг. Эргэн тойронд маань Роаркийг ойлгодог мөртлөө түүнийг өөрсөд шиг нь төрд очиж хулгай хийгээгүй, бусдыг зусардаагүй, өөрийнхөөрөө байсны төлөө үзэн ядаж, түүнийг унаа­сай, уруудаасай, шалдаа буугаасай гэсэн далд ухамсартаа хөтлөгдсөн Киатин, Тухэй шиг хүмүүс дүүрэн байна.


АН, Ху нам хоёр бол “один чёрт”

  Өнөөдөр АН бол хамгийн шударга нам гэж ярих нь бодит байдалд даанч нийцэхгүй. Олон жилийн өмнө энэ намд үнэхээр сэтгэл татам шинж чанар байсан. Одоо бол хэдэн луйварчин, эрх ямбаны төлөө улайрагсдын нам болсон. Бидний үед АН-ыг сонгоно гэдэг бол аргагүй дэвшилтэт үзэгдэл байв. Харин өнөөгийн нөхцөлд АН-ыг сонгоно гэдэг бол даанч хоцрогдсоны шинж. АН ямар нам болсныг одоо энэ намын лидерүүд, олигархжсан байдал, идээчин уугаачин, хахууль­чин, архичид, хүүхэмсэг эрчүүд харуулж байна.

  Та нар хараа биз дээ, Элбэгдорж МР (парламентийн гишүүн) болох ногоон гэрэлтэй суудлаа хэрхэн МАХН-д тавьж өглөө, АН-ын МР нар хэрхэн нүдний булай болж байж УИХ дахь МАХН-ын бүлэгт элсээд сүүлд нь тэр бүлгэмээс хөөгдлөө, Элбэгдоржтонгууд бол Ху намтай нийлж Монголын Ардчилсан хөгжлийн нам (МАХН) гэдгийг байгуулах гэж байсан хүмүүс шүү дээ (Би үүнийг хүнээс сонсоогүй, ийм нэртэй нам байгуулах тухай үзэгчийн асуулт гарахад Элбэгдорж маш сайхан санал байна хэмээн “Ийгл” ТВ-ээр ярьж байхыг нь өөрийн чихээр сонссон юм шүү). АНУ-аас ирээд АН-д ямар ч албан тушаалгүй байхдаа Ху намд хичнээн тал засдаг байлаа. Ард түмний мөнгийг шамшигдуулагч Хүрэлсүх, Занданшатар, Бадамжунай нарыг шалгах болоод ирэхээр Элбэг­доржийн аутентик дүр төрх хэрхэн илэрч байгааг харсан биз дээ.

  Фройдистууд болон экзистенциалистуудын хэлээд байдаг үнэн шүү дээ, хүний аутентик ахуй жирийн нөхцөлд харагддаггүй юмаа гэж. Яг өөртэй нь адил нэг идээчин уугаачныг мөрдөх шалгах болоод ирэхээр тэд нэгнийхээ зовлонг ойлгодог. Энд нөгөө нам-хүчин энэ тэр хамаагүй болдог, бидний зэргийн хүмүүст энэ зэргийн юм байдаг гэсэн бодол толгойд нь орж ирээд нэгийгээ хамгаалдаг. Хүрэлсүх, Занданшатар, Бадамжунайг хамгаа­­лах шалтгаан Элбэгдоржид байгаа хэрэг, учир нь өөрт нь ч тийм юм байгаа л байхгүй юү, “Мах комбинат” энэ тэр гээд. Хэзээ нэг цагт өөрөө ийм байдалд орно гэдгээ нэг муу зөн билгээрээ мэдэж байгаа хэрэг. Элбэгдоржийн “Ард түмнийг хошгоруулна” гэсэн нь үнэн л байхгүй юу! Түүнийгээ ч хүлээн зөвшөөрчих зүрх зориг байхгүй, “хашгируулна” гэсэн гээд байгаа юм даа. Хичнээн логикгүй, үгээ олж ярьдаггүй хүн ч (тэр тусмаа Элбэгдорж шиг шүлэгч хүн) “би ард түмнийг хашгируулна” гэж хэлэхгүй нь мэдээж. Энэ нөхөр УИХ-д дэвших эмэгтэйчүүдийн квотын асуудал дээр ч гэсэн хэлсэн үгээ мөн л буцсан. Ер нь найдваргүй этгээд дээ.

  МАХН-ын хувьд бол бид энэ улс төрийн хүч­нийг ямар жигшмээр нам байсныг сонссон төдий биш бие махбодиороо мэдэрч, түүнийг үзэн яддаг болсон хүмүүс. Одоогийн АН-д байгаа 30-40-өөд настнуудаас Ху намыг үзэн ядаж, жигшиж байгаа жигшилт бол бидний үзэн ядалт, жигшилтийн хажууд бол эхнэр нөхрийн өдөртөө цайрдаг үл ялих үгийн сөргөлдөөн. Энэ залуучууд коммунистуудын бузар булайг ном, сурах бичиг, хүмүүсийн амнаас л сонссон байх. Нэгэнт өөрсдөө үзээгүй учраас үзэн ядалт нь ч өнгөц.

  Одоо Ху нам АН хоёрт зарчим, үзэл суртал гэж байхгүй, тиймээс үзэл санааны хувьд хоорондоо айхавтар хүчтэй дайс­нууд ч биш, зөвхөн төрийн эрх булаацалддаг хэсэг хүмүүс. Эд одоо Монголын хэдэн том уул уурхайг яаж хувааж идэхээ бодож байгаа, “Таван толгой-Оюу толгой” мэтийг тойрсон хэдэн толгой л болсон. Өөр юм байхгүй. Ху нам, АН хоёр нь өмч хөрөнгө, эрх мэдлийн төлөө намаа байтугай төрүүлсэн эхээ худалдахад бэлэн болсон хүмүүсээр дүүрсэн. Энэ хоёр намын лидерүүдийг харахаар Монгол гэсэн нэг том олз унагачихаад тал талаас нь зулгааж байгаа хоёр том чонын сүрэг санаанд ордог юм.

  Ху-нам, АН хоёр хоорондоо үнэхээр ялгаагүй болсон, нам дамжсан аймгуудын бүлэглэл энэ хоёр намд ноёрхож байна. Энэ хоёр нам нь идсэн ууснаараа барьцаалагдсан хоёр том “чонын сүрэг”. Ийм сэжиг хүрэм байдлаас нь болж сэхээтнүүд энэ хоёр намд ойртохоос дургүйцэж байна. “Один чёрт” буюу англиар “same shit” гэсэн үгийг бид бүхэн мэднэ дээ. Нэгнээсээ дээр гарах гэсэн хоёр муу зүйлийг шоолсон “хоёулаа л адилхан муу ёрын амьтад” гэсэн утгатай үг. Одоо Ху нам, АН хоёр бол яг “один чёрт”-ууд.

  АН-д орж, шинэчилсэн болж харагдах гээд байгаа залуучууд бол улс төр гэдэг бол хамгийн бага хүч зардаг мөртлөө хамгийн тансаг амьдардаг байр гэдгийг мэдэрчихсэн хүүхдүүд. Шинэчлэл гэдэг бол насны асуудал биш. Насан залуу тэгсэн атлаа хамгийн сайн номоор хангаад байхад дандаа дутуу дулим ойлгож байгаа залуучууд хэчнээн олон байна даа, энэ нийгэмд. Ийм залуучууд л АН, Ху намын ирээдүй болж байна шүү дээ. Биологийн нас, нийгмийн нас гэдэг бол шал өөр зүйлс юм байна лээ. Биологийн хувьд насан залуу атал шал хөгшин сэтгэлгээтэй, арга ядахад сэтгэх, дүгнэлт хийх, логик гаргалгаа хийх чадвар нь сул хүмүүс хэт олширчээ. Тэд хүний хэлснийг давтаж, аль эсвэл санааг нь хулгайлж өөр үгээр бурахаас өөр юм хийж чаддаггүй. Үндэслэгээний хамгийн муу хэлбэр болох “элэг барьж, мэдэмхийрэн үндэслэх” (argumentum ad ignoratiam) юмуу “завшиж үндэслэх” (argumentum ad baculinum) арга дээр тулгуурладаг. Тэгсэн атлаа бас “хувьсах логик” гэсэн хаана ч байдаггүй юм яриад байгаа юм шүү. Элэг барьж үндэслэж байгаа нь тэр. “Хувьсах логик” шүү! Хаанаасаа юу олж сонссон шүү юм бол доо. Философи, логикийн мэдлэггүй хүн бол “хувьсах логик” гэдэг нэг цоо шинэ, мундаг логик гараад ирсэн юм байлгүй гэж бодох байх л даа.

  Одоо АН-ыг дэвшилтэт хэмээн сонгох гэж байгаа хүмүүс үнэхээр алдаж байна. Дэвшилтэт бай­сан үе нь түүх болжээ. 1990 он гэхэд дэвшилтэт байсан юм, үнэхээр сэтгэл татам үйл ажил­лагаа явуулж байсан. Гэхдээ тэр нь энэ намыг дэмжиж байсан жирийн олон хүний хөлс хүч, идэвх зүтгэлээр бүтдэг үйл ажиллагаа байсан юм шүү. Тэр үед энэ намыг дэмжиж байсан олон хүн ажил амьдралаараа хохироод харин хэдхэн тооны хүмүүс хожоод үлдсэн. Тэгэхээр та одоо прогрессив зүйлийг регрессив болчихсон хойно нь сонгох гэж байна. Тэр үед бид­ний сонгож байсан АН-д үнэхээр хүн хүч хэрэгтэй байсан, хамгийн гол нь тэр үед энэ нам идээчин-уугаачингууд, эрх мэдэлд улайрагс­дын нам биш байлаа. Залуус та нарын ном сурах бичиг, хүмүүсийн амнаас сонсож буй аймшигт зүйл болох коммунизм тэр үед бодит хүч байсан юм. Харин өнөөдөр АН өөрөө тийм байр суурин дээр оччихоод байна. Ийм үед АН-ыг сонгож байна. Ер нь энэ 18 жилийн хугацаанд ардчиллаас хэн хамгийн их хожсон, хэн нь дандаа хамгийн түрүүнд явсан мөртлөө дандаа хохирч үлдэж байсан тухай асуудал бол сонирхолтой атлаа “хамгийн эвгүй” сэдвүүдийн нэг мөн.

  Гэхдээ энэ нам дотор жирийн хүмүүсийн төлөө тууштай хэвээр үлдсэн хүмүүс өдрийн од шиг боловч бас байна. Ард түмнийхээ дунд шударга үнэний дуу хоолой-билэг тэмдэг болсон Бат-Үүл шиг хүмүүс дээр л энэ намын нэр хүнд тогтож байна. Зүй бус замаар олж авсан өмч хөрөнгө, албан тушаалгүй тэрээр 1990 онд ямар байсан яг тэр чигээрээ нам доторх бусармаг зүйлийн эсрэг тэмцсээр. Ийм хүмүүсийг ямар ч албан тушаал, эд хөрөнгө нугалахгүй. Нугардаг нь хүмүүс нугараад, халширдаг хүмүүс нь халшраад дуусч байх шиг байна. Хамгийн их итгэж байсан хүн маань хүртэл саявтар миний хувьд юу ч биш болохоо харууллаа. Ялгарах үйл явц дуусч байх шиг байна.

  Намайг сонгуульд оролцохгүй тухайгаа бичсэн чинь (2008 оны нэгдүгээр сарын 24-ны “Ардын эрх”-д гарсан Таны мөнгөөр танаас илүү амьдрах арга хэмээх өгүүлэл) АН-ынхан л хамгийн их хорсож, үзэн яддаг юм байна. Явж явж эд нар чинь хүлцэнгүй тэвчихүйгээ хамгийн их алдсан нөхөд байна шүү. “Бидэнтэй биш л бол бидний дайсан” гэх нь шив дээ. Муухай тулгалт хийж байгаа юм шүү. Тулгалт ч биш бүр хүчирхийлэл. Бие даасан, өөрийн бодолтой, улс төр-сонгууль зэргийг сонирхдоггүй хувь хүн байж болохгүй юу! Тэгвэл дахиад хэлье, би тэр сонгуульд чинь оролцохгүй. Та нарыг би өөрийнхөө мөнгөөр өөрөөсөө илүү тансаглуулахын тулд та нарын төлөө сонгуульд оролцох ёстой юм болж байна уу? Гэхдээ оролцох эрхтэй хүмүүст ч саад хийхгүй, хэрэв тэдэнд хандаж өөрийн бодлоо хэлэх бололцоо олдвол МАХН, АН хоёрт саналаа битгий өгөөрэй гэнэ. Тэгээд ч намайг өөрийн төлөө саналаа өгөхийг албадаагүй, өөрийн сонголттой байх эрхийг минь хүлээн зөвшөөрсөн (“free to choose”), хамгийн гол нь эвдэрч амжаагүй, жирийн хүмүүсийн төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэх-сэтгэл нь бадарч байгаа дээр нь хамгийн том Иргэний Эвсэлд саналаа өгмөөр санагдаад явчих­сан шүү.

  Либертари үзэлтэй хувь хүмүүс коммунизм өндөлзөөд ирсэн тохиолдолд АН-тай нийлнэ, түүнээс бусад тохиолдолд тэдний софт-стэйтист байр сууринд үргэлж шүүмжлэлтэй хандах болно. Гэхдээ коммунизм эргэлт буцалтгүй нурсан болохоор бидний зам бараг огтлолцохгүй биз ээ.

  АН түүхийн өвдөл цөвдөл болсон, харамсалтай нь чалхгүй нөхөд байсан учраас даанч цөөхөн жилийн дотор зэвэрчихэв ээ, хөөрхий! Төрд очсон бүгд ялзардаг л даа, гэхдээ эд даанч амархан ялзарлаа.

0 件のコメント:

コメントを投稿